Пентатоник наадмын таван удаагийн шагналт ая зохиогч, продюсер Өөжгий буюу Д.Өлзий-Орших өөрийн "Гитартай танилцсан түүх"-ийг цувралаар хүргэж байгаа билээ. 

Би уг нь басс гитарчин

1985 онд Пионерын ордны цахилгаан хөгжмийн дугуйланд банзан гитар 3 сар балбасны дараа тэр үеийн Чех, Ардчилсан Герман улсад үйлдвэрлэсэн цоо шинэ ком хөгжим ирлээ. Батболд багш намайг шууд басс гитаранд хуваарилав.

Уг нь гитар 6 утастай байгаад байдаг.
Харин нөгөө басс гэгч нь шал өөр 4 бүдүүн утастай сонин юм байдаг.
Хамтлагт л орж байвал бассчин, барималчин, балинчин, балетчин алийг нь ч хийсэн хамаагүй тул шууд л дуун дээр зөвшөөрлөө. Басс гитарын анхан шатны ойлголтгүй бацаан эхний үед ч баларсан.
Хагас жилийн дараа тухайн үеийн хүүхдүүд дотроо харин супер бассчин болж тодорсондоо /ха ха/.
"Никитон" хамтлагийн агуу басс гитарч Цогоо миний анхны шавь гээд л бодчих.
 

Басс гитарчнаас Соло гитарчин болсон нь


Пионерын ордны "Солонго" хамтлагт басс тоглож эхэлснээс хойш хувь тавилантайгаа бүр эвлэрээд 24-р сургуульдаа ч басс, энд тэнд хаа нэг тогловол дандаа басс гитар тоглосоор 3-4 жил өнгөрлөө.
10 төгсөөд Их сургуульд конкурс өгөөд унав. Нөгөө хуульч юм уу, түүхч ч юм уу болно гэсэн чиг шугам дээрээ хатуу зогссон байсан тул дахиад нэг жил хүлээх хооронд ажил хийж үздэг юмуу  гэсэн бодол төрөөд ажил хайж үзлээ.

Санаанд таарахаар юм олддоггүй ээ. Нэг өдөр Хоовон Энхбаяр ах Хилийн Цэргийн ансамбль дээр хүрээд ирээч гэж байна. Хилчин хамтлагт гитарчин бөгөөд Найрал хөгжимд нь контрабасчин хийх боломж байна.
2-3 сар сургууль хийгээдэх гэж байна.
Тэгье л гэлээ.
Тэгээд нэг контрабастай үзэж тарлаа.
Өдөржингөө нэг жижгэвтэр заалны дээд мухрын өрөөнд нөгөөдөхөө хөрөөдөө л.
Нэг өдөр дуучин Сийлэгмаа тэр зааланд 1 хүнтэй орж ирснээ Хөөе чи наад нэг юмаа чимээгүй байлгаж бай! Би энд юм ярьж байна гэж загнаад л.
Би ч чимээгүй ярьж дуусахыг нь хүлээж суугаад л
Иймэрхүү маягтай хэсэг байж байтал тэр үеийн Улаан-Од сонин дээр Соёмбо хамтлагт гитарчин авна гэсэн жижигхээн зарлал гардаг юм даа.
Тэр үед Соёмбо тэр үедээ трэнд болсон олон хит дуутай их том хамтлаг байлаа.
Шалгаруулалтанд нь гүйгээд очлоо.
Харангын Чука ах тэр үед Соёмбын басс гитарчин байсан.
Намайг шалгалаа.
Авна л гэж байна.
Би бөөн баяр.
Ингээд ажилд орлоо доо.
Сарын 300 төгрөгний цалинтай дагалдан хөгжимчин.
Маньдаа бол хаваасаг ш дээ тэр үед бол.
Тэгээд хэд хонож байтал Чука ах Хоршооллын гуанз байгуулж, өөрөө тогооч хийнэ гээд ажлаасаа гарчихав. Тэр үед армиас халагдах маш хэцүү, бараг боломжгүй зүйл. Учир нь тангараг өргөсөн цэрэг эр тушаалаар л дуусан дуустлаа явдаг үе байлаа шүү дээ.
Ер нь ах нар Харангыг байгуулах гэж ажлаасаа гарах гэж нилээн юм болсон сураг байдаги юм.
Тэгээд Чука ахыг гарснаас хэд хоногийн дараа Балжаа гэж нэг гитарчин цэргээс улираад Соёмбод орж ирэв.
Юун үзсэн Баагий билээ гээд бодоод байсан чинь 1988 нөгөө тэмцээн дээр рок дуулаад хөөгдөж байсан Улаанхуарангын миний үеийн залуу байлаа.

Нөхөр соло гитар маниасаа гоё тоглоно. Хоёулаа болсон юм чинь аль гитараа хэн нь тоглох уу гэдгээ хэлэлцлээ.
Басс гитарт хоёулаа дурлаад байдаг.
Балжаа намайг ятгаж дөнгөв.
Мань хүн их том гартай.
Найзаа чи миний энэ хүрз шиг том гарыг хар л даа.
Соло гитарын жижигхэн даралтан дээр өргөдөөд багтахгүй хэцүү байна ш дээ гэхчилэн манийгаа хөөрхөн уяраагаад /ха ха/. Ингэж л соло гитарчин болсон юм даа би.
Балжаа маань харин тасарцан басс гитарч болсон. Одоо Хятадад тоглож байгаа.

Холбоотой мэдээ:

Өөжгийгийн гитартай танилцсан түүх-1

Өөжгийгийн гитартай танилцсан түүх-2