Улсын хэмжээнд орон нутаг дахь зарим засаг захиргааны нэгжийн түвшинд хүн амын нягтаршил нэмэгдэж, иргэдийн болон төрийн бус байгууллагын төвлөрөл, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт эрчимтэй явагдаж байна.

Зарим аймаг, сумдад эрүүгийн хэргийн нөхцөл байдал хүндэрч, цагдаа шүүх, прокурорын байгууллагын салбар нэгжүүд нэмж байгуулагдаж байгаагийн зэрэгцээ тухайн бүс нутагт иргэн, захиргаа, зөрчил, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүртээмжтэй хэрэгжүүлэх шаардлага үүссэн. Дээрх нөхцөл байдлаас үүдэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ХЗДХЯ-тай зөвшилцсөний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шуурхай тасралтгүй зохион байгуулахаар Налайх, Багануур дүүрэг, Сэлэнгэ аймгийн Сайхан сумдын шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийг хэлтэс болгон үйл ажиллагааг нь өргөтгөн зохион байгуулсан.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд Өмнөговь аймаг дахь Ханбогд, Завхан аймгийн  Тосонцэнгэл суманд шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс шинээр байгуулж, үйл ажиллагааг нь жигдрүүлээд байна.

Дээрх хэлтсүүдийн хэмжээнд иргэний шийдвэр гүйцэтгэх тойргийг томсгож, шийдвэр гүйцэтгэгчдийг нэмж томилсноос гадна ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэхээр шат дараатай ажлуудыг хэрэгжүүлж байна.

Тухайлбал, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн барилга нь 480кв, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн барилга нь хоёр давхар, нийтдээ 432кв метр талбайтай контор, цагдан хорих байр бүхий барилгыг дотоодын хөрөнгөөр барьж ашиглалтад орууллаа. Эдгээр барилга нь цагдан хоригдогчийн эрхийг хангах, олон улсын жишиг стандартад нийцсэн бүтээн байгуулалт болсон юм.