ЮНЕСКО-гийн Бангкок дахь төлөөлөгчийн газар, Токиогийн Технологийн Институтээс зарласан “Ази Номхон далайн кино, өгүүллийн уралдаан”-д манай улсын оролцогч Ц.Уранцэцэг тэргүүн байр эзэлжээ.

Тэрбээр Булган аймгийн Могд сумын иргэн, улсад 34 жил буюу уугуул аймагтаа 14 жил бага ангийн багшаар, өнөөг хүртэл амьдралынхаа сүүлийн 20 жилийг мөн л төрсөн нутагтаа Боловсролын газрын Бага боловсролын мэргэжилтэн, ахлах мэргэжилтэнгээр ажилладаг юм байна.

Ц.Уранцэцэг тус уралдаанд  “Эрүүл,аз жаргалтай байхын нууц” өгүүллээрээ  “Электрон ном уншигч”-ын эзэн болж, ЮНЕСКО-Бангкокийн нэрэмжит шагналын эзэн болов.

Шагнал болон сертификат гардуулах арга хэмжээ энэ сарын 26-ны өдөр  ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын байранд болсон бөгөөд ЮНЕСКО-гийн Бангкок дахь төлөөлөгчийн газраас хүрэлцэн ирсэн Боловсролын бодлого, шинэчлэлийн багийн ажилтан, хатагтай Барбара Трзмиэл шагнал, сертификатыг  Ц.Уранцэцэгт гардуулсан юм.

Нийтдээ 19 улсаас 198 материал хүлээн авснаас Монгол Улсаас В ангилалын ялагчаар Ц.Уранцэцэг тодорч  дахин нэг  эмэгтэй ЮНЕСКО-гийн шагналыг хүртсэн. Удаах байруудад Зимбабе, БНХАУ, Филиппин, Энэтхэг, Малайз, Японы багш нар шалгарчээ. Киноны ангилалд Малайз, Филиппин, Япон улсын оролцогчид эхний байрын шагнал хүртэв.

Дашрамд сонирхуулахад Монгол Улсаас Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн судлаач, их эмч Д. Энхмаа “Жирэмсэн үеийн манас таталт” судалгааны ажлаар 2012 оны “ЮНЕСКО-ЛОреал” хэмээх нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай шагналын эзэн болж 40000 америк долларын тэтгэлгийг хүртэж байсан билээ.

Х.Даваа