Энэ долоо хоногийн сүүлийн өдөр улс орны нэр дэлхийн чихэнд муу мэдээгээр үдлээ. Өдгөө ч БНСУ-ын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслээр болсон хэрэг явдлын талаар мэдээлсээр байна. Тодруулбал, манай улсын хуулийн манаач болох Үндсэн хуулийн цэцийн дарга 52 настай Д.Одбаяр нь онгоцны үйлчлэгчийн өгзгөнд гар хүрсний улмаас бэлгийн дарамт учруулсан хэрэгт орооцолдов. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг эндээс

Улс төр: "Монголын Үндэсний Фронт" нэртэй нэгдсэн хөдөлгөөн байгуулагдсан. Тэгвэл эл хөдөлгөөний үйл ажиллагааг Ерөнхийлөгч бүрэн дэмжиж ажиллана гэсэн нь нэлээд шуугиан дэгдээв. Ерөнхийлөгч хоёр зүйлийг бүрэн хүлээн зөвшөөрсөн. 1-т  "Монголын Үндэсний Фронт" -ыг бүрэн хүлээн зөвшөөрсөн, 2-т Монгол төр мухардалд орсныг хүлээн зөвшөөрсөн талаар Б.Баярмагнай мэдэгдлээ. Энэ талаар эндээс уншина уу

Төрийн албанд хуурамч дипломтой ажиллаж байна гэх асуудал үеийн үед гардаг.  Сургуулийн захирлаас эхлээд дүүргийн Засаг даргаар хүртэл ажиллаж байсан тохиолдол бий. С.Чинзориг сайдын цээжээрээ хамгаалдаг Х.Цэгмид хуурамч дипломтой юу

Нийгэм: Хогийн цэгээс малын гүзээ түүж, нийслэл рүү тээвэрлэж байв. Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газарт 2019.10.28-ний өдөр “Аймгийн хогийн цэгээс малын гүзээ түүж тээвэрлэж байна” гэсэн гомдол мэдээлэл ирсний дагуу шалгахад иргэн Б нь хогийн цэг дээрээс гүзээ түүж Улаанбаатар хотруу тээвэрлэж байсан нь тогтоогдсон тул холбогдох хуулийн дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

Иймд хувь хүний гар дээрээс, гарал үүсэл нь тодорхойгүй малын гаралтай хүнсний түүхий эд бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг сэрэмжлүүлж байна. 

2019 оны 10 дугаар сарын 29-ний 21 цагийн орчмоос эхлэн Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг хуулийн байгууллагууд хамтран гүйцэтгэх ажил явуулж, БНХАУ-ын 800 гаруй иргэнийг баривчилжээ. 

Тэднийг СБД-т байрлах “UNION building”, БЗД-т байрлах "Амар", "Ориентал", БГД-т байрлах "Кентавр" зочид буудал гэсэн гурван байршлаас баривчилсан байна. 

БНХАУ-ын иргэд нь монгол сим бүхий үүрэн холбооны 10 мянга орчим дугаар, өндөр хүчин чадалтай 1000 орчим компьютерийг хэрэглэж байжээ. Саатуулах ажиллагаа явуулж буй цэгүүдэд том оврын автобус авчирч БНХАУ-ын иргэдийг тээвэрлэн явсан гэж эх сурвалжууд мэдээлсэн юм. 

Дэлхий дээр ойролцоогоор 70 сая орчим хүүхэд аутизмтай. АНУ-д гэхэд 88 хүүхэд тутамд нэг хүүхэд, 54 эрэгтэй хүүхэд тутмын нэг нь аутизмтай байдаг. Нэг ёсондоо эрэгтэй хүүхэд илүү давамгай өртдөг аж. Гэтэл манай улсад эдгээр хүүхдүүдийн сурах эрхийг боомилж байна. Энэ талаарх дэлгэрэнгүйг эндээс

Эдийн засаг: Монгол улс саарал жагсаалтад орсон мэдээ энэ сартай эрчимтэй яригдлаа. Уг жагсаалтад оруулах болсон гол буруутанг хайсан ч хариуцлага хүлээх хүн олдсонгүй гэхэд болно. Саарал жагсаалтад орох болсны гол хүчин зүйл нь санхүүгийн Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцээгүйгээсээ болсон. Ирэх онд эдийн засаг дээсэн дөрөөн дээр дэнжигнэх үү

Спорт: БНСУ-ын Сувон хотноо зохион байгуулагдсан аэробик гимнастикийн “Korea Open” олон улсын тэмцээний цэцэрлэгийн насны ангилалд нийслэлийн Баянгол дүүргийн 85 дугаар цэцэрлэгийн хүүхэд багачууд тэргүүн байр эзэлж “Шилдэг баг”-аар шалгарчээ. Энэхүү тэмцээнд Япон, Солонгос, Вьетнам, Тайланд, Монгол, БНХАУ, Камбож, БНХАУ-ын Хонг Конг, Франц зэрэг 9 улсын 200 гаруй тамирчин авьяас билэг, хүч чадал, техник ур чадвараар өрсөлдсөн байна.

Соёл урлаг: Харанга хамтлагийн Н.Пүрэвдаш МУГЖ,Я.Одсүрэн УГЗ цолоор энгэрээ мялааж олныг баясгав.  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019.10.29 өдөр зарлиг гаргаж, "Харанга" хамтлагийн гитарчин Я.Одсүрэнг Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн, тус хамтлагийн бөмбөрчин Н.Пүрэвдашийг Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор шагналаа.

Тэдний шагналыг дөнгөж сая Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн ордонд гардуулж өглөө.  Монголын рок хөгжмийн суурийг тавьсан “Харанга” хамтлаг 30 жилийн ойн тоглолтоо хийгээд удаагүй байгаа юм. Тэртээ 1989 онд Улсын драмын театрын дэргэд байгуулагдсан тус хамтлагийн ахлагч Ц.Энхманлай, дуучин Х.Лхагвасүрэн нар Монгол Улсын Гавьяат жүжигчин цолтой бол хөгжимчин Ц.Чулуунбат Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн билээ.

Ийнхүү "Харанга" хамтлагийнхан 30 жилийн ойн дээрээ бүрэн бүрэлдэхүүнээрээ ГАВЬЯАТ цолтнууд болж, төр, түмний хүндлэл хүртсэнд олон мянган фэнүүд нь бахдан баярлав.