Зургийн тайлбар: ШШҮХ-гийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга асан дэд хурандаа, яллагдагч Д.Адилбаяр

Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэр Салхитын мөнгөний ордтой холбоотой асуудлаар цагдаа, ШШҮХ-ийн шинжээч, шүүгч нар энэ хэрэгт буруутгагдан өнөөдрийг хүртэл шалгагдаж байгаа. Тодруулбал, Салхитын мөнгөний орд газартай холбоотой хэрэгт холбогдуулан Шаравын Мөнгөншагай, Г.Жаргалан, ГИХГ-ын дэд дарга асан Б.Цолмон, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн тасгийн дарга Г.Алтан-Очир ШШҮХ-гийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Д.Адилбаяр, ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нарыг цагдан хорьж шалгаж байсан билээ.

Тэгвэл шинжилгээний хариу будлиантуулсан хэрэгт ШШҮХ-гийн Криминалистикийн шинжилгээний газрын ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нарыг гэм буруугүй болохыг тогтоож харин тэдний даргаар ажиллаж байсан ШШҮХ-гийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Д.Адилбаярыг  үүрэгт ажлаас нь чөлөөлж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэвч гэм буруугийн хурдыг тэдний зүгээ удаа дараа хойшлуулах хүсэлт гаргасаар байгаа юм. 

Тодруулбал,  Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Д.Адилбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Хахууль авах”, шүүгдэгч Б.Цолмонд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хахуул өгөх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 14 цаг 30 минутад товлогдсон. Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Цолмонгийн өмгөөлөгч Г.Должинсүрэн нь эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг баримтын хамт шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч, шүүгдэгч Д.Адилбаяр, Б.Цолмон нарт холбогдох хэргийн шүүх хурлыг 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэл хойшлуулав. Мөн шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 22.4 Хахууль авах.
4.Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

22.5 дугаар зүйл.Хахууль өгөх

1.Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заасан байгаа. 

Хахуулийн хэрэгт буруутгагдаад байгаа Б.Цолмон өмнө нь цагдаагийн байгууллагад ажиллаж байсан бөгөөд ШШҮХ-гийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Д.Адилбаяр нар ойрын хамаатнууд аж. Б.Цолмон ойрын хамаатан Д.Адилбаярт 35 сая төгрөг өгсөн гэх мэдээлэл байна.  

Бид энэ хэргийг шүүхээс хэрхэн шийдвэрлэсэн талаар эргэж мэдээлэх болно.

А.Баярмаа