“ДЦС-2” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал С.Бямбаахүү, Санхүү бүртгэл, эдийн засгийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Б.Даваадулам, “Цагаан давс” компанийн захирал Д.Баатар нарт холбогдох хэргийг прокурор яллах дүгнэлт үйлдэн, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэдний гэм буруутайг хэлэлцэхээс өмнөх буюу урьдчилсан хэлэлцүүлгийн тов гарсан байна. Тэднийг  2019.12.20-ны өдрийн 10:30 цагт Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх юм. Энэхүү урьдчилсан хэлэлцүүлгээр гэм буруугийн шүүх хурлыг товлох эсвэл хэргийг мөрдөн байцаалтад буцаах болно. С.Бямбаахүү, Б.Даваадулам, Д.Баатар нарт НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон”, 23.2-1-ийн “Хуурамч баримт бичиг үйлдэж, ашигласан” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр, “ДЦС-2” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Бямбаахүү эрх мэдлээ урвуулан тус компанийн агуулахад байсан, санхүүгийн бүртгэлд оруулаагүй 24.5 тн мазутыг “Цагаан давс” ХХК-ийн захирал Д.Баатар нар 24.2 сая гаруй төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, мөнгийг нь хувьдаа завшсан гэх хэрэгт холбогджээ. Ингэхдээ ерөнхий нягтлан бодогч Б.Даваадуламыг оролцуулан уг хууль бус гэрээг байгуулсан хэмээн буруутгаж буй аж. Шалгалтын явцад “Цагаан давс” ХХК-ийн 2016 онд нийлүүлсэн 60 тн мазутын баримтыг 2018 оны есдүгээр сард 24.5 тн-ыг худалдан авсан мэтээр санхүү, бүртгэлийн программдаа оруулж бүртгэсэн, улмаар “ДЦС-4” ТӨХК-д худалдсан баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон гэж мөрдөн шалгах байгууллагынхан үзэж яллагдагчаар татаад байгаа. 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэсэн талаар бид эргэж мэдээлэх болно. 

А.Баярмаа