МАН-ынхан 2020 оны сонгууль хүртэл эв түнжингээ олж амжихгүй нь бололтой. Учир юу гэвээс саяхан л Су.Батболдыг нийлж байгаад түлхэн унагаж байсан МАН-ын генсек Д.Амарбаясгалан, Хотын мээр С.Амарсайхан нар бие бие рүүгээ муухай хараад эхэлсэн байна. Уг нь С.Амарсайханыг дэмжээд НИТХ-ын даргаас Хотын мээр болгохоор ажиллаж байхад нь МАН-ын генсек Д.Амарбаясгаланд намынх нь тулхтай гишүүд “Наадах чинь буцаад боргож мэднэ шүү. Та мэднэ биз дээ. Зүгээр үү” гэж байжээ. Гэвч генсек Д.Амарбаясгалан С.Амарсайханыг зүтгүүлсээр байгаад мээр болгосон.

Олны яриа ортой гэдэгчлэн мээр болоод удаагүй С.Амарсайханы гууль цухуйж НЗДТГ дээр жинхэнэ бярыг харуулж эхэлсэн аж.
Намын генсекийн хувьд “санал” болгосон хүмүүсийг албан тушаалд тавихгүй гэдгээ илэрхийлж “Намын удирдлагууд шахаад байсан ч гацаах замаар  томилгоог барина. Хот дээр миний эрин үе ирсэн” хэмээн өөрийн бүрдүүлсэн шинэ багийнхандаа хэлсэн гэх. Мөн Хотын мээр болоод удаагүй байхдаа НИТХ-ын төлөөлөгчдийг гэртээ урьж дайлах үеэрээ “Та нар намын   удирдлагууд гэж өөр хүн хараад байх хэрэггүй шүү. Би байна. Миний дээр хүн бий. Төв намын удирдлагууд, Нийслэлийн намын дарга ч надад тушаахгүй. Хэнийг дагахаа өөрсдөө мэдээрэй” гэж сануулсан тухайг тус намын амтай бүхэн л ярьж байна. 
Эдгээр үг МАН-ын генсек Д.Амарбаясгаланд хүрсэн бөгөөд энэ талаар лавлахад нь “Би тэгээгүй” гэж гүрийсэн тухай Хотын захиргаа, Нийслэлийн МАН хавиар ярьж байна.

Генсекээ үл тоосон Хотын мээр АН-ын гишүүнийг дарга болгоно

Гэвч Хотын мээр дээрхийг үгээр биш үйлдлээр үзүүлэх болжээ. Хэлж байснаараа томилгоог удаашруулж, Д.Амарбаясгалангийн гар хөлийг бага оруулна гэсэн бодлого барьж буй ажээ. Тухайлбал, бид өчигдөр Хотын мээр С.Амарсайхан АН-ын гишүүн, Газар зохион байгуулагч мэргэжилтэй Б.Ууганбаяр гэгч мэргэжлийн бус хүнийг Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын албан тушаалд томилохоор зэхэж буй тухайг мэдээллсэн. Манай нийтлэл гарсны дараа сошиалд Монголын нөлөө бүхий архитекторууд эсэргүүцлээ илэрхийлж өөрсдийн үзэл бодлоо бичиж Ерөнхий сайдад энэ асуудлаар мэдэгдэл хүргүүлэх тухайгаа бичсэн байв. Учир нь тус албан тушаалд томилогдох хүн нь 12 жил мэргэжилээрээ ажилласан сүүлийн дөрвөн жил ТЗ-9 ангиллаар ажилласан хүнийг томилж болно хэмээн ажлын байрны шалгууртаа заасан байдаг байна. Гэтэл Хотын мээр Нийслэл хотын амин чухал асуудлыг шийдэж оюун бодлоо уралдуулан ажиллах ёстой энэ албан тушаалд аль ч засгийн үед албан тушаалтай байдаг АН-ын гишүүн Б.Ууганбаярыг ийнхүү зүтгүүлээд байгаа нь маш том эрх ашиг нуугдаж байна гэдгийг илтгэж буй билээ.

Хэрвээ Хотын мээр үнэхээр сэтгэлтэй нэгэн байсан бол тус албан тушаалд мэргэжлийн төдийгүй ажлын байрны шалгуур хангасан мундаг боловсон хүчинд Хот байгуулалт хөгжлийн газраа хариуцуулах байсан нь лавтай. Гэтэл түүнд иргэдийн амь нас чухал бус зөвхөн хэмжээлшгүй эрх мэдэл л хэрэгтэй байжээ. Дээр хэлсэнчлэн Хотын мээр яагаад Б.Ууганбаярыг ийм чухал албан тушаалд томилох гээд байгаагийн нь судлаад үзтэл нэгэн хачирхалтай албан бус мэдээлэл бидэнд олдсон юм.

Тодруулбал, Б.Ууганбаярын эхнэр  Т.Пүрэвхатан нь Хотын мээрийн хамаарал бүхий “Оюуны Ундраа” компанид зөвлөхийн ажил хийдэг гэнэ. Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол С.Амарсайхан ашиг сонирхлын зөрчилтэй төдийгүй хууль зөрчиж байна гэсэн үг. Бид энэ талаарх мэдээллийг дахин судалж буй учраас баттай болсных нь дараа илүү дэлгэрэнгүйгээр мэдээлэх болно. Үүгээр ч зогсохгүй Б.Ууганбаярын эхнэр Т.Пүрэвхатан нь АН-ыг засаг барьж байх үед Аж үйлдвэрийн яамны хэлтсийн даргаар ажиллаж байхдаа хуурамч захирамж үйлдсэн хэрэгт холбогдож нэр бүхий дүүргийн газрын дарга нарын хамтаар Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан тухай мэдээллийг ч хүргэх болно.

Ямартай ч нэр нүүрээ барж намынхандаа адлагдан журмын хоёр андаа намаасаа хөөлгөн байж С.Амарсайханыг одоогийн энэ өндөрлөгт авчирсан МАН-ын генсек тухайн үед шатрын нүүдэл хийж түүнийг л Хотын мээр болгоод авбал бүх хэрэг бүтэх нь тэр гэж бодож байсан тэрбээр энэ удаад алд дэлэм байтугай андуурчээ.

Тиймээс л одоо Д.Амарбаясгалан хотыг өөрийнхөө хүссэнээр хөдөлгөж чадахгүй их л ууртай байгаа тухайг НИТХ-ын төлөөлөгчид жуумалзан ярьж байх нь инээдтэй. Ямартай ч энэ бүхэнд МАН-ын генсек Д.Амарбаясгалан одоогоор ямар нэг хариу арга хэмжээ аваагүй. 

Михайлд нэг бодол бий гэдэг шиг тун удахгүй МАН-ын генсек, Хотын мээр хоёр ил гарч зодолдоно гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Тэр үед тэдний хэн нь хүчтэй вэ гэдэг харагдах юм.

Үргэлжлэл бий... 

www.erennews.mn