Х.Тэмүүжин сайдаас “нөхөд” нь чийрхэж эхэллээ. Бүр нарийн яривал түүнийг эгнээнээсээ жийж байна. Мөрдөн байцаалтын нууц задруулж, хавтаст хэрэг дэлгэх болсон нь партизануудад таалагдсангүй.

Энэ бүхнийгээ шинэчлэл гэж ярьж суугаа нь Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягт хүртэл таалагдахгүй байна, цаана чинь. Чаддаг бол Х.Тэмжүүжин сайдыг алгадаад авахад ч бэлэн байгаа бололтой юм. Нүүрэн дээр нь хэлж чадахгүй байгаа ч санаагаа хэвлэл, хуудсаар дамжуулан дайх боллоо. Шуудхан хэлэхэд, Х.Тэмүүжингээс “ангижрах” цаг болжээ гэх утга ч тэдний амнаас цухалзаж байна.

Хамгийн сүүлийн жишээ л гэхэд гуравдугаар сарын 23-нд Бааварын хоригдож байсан тусгаарлах өрөөнд учир битүүлэг байдлаар гал гарлаа. Гол нь хэргийн талаар албаныхан олон янзын хариулт өгч, ар гэрийнхэн нь өөрсдийн байр сууриа илэрхийлээд буй. Хорих ангид тэр дундаа тусгаарлах өрөөнд байсан хоригдол өөрийгөө шатааж чадах уу. Түүнчлэн хэргийн гогцоог тайлах камерийн бичлэг яагаад устав. Үүнээс үзэхэд гадны нөлөөтэй үйлдэл гэсэн таамаглалыг хуулийн байгууллагынхан дэвшүүлсэн. Хариуцаж байгаа салбарт тань амьд хүн “борцлогдох” шахсан хэрэг гарсныг дуулсан байлгүй, Х.Тэмүүжин сайд. Зүй нь салбарын сайд хэдийнэ буруугаа хүлээгээд албан тушаалаасаа огцорчихсон баймаар. Харамсалтай нь, манай оронд улс төрийн ийм ёс суртахуун бүрэлдэн бий болоогүй тул тухайн цагдан хорих ангийн хэдэн албан тушаалтныг ажлаас нь чөлөөлснөөр хэр­гийг дарах шинжтэй.

Салбарын сайд энэ бүхнийг чихнийхээ хажуугаар өнгөрөөж, чимээгүй байсаар хариуцлагаас мултарч мэдэх л юм. Гэхдээ жинхэнэ утгаар нь шинэчлэл хийх гэж зориглож яваа АН-ынхан энэ бүхнийг хав дараад өнгөрөхгүй байлгүй. Ямартаа л Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэвлэлийнхэнтэй уулзахдаа “Нуугаад байх зүйл байхгүй. Нотолгоо нь олдохгүй байна гэнэ. Ямар асуудал гарсан бэ гэдэг дээр бичлэгийг нь харуулчих хэрэгтэй. Үүнийг л ил тод мэдээлэх нь чухал. Хэрэв чадахгүй бол ажлаа хүлээлгээд өгчих хэрэгтэй. Гэтэл ажлаа хүлээлгээд өг гэхээр Төрийн албан хаагчийг халлаа гээд ярьдаг байхгүй юу” хэмээн тодотгов. Цаад утгаараа Х.Тэмүүжин сайдыг ажлаа хүлээлгээд өгчих өө л гэсэн санаа хэмээн намын нөхөд нь цайны хачир болгон хуучилна.

Мөн Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын зөвлөх А.Ганбаатар “Мэдээж хэрэг, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд ямар үнэ цэнэтэй билээ. Хэдийгээр гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа ч гэсэн Монголын төр иргэнийхээ эрүүл мэнд, амь насны төлөө ямагт санаа тавьдаг байх ёстой. Гол нь тэр хүнийг шатаж байх үеийн камерын бичлэг байх ёстой. Гал гарах үед яагаад тэр хүнд тусалсангүй вэ. Хэрэв камерын бичлэг хийгдээгүй бол яагаад. Техникийн саатал байв уу. Эсвэл ерөөсөө бичлэгийг устгасан уу. Аль ч тохиолдолд энд хууль хэрэгжүүлэх байгууллагын хариуцлагын асуудал гарч ирнэ. Нөгөөтэйгүүр хэрэв хо­хирогч биедээ гал гаргах зүйл авч орсон бол яагаад түүнийг нь шалгалгүй нэвтрүүлэв гэсэн асуулт гарна. Энэ бол аль ч утгаараа хариуцлагын асуудал. Ингэж хууль завхруулж, иргэдийг эрүүл мэндээр нь хорхироож, амь насыг нь хутганы ирэн дээр аваачиж буй албан тушаалтнуудтай хатуу хариуцлага тооцох нь зөв гэж Ерөнхийлөгч хэлсэн” хэмээв. Гол нь миний байр суурь гэхээсээ Ерөнхийлөгчийн үг шүү гэдгийг тодотгон байж онцолсон юм.

Гэхдээ хариуцлага тооцох учиртай гээд хатуу хэлээд өнгөрөх биш ажил хэрэг болгох нь чухал. Хорих ангийнхныг ажлаас нь халаад хариуцлага тооцчихдог юм байж. Тэгвэл салбарын сайдад нь ямар арга хэмжээ авах вэ. Сонголт бий гэж үү. Дахиад хэлэхэд Монгол Улс хуультай орон. Тэр хуулийг завхруулсан хэн ч байсан зохих ёсны шийтгэлээ хүлээдэг байх ёстой. Энэ бол Төрийн тэргүүний байр суурь. Шударга л байцгаая. Тэгэхээр Х.Тэмүүжинд хоёр л сонголт үлдлээ. Эхнийх нь өөрийн хүсэлтээр хариуцлагаа ухамсарлаад албан тушаа­лаасаа огцрох. Эс бөгөөс Ард­чиллын партизануудын их цэвэрлэгээнд өртөж, ичгэвтэр байдлаар суудлаасаа буух.

Эрх баригчид хэдийнэ их цэвэрлэгээ хийхээр хэлэлцлээр явуулаад эхэлчихсэн. Тэр ч бүү хэл, намын нэрээр парламентын босго алхчихаад том дуугарах болсон зарим нэгнийг эргүүлэн татахаар ярилцаж буй. Энэ талаар хуулийн төсөл ч боловсруулан өргөн барих тухай зарим нэгний амнаас цухалзаж байна лээ. Эргүүлэн татагдах хүмүүсийн нэрс ч захаасаа ил болчихсон. Ийм үед Х.Тэмүүжингээс залхаж байгаа партизанууд түүнийг шүүрдээд хаяхад юу л алдав гэж. Анхнаасаа л түүнд сайн байгаагүй юм хойно. Өмнөх парламентад байхдаа Ж.Батзандан шиг ганцаардаж явсан намтар түүнд бий. Долдугаар сарын 1-ний хэргийн талаар уудалж, сумны хонгио гаргаж үзүүлснийхээ төлөө элдвээр цоллуулах болсон гээд мань эрд сайн гэхээсээ саар дурсамжууд олон. Хатуу самар гэгддэг Ц.Нямдоржтой хэл амаа ололцохгүй, үргэлж тэрсэлдэж байсныхаа хүчинд олонд танигдсан нь тус болж энэ удаагийн сонгуулиар намын жагсаалтад тун дээгүүр цойлсон юм. Үнэндээ түүнд нэр дэвших тойрог олдоогүй. Иймээс энэ нөхрийг delete-ллээ гээд АН-ынханд алдах юм нэгээхэн ч үгүй.

“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт хүртэл хэрэг явдлыг хачирлаад эхэллээ шүү дээ. Мань эр сайд Х.Тэмүүжинг халз мэтгэлцээнд дуудаж байгаагаа өчигдөр зарласан. Тэрбээр Хууль зүйн сайдыг ард түмнийхээ төлөө шүүх, хуулийн шинэчлэлийг оновчтой, бодитой хийнэ хэмээн итгэж явсан аж. Гэтэл түүний олон дахин давтан ярьж, хүмүүст цээжлүүлэх гээд байгаа шинэчлэл нь бодит амьдралтай нийцэхгүй, хоосон болж хувирах болсон тул дуэлд дуудахаар шийджээ. Юутай ч хувь, хувьсгалын тохироо бүрдэв гэгчээр тэнэсэн сум Х.Тэмүүжин сайдыг онож “шархдууллаа”.

 Л.НИНЖСЭМЖИД