Монголчууд хэнэггүй зангаасаа болж эрүүл мэндээ хохироож цаашлаад амиа алдах тохиолдол цөөнгүй гардаг. Тухайлбал, шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэхэд пийшин, зуухаа битүүмжлээгүй онгорхой цоорхой байхад нь галлаж угаартсан тохиолдол бишгүй гарсан.

Гэтэл угаарын хий мэдрэгчийг айл өрхүүдэд үнэгүй тараасан ч зайг нь салгаж тавьсны улмаас гурван настай хүүхэд эндлээ.

Өнгөрсөн Бямба гариг (2020.02.08)-т Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороонд гурван настай хүүхэд угаартаж амь насаа алдсан байна. Шалтгаан нь, угаарын хий мэдрэгчийг суурилуулсан ч зайг нь салгаснаас болж ийнхүү харамсалтай хэрэг гарсан байна.

Албаны хүмүүсийн мэдээлснээр, угаарын хий мэдрэгчийг цагны сэрүүлэгтэй андуурч зайг нь салгаж, оролдож болохгүй гэдгийг санууллаа. Иргэдийн хувьд санамсар болгоомжгүй, хэнэггүй зангаасаа болж угаартах, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол цөөнгүй гарч байгаа тул галлагааны улирал дуустал анхаарал болгоомжтой байхыг албаны хүмүүс зөвлөв. Хэрэв  угаар мэдрэгчийн дохиолол дуугарсан тохиолдолд зайг нь салгах бус, гэртээ агааржуулалт хийх хэрэгтэй гэдгийг анхааруулав.

Утаа мэдрэгчийг байршуулснаас хойш хамгийн сүүлд энэ сарын 04-нд Сүхбаатар дүүргийн 16-р хороо 36 настай Ц, СХД-ийн 7-р хороонд 56 настай эрэгтэй Т, СХД-ийн 9-р хороонд 46 настай эр Г, 44 настай эм О, 15 настай эр Т, 13 настай эм Г, ЧД-ийн 18-р хороонд 35 настай эм Д, 6 настай эр С нар угаартсан байдаг. 

Үүнээс гадна дэлхий дахинаа сонор сэрэмжийг дээгүүрт тавин амь нас, эрүүл мэндээ хамгаалахыг өдөр бүр сануулж, коронавирустай БНХАУ-ын эмч нар өдөр шөнөгүй тэмцэлдэж байна. Тус улстай хил залгаа оршдог манай улс хамгийн өндөр эрсдэлтэй байдалд буй. Гэтэл иргэд хөл хорио тогтоочихсон байхад гадуур бага насны хүүхдээ дагуулж явах байдал ажиглагдаж байна. Түүнчлэн амны хаалтыг зүүж, ариун цэврийг дээд цэгт нь сахих шаардлагатай. Гэвч хотын гудамжаар маскгүй иргэд олноороо явж байгаа нь эрүүл мэндтэй хэр хайртай цаашлаад хэнэггүй зангаа гээж чадахгүй байгаагийн илрэл. Өнөө өглөөний байдлаар Хятадад коронавирусийн шинэ 3073 тохиолдол нэмэгдэн нас барсан хүний тоо 909 хүрлээ. Ийм үед цөөхөн монголчууд ДЭМБ-ын зөвлөмжийг дагаж аюулт тахалаас сэргийлэх хэрэгтэй байгааг иргэн бүр ойлгох цаг хэдийн ирлээ.