Ардчилсан нийгэмд дээрэм байдаггүй гэх яриа байдаг. Яриа ч гэж онол талаас нь яривал илүү зохилтой байх. Тэр хэрээр төрийн өн­дөрлөгт гарсан улстөрчид дор бүрнээ “Ардчилсан төр хэзээ ч иргэнээ, баялаг бүтээгчээ дээрэмддэггүй” хэмээн номчирхох нь бий.

Гэтэл бодит амьдрал дээр тэдний яриа оргүй хоосон мэт замхран алга болж, төр жинхэнэ утгаараа дээрэмчний дүрд хувирчихаад байна. Түүний нэг жишээ нь Харилцаа холбооны зохицуулах газрын гардан гүй­цэтгэсэн дээрэм юм.

Энэ дээрмийн хохирогч нь улаанбаатарчууд бүгдээрээ. Тэр дундаа гэр хорооллынхон. Амьдралдаа хэрэгтэй бүх­нийг худалдан авч чадахгүй ч гэлээ үр, хүүхдээ дэл­хий нийттэй чөлөөтэй холбогдох замаар өөрөө, өөрийгөө хөгжүүлээсэй хэмээн хүсэгчид. Цаашлаад хилийн чанадад суугаа үр хүүхэдтэйгээ холбогдох гэж интернэт кафегаар нэг хаш­гирч, уйлж, инээж суудаг тийм л эгэл иргэд... Харамсалтай нь Харилцаа холбооны зохицуулах газрын удирдлагуудад энэ санаачилга таалагдсангүй. Таалагдаагүй учраас Улаанбаатар хотын энгийн иргэдийн эрх ашигт үйлчлэх зорилготой байсан утасгүй интернэтийн сүлжээг бүхэлд нь тасалж, санаачлагчдынх нь “Хотоо бүхэлд нь WiFi-жуулна” гэх зорилгыг нухчин дарсан байх юм.

Уг төслийг хэрэгжүүлэгч нь “Гачуурт” тэргүүтэй үндэсний үйлдвэрлэгчдийн хамтарч бай­гуулсан “Номсис” ХХК. Ком¬панийн зорилго нь дээр бичсэнчлэн Улаанбаатар хотыг бүхэлд нь интернэтжүүлэх. Тэр дундаа интернэтийн төлөө төлбөр төлж, амьдралдаа ашигтайгаар ашиглах боломжгүй байгаа тэр иргэдийг дэлхийтэй холбох. Энэ талаараа тус компанийн үүсгэн байгуулагч Г.Бат-Эрдэнэ “Улаанбаатар хотын гэр хорооллыг бүрэн WiFi-жуулахыг мөрөөдөн түүнийхээ төлөө ажиллаж байна” гэж байсан. Харин өнөөдөр тэрбээр “Харилцаа холбооны зохицуулах газраас уг төслийг нь зогсоосноор Улаанбаатарын нэг сая иргэдийг өндөр хурдны интернэттэй холбох ажлыг боомиллоо” хэмээх болж.  Гол нь төслийг эхлүүлэх санаачилга нь бичиг цаас төдийхөн байсан бол өөр хэрэг. Гэтэл одоогийн байдлаар гэхэд 250 мянган иргэний ажиллаж, амьдарч буй орчныг WiFi-жуулахад бэлэн болоод байгаа юм.

Хамгийн инээдтэй нь Харилцаа холбооны зохицуулах хороо үүндээ ямар ч тайлбар хийгээгүй бөгөөд “Та нар хийхгүй. Төр үүнийг хийнэ” гэсэн ганцхан хариулт өгсөн гэдэг. Үндэсний хөрөнгө оруулагч өөрөөсөө бүхэл бүтэн таван сая ам.доллар гаргаж, өөрсдөө эрсдлээ дааж эхлүүлээд байхад шүү дээ. Хэрэв төр ийм хэмжээний санхүүжилт гаргаж, ажлаа эхлүүлсэн бол УИХ-ын 76 гишүүн нэг, нэгээрээ уралдаж очин тууз хайчлах байсан. Гэтэл үндэсний үйлдвэрлэгчид бие дааж хийх гэхээр ингэж хааж, боодог аж.

Мэдээллийг илүү тодорхой болгоё. Уг төслийн хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд 400 гаруй айлын хашаанд техник, тоног төхөөрөмжөө байрлуулж, 300 мянга орчим айлыг интернэтэд холбоход бэлэн болчихсон байгаа. Ирэх оны өдийд гэхэд мянга гаруй айлын хашаанд байрлуулснаар хоёр жилийн дотор сая хүнийг интернэтэд холбож амжих байж. Ингэснээр иргэд хоёрхон ам.долларын өртөгтэй интернэтийн сүлжээг хүссэнээрээ эзэмших боломжтой болно. Харамсалтай нь энэ бүхэн өнгөрсөн цаг. Харилцаа холбооны зохицуулах хороо өөрсдийн шийдвэрийг эргэж харахгүй л бол энэ бүх таатай нөхцөл бий болохгүй гэсэн үг. Улмаар “Номсис” компанийн залуус 76 тэрбум төгрөгөөр Монгол Улсын бүх сумыг, бүх аймагтай бүрэн утгаар нь WiFi-жуулах боломжтой гэх тооцоог хийсэн байдаг. Гэхдээ Улаанбаатарт хэрэгжүүлэхийг нь хориглож чадсан тэд хөдөө, орон нутаг руу бол бүр ч тавиулахгүй байж мэднэ. Энэ бол төрийн дээрмийн нэг жишээ.

Магадгүй иргэдээ харанхуй бүдүүлгээр нь үлдээж, дэлхийн хөгжлийг харах нүд, чихгүй байлгахыг хүссэндээ төр ингэж хатуу хандсан байж мэднэ. Эс бол төрийн нэрээр хөлжигсөд өөрсдийн халаасаа зузаатгах боломжийг олж харсандаа хэрэгтэй санаачилгыг нь таслан зогсоосон ч байж мэдэх юм. Энэ бол монгол төрийн үнэн нүүр царай. Нүүрэн дээрээ “Иргэдэд интернэт хэрэгтэй” хэмээн чанга гэгч нь тунхаглаж, сонгуулийн сурталчилгаа хийдэг хэрнээ нүүрнээс далд тэд ийм л ажил хийдэг аж. Үүнийг нь “Монголын төр иргэдээсээ интернэтийн эрх чөлөөг дээрэмдлээ” хэмээн тодорхойлж болох бөгөөд сайн үйлсэд саад мундахгүй гэдгийн үнэн жишээ нь энэ бөлгөө.

 

Г.Отгонжаргал