БНХАУ-ын Эрээн хотод хөл хорио тогтоож, нэгдүгээр зэргийн онц байдал зарлажээ. 2020 оны 2-р сарын 9-ны өдрийн 0-24 цагийн хооронд Хятадад шинэ төрлийн коронавирусын халдвар авсан 3073 шинэ тохиолдол нэмэгдэж, нийт өвчтөний тоо 40235 болов.

Эрээн хот руу гаднаас ирэх хүмүүсийг оруулахгүй ба иргэдийг буцаах эсвэл тусгаарлах байранд 14 хоног байрлуулах гэнэ. БНХАУ-ын Эрээн хот нь манай улсын Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомттой хиллэдэг. Монгол Улсад шинэ төрлийн коронавирус бүртгэгдээгүй ч халдвар тархах эрсдэлтэйг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж буй юм.

Иймд эмнэлгийн байгууллагын зөвлөснөөр шинэ коронавирусийн халдвараас дараах гурван аргаар сэргийлэх боломжтойг сануулъя. Гараа тогтмол савандаж угаах, амны хаалт заавал зүүх, өвчлөл гарсан улс оронд зорчихгүй байхыг анхааруулъя. Мөн шаардлагагүй тохиолдолд гадагш гарахгүй байх, олон нийтийн газруудаар явахгүй байхыг анхааруулж байна.