Оюутолгойг ха­рийн­хан­тай гар хөлөө нийлүүлэн байж балаллаа хэмээн халаглах олны хэл ам ортой боллоо. Ортой, оргүйн тухай асуудлыг салбарын сайдаас эхлээд төр засгийнхан руу хаяглаад ч тусыг эс олохын үлгэр болох болотой.

Эхнээсээ чих халууцуулсан мэдээллүүд хөвөрч эхэллээ. Оюутолгойг тойрсон хүнд­­рэл бэрхшээлийн талаар сан­хүүгийн шин­жээч Чойн­­хорын Эрдэнэдалай юу гэснийг доор сий­рүүлье. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 23-нд “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболд тус компанийн ТУЗ-ийн ээлжит хурлаар компанийн энэ оны үйл ажиллагааны хөтөлбөр, төс­вийг баталсан. Төслийн хөрөнгө оруулалтыг энэ онд 1.2 тэрбум ам.доллар, борлуулалтын орлого 2.6 тэрбум ам.доллар байхаар төсөвлөжээ. Энэ онд 690 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэнэ гэсэн нь Эрдэнэт үйлдвэрээс даруй 200 гаруй мянган тонноор давсан дүн. Ингэснээр Оюутолгой компани Монголын хамгийн том аж ахуйн нэгж болж эдийн засгийн 20 орчим хувьтай тэнцэх хэмжээний хувь нэмрийг манайд оруулна гэдгийг тэрбээр онцолжээ. Зарим зүйл үнэхээр цаасан дээр буусан шигээ хэрэгждэгсэн бол амьдралаас өнөөдрийнх шиг хол тасрахгүй байлаа. Мөн чухалчлах сайхан мэдээ Оюутолгойн асуудлын голд сонсогдсон нь http://zasag.mn/news/view/4026-д дурьдсанаар “Оюутолгойгоос олборлох 690 мянган тонн баяжмал дотор 175 мянган тонн зэс, 23 тонн алт агуулагдана” гэж танилцуулсан хэрэг байлаа.

Харамсалтай нь дээрх сайхан төсөөллүүд биелэхгүй байх магадлал өндөр байна. Учир нь “Turqouise Hill Resource” компани нь энэ сарын 30-ны өдөр энэ оны үйлдвэрлэлийн төсөөлөл, чиг баримжаагаа 10 хувиар буурууллаа гэдгийг эх сурвалж хэлж байгаа юм. Тодруулбал, энэ онд 135-160 мянган тонн зэс болон 600-700 мянган (18.66 тонн-21.77 тонн) унци алт үйлдвэрлэнэ гэсэн чиг баримжаа гаргажээ.

Ийнхүү бүтээмжийнхээ 10 хувийг бууруулсан шалтгаанаа Оюутолгой төслийнхөн “Оюу­толгой нь урд хожид байгаагүй том уурхайгаас гадна дөнгөж л үйл ажиллагаа нь эхэлж буй. Цаашилбал, тоног төхөөрөмж зөөвөрлөхтэй холбоотой Монгол Хятадын хил гаалиас гадна Хятад дахь борлуулалтад хүндрэл үүс­сэнтэй холбоотой” хэмээн тайлбарлаж байгаа аж.

Угаасаа уул уурхай гэдэг бол хатуу, хэцүү бизнес. Он гарсаар зэсийн үнэ нэлээд унаж тэнгэр өөд харахгүй байгаатай ч нөгөө талаар холбоотой гэдгийг учир мэдэх нэг нь хэлдэг юм билээ. Энэ мэт Оюутолгой төсөл нүүх үү, үлдэх үү гэх дэнсийн шугам дээр тулчихсан энэ үед бурууг бусдаас эрэх нэг нь байхад өөрөөсөө хайх нь ч байна. Өөрөөр хэлбэл, гээндээ ч бий, гоондоо ч бий гэдгийг үлгэрээр Монголын Засгийн газрын нөлөө уг төслийг өдий хэмжээний амь амьсгалтай явахад ихээхэн түлхэц болсон гэх. Төслийнхөн төртэй холбоотой уг шалтгааныг манай улсын дэд бүтэц муу. Муу дээрээ улцан гэдэг шиг сонгууль угтсан шоугаа Оюутолгойгоор эхлүүлж экспорт эхэлнэ, эхлэхгүй хэмээн мэтгэлцсээр Ерөнхийлөгчийн сонгуулийг дуусгаад чимээ алдарсан гэх мэтээр тайлбарлаж байгаа аж. Монголчуудын энэ мэт сонгууль угтаж шоу хийгээд хэргээ дуусахаар усанд хаясан чулуу шиг алга болдог зангаас үүдэж Хятадын хоёр ч зэс хайлуулагч үйлдвэр гэрээгээ цуцалсан гэдгийг төслийнхөн ярианыхаа хачир болгодог байх юм.

Одоогийн байдлаар Оюу­толгойн бэлэн мөнгөний урсгал хасахтай явж байгаа бөгөөд энэ жилдээ нэмэх болно гэж төдийлөн найдахгүй байгааг санхүүгийн мэргэжлийн шинжээчид хэлж байна. Тэгэхээр Оюутолгойн ТУЗ-ийн захирал Д.Ганболдын Блүүмбэрг телевизд өгсөн ярианд дурдсанаар энэ онд 2.6 тэрбум ам.долларын борлуулалт биелэхгүй байх магадлал өндөр гэдгийг мэдэж болох юм. Хөрөнгө оруулалтын нэлээд асуудалтай яригдаж эхэлсэн Оюутолгой төслийн далд уурхайн тухайд санхүүжилт нь урагштай байсан тохиолдолд ТЭЗҮ-г нь дуусгахаас гадна Эрдэс баялгийн зөвлөлөөр батлах шаардлагатай юм байна. Хэрэв уншигч авхай тантай хамтдаа он цагийн дунд үлдсэн түүхэн цаг мөчүүдийг нэхвэл 2010 онд анх ТЭЗҮ-г нь батлахад маш хүндрэлтэй, хэт улстөржсөн асуудал болсныг санаж байгаа болов уу. Тухайн үед уул уурхайн яамны сайд асан Ч.Хурц, С.Авирмэд нар хүчтэй шүүмжлэл өрнүүлж байсан. Даанч эрдэмтдийнхээ дуу хоолойг сонсдоггүй зангаараа манай төрийнхөн том тол­гой гаргаж шийдвэрээ гаргаж бай­лаа. УИХ-ийн гишүүн асан Ц.Сэдванчигийн хэлснээр “Оюу­толгойн хөрөнгө оруулалтын гэрээг дахин сөхөх түүхэн алтан боломж гарлаа” гэж үзэх хүмүүс цөөнгүй байхад нөгөө хэсэг нь хоёр тал гэрээнийхээ заалтыг зөрчөөд хэдийнэ сөхөөд эхэлсэн нь сүүл нь хонгорцогоо гэгч болох юм биш биз гэх болгоомжлолыг хэдийнэ бий болгожээ. Тэгэхээр манай засгийнхны өгөөд байсан “Энэ оны хоёрдугаар улиралд багтаан гүний уурхайн ТЭЗҮ-г шинэчилж батлаад, зун гэхэд ашиглалтад оруулна” гээд байсан амлалт биелэхгүй байх магадлал ихсэж байна. Тэр байтугай Оюутолгойн тойрсон энэ мэт ээдрээт асуудал бүтэн жил сунжраад ирэх оныг дамжихгүй гэх баталгаа алга гэж үзэх эрдэмтэд ч бишгүй байна. Учир мэдэх эрдэмтдийн яриаг уншигчдадаа хүргэвэл, “Оюутолгой дээр алтан загасны үлгэр болох гээд байна. Хөрөнгө оруулагчидтай маргалдсаар байтал аль аль нь хоосон хоцроход хүрлээ. Гэвч хоосон үлдээд аль нь илүү хохирох вэ. Хөрөнгө оруулагчид уу, монголын ард түмэн үү. Энэ бүхний ард нэг л зүйл тодорхой харагдаж байна. Олон зуун хүн ажилгүй болж байгаль орчин хийгээд эрүүл мэнд, амь насаараа ямар нэгэн хэмжээгээр монгол хүн хохирно. Тэгэхээр энэ бүх шаардлагагүй хохирол, зовлон, ажилгүйдлийн галд Монгол Улс, Монгол ард түмэн өртөхөд бэлэн байна” гэдгийг хэлж байгаа юм. Үнэхээр ч асуудлын голыг бодитой харж чадвал Оюутолгойг тойрсон асуудлууд дээрх болгоомжлолтой агаар нэг байна. Одоо тэгвэл бид Оюутолгойг алтан загасны үлгэр болгочихгүйн тулд юу хийх хэрэгтэй вэ гэсэн асуулт үлдэж байна. Үүнээс гарах гарцыг тэгвэл Санхүүгийн шин­жээч Ч.Эрдэнэдалайн хэлснээр ан­хаарвал ямар вэ. Түүнийхээр бол “Гарц ердөө л хоёрдугаар улиралд багтаан далд уурхайн санхүүжилтийг шийдвэрлэх юм гэнэ. Ингэхдээ түргэн шуурхай, хүндрэл бэрхшээлгүй, улс төр­жихгүйгээр яаралтай шийдэж далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх…” хэрэгтэй гэсэн. Мөн Монголын Засгийн газар анх гэрээ байгуулахад юу гэж хэлсэн бэ, амалсандаа хүрэх. Энэ бол монголчуудын хийж чадах хамгийн дорвитой алхам юм гэдгийг тэрбээр онцолж байна.

М.МӨНХТУНГАЛАГ