Хүүхэд оюун ухаанаараа бодож гараараа бүтээдэг. Тэд үргэлж туршлага хуримтлуулж, өөрийгөө илэрхийлэх чадвараа хөгжүүлж байдаг.

Тиймээс өөрөөр нь шийдвэр гаргуулж, өөрөөр нь сонгуулах нь чухал. Рубик шоогоор хичээллэх нь хүүхдийн сэтгэн бодох чадвар болон ой тогтоолтыг хөгжүүлэх ач тустай байдаг талаар “Нүүдэлчин шоо” клубын багш Н.Сэргэлэнбат зөвлөж байна.

Шоо эвлүүлэхдээ хийж байгаа зүйлдээ анхаарлаа хандуулахын тулд хүүхэд хөдөлгөөнөө хянаж, тогтвортой сууж сурдаг байна. Мөн төлөвлөгөө гаргаж сурна. Шоо нь төлөвлөгөөний дагуу байшин барихтай адилхан. Төлөвлөгөөний дагуу ажиллаж сурна.

Тухайлбал, ямар нэг зүйл хийхээр төлөвлөсөн бол түүнийхээ дагуу хийдэг. Хамгийн гол нь цаг хугацааны үнэ цэнийг ойлгоно. Рубик шоо нь хамгийн гол нь өөртэйгөө өрсөлдөх юм. Богино хугацаанд шоогоо эвлүүлэхийн тулд аль болох хурдан сэтгэж, хөдлөх ёстой. Хамгийн цөөхөн үйлдлээр маш хурдан хийхийн тулд богино хугацаанд эвлүүлдэг аж. Цөөхөн үйлдлээр хийхийн тулд зөвхөн баруун гараараа нэг ажлыг хийдэг хүүхэд зүүн гараа зэрэг ашиглаж өөрийгөө 100 хувь дайчилна гэсэн үг. Ингэснээр хоёр гар нь зэрэг ажилладаг болсноор баруун, зүүн тархи нь зэрэг хөгжинө. Үүнээс гадна ой тогтоох чадвар нэмэгдэнэ. Илүү хурдан болж ирэхээр ялган таних чадвар буюу зүй тогтлыг хурдан харж үйлдлүүдийг хийж чаддаг болно. Мөн тулгамдсан үед шийдвэр гаргах чадвартай болдог байна. Өнөөдөр рубик шоо спорт болтлоо хөгжжээ.

Н.Даян

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин