Зургийн тайлбар:Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч , яллагдагч Х.Түвшин-Эрдэнэ


Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ж.Оюунаа, Х.Түвшин-Эрдэнэ, М.Золжаргал нарыг гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр буюу 2020.01.17-ны 09:00 цагт  Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатын шүүхэд товлогдоод байна. Гэмт хэргийн шинжилгээний хариуг будлиантуулсан байж болзошгүй эмч нарын гэм бурууг хэлэлцэх шүүх хурал дөрвөн удаа хойшлоод байсан бол дахин хойшлоод байсан юм. 

Тэдэнд эрүүгийн хуулийн 21.4.1, 21.1.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа. Тодруулбал, Эрүүгийн хуулийн

21.4 дүгээр зүйл.Шинжээч зориуд худал дүгнэлт гаргах

1.Шинжээч шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв дүгнэлт гаргахаа илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал дүгнэлт гаргасан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

21.1 дүгээр зүйл.Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах

2.Энэ гэмт хэргийг хууль сахиулагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч, нотлох баримтыг хадгалах, хамгаалах үүрэг бүхий алба хаагч, ажилтан үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заасан байдаг.

Монгол улсын шүүхийн практикт хүнийг гэм буруутай эсэхийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын дүгнэлтэд тулгуурлан ял оноох эсэхийг шийддэг. Гэтэл тангараг өргөж, үнэнч шударга ажиллах ёстой ШШҮХ-ийн шинжээч эмч нар яллагдагчаар татагдаад байгаа нь өөрөө хуулийн болон ёс зүйн хариуцлага хүлээх асуудал. Гэтэл өнөөдрийг хүртэл буюу яллагдагчаар татагдаад байгаа Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ж.Оюунаа, Х.Түвшин-Эрдэнэ, М.Золжаргал нар ажлаа хийсээ байгаа юм. Энэ нь тэдгээр шинжээчид дахин өөр хэргийн шинжилгээг будлиантуулж байж болзошгүй юм.

Уг шүүх хуралд ШШҮХ-ийн шинжээч эмч Б.Тэнүүн, О.Даваасүрэн, лаборторийн эрхлэгч С.Ганболд, лаборант Ч.Баттогтох, ШШҮХ-ийн дэд захирал асан өдгөө ДХИС руу шилжсэн Ц.Гантулга нар гэрчээр орлолцохоор байсан юм. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ж.Оюунаа, Х.Түвшин-Эрдэнэ, М.Золжаргал нарын хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар бид эргэж мэдээлэх болно.

А.Баярмаа