Манай улсад ашиглагдаж буй барилгын нас 30-50 жилээр хэмжигддэг. Хуучин нийгмийн үед Улаанбаатар хотыг төлөвлөхдөө 40, 50 мянгат, мэргэжилтний 20 гэхчлэн олон тооны хороолол барьж, хөгжил цэцэглэлтийн алтан үр суулгаж байсан он жилүүд тэртээ хоцорчээ.
 
 
Тухайн үед баригдсан орон сууц, аж ахуйн нэгжийн барилгууд өдгөө моралийн элэгдэлд орж, хэзээ мөдгүй нурахад ойртоод байгаа талаар манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ярьж, бичсээр байна.
 
 
Бидний хэлж заншсанаар “Багшийн дээд”-ийн барилгатай хаяа дэрлэн орших Спортын төв ордон буюу улсын хэмжээнд зохиогдох бүхий л тэмцээн, уралдааныг хүлээн авдаг дөрвөн давхар саарал байшин хэзээ тэтгэвэртээ гарах вэ гэдэг асуудлыг энэ удаа хөндөхөөр шийдлээ.
 
 
Энэ барилга 1958 онд ашиглалтад орсноос хойш “амралтгүй ажилласан” гэхэд болно. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тус барилгыг “Цаашид үйл ажиллагаа явуулж, ашиглах боломжгүй. Барилгын даацын нурууны краказ муудсан” гэх шалтгаанаар хоёр ч удаа битүүмжлэх шийдвэр, ашиглахыг хориглосон дүгнэлт гаргаж байв. 
 
 
Гэсэн ч нурах нь тодорхой болж, хоёр нийгмийн нүүр үзсэн хуучин бор байшинг чадах чинээгээр нь зүтгүүлээд л байна. Татан буулгаад нураачихаар энэ барилгад орж ирдэг түрээсийн мөнгө, ажилчдын цалин, олон арван тэмцээний хуваарийг яалтай. 
 
 
Хэдийгээр Спортын төв ордны ачааллыг бууруулах зорилгоор Буянт-Ухаад урд хөршийн тусламжаар спорт цогцолбор барьсан ч байршлын хувьд нисэхийн шинэ ордонд тэмцээн зохиоход тун хүнд гэдэг. Үүнийг спортын салбарынхан ам уралдан ярилцаж, түрээс, үзэгч дүүргэлт, хэт хол зэрэг шалтгаан тоочдог юм билээ. 
 
 
Хэд хоногийн өмнө тун хөгтэй явдал тохиолоо. Энэ явдал сагсан бөмбөгийн хоёр ч холбоотой болчихоод (MNBA болон MBA нарын маргаан) “Бид мундаг, бид л үндэсний лиг зохиож чадна” хэмээн томорч, томорч тамга, тэмдгээ булааж авсан Монголын Сагсан бөмбөгийн холбооны лигийн тоглолтын үеэр болсон юм.
 
 
Лигийн тоглолт ид үргэлжилж байх үед “СБЛ” багийн легионер тоглогч Кэвин Кларк тохолт хийхдээ самбар хагалж орхив. Самбарын шил хагалах явдал сагсан бөмбөгт цөөнгүй тохиолддог бөгөөд үүгээр бахархах нь зүй ёсны хэрэг.
 
 
Гэхдээ ийнхүү хагарсан самбар “Спортын төв ордон хэзээ нурах бол” гэсэн бодлыг танхимд байсан хүн бүрийн тархинд харвуулсан. МСБХ-ны удирдлагууд, зохион байгуулагчид ч уг үйл явдлаас үүдэж лигийн тоглолтоо хойшлуулав. Учир нь, хагарсан самбараас өөр бэлдсэн нөөц самбар байсангүй.
 
 
Супер лигийн тоглолт одоо хүртэл эхлээгүйг бодоход мань эрчүүд самбарын эрлээ үргэлжлүүлсээр байгаа биз. Спортын төв ордонд ашигладаг тус хоёр самбар нь 2008 онд ОУСБХ-ноос Азийн АШТ-ий дараа манай улсад бэлэглэсэн “нандин эрдэнэ” гэнэ.
 
 
Дахин ийм стандарт самбар олоход хөрөнгө санхүү, цаг хугацаатай зэрэгцэн урсаж одно.  Энэ ч яахав. Тэдний асуудал гээд орхиж болох. Гэвч Спортын төв ордны ашиглалтын асуудал яг одоо хурцаар тавигдаж байна.
 
 
Муугаар бодоход олон улсын нэртэй тамирчдыг авч ирээд, ямар нэг тэмцээн зохион байгуулж байтал төв ордны маань “ууц нь” тасарч, олон хүнийг эндээх вий. Мэргэжлийн хяналтын байцаагчид дүгнэлтээ гаргахдаа “Энэ байшинд үйл ажиллагаа явуулж болохгүй” хэмээсэн байдаг.
 
 
Гэтэл тус ордон энгийн аж, ахуй нэгж, ердийн оффисын зориулалтаар ашиглагддаггүй. Өдөр бүр төв зааланд нь нүсэр их чимээ, шалан дээр асар их даац бууж байдаг. Мөн жүдо бөхийн бэлтгэлийн заалны таазнаас олс уяж, түүнд нь бэлтгэл хийж буй бөхчүүд өдөр бүр зүүгдээстэй харагддаг.
 
 
Бас болоогүй, бокс, чөлөөтийнхөн өөрсдийн заалыг “тултал” нь ашигладаг.  Хамгийн аюултай нь хүндийн өргөлтийнхөн том туухайнуудаа газар шидэлдэг нь энгийн л үзэгдэл. Тэднийг маргааш хөөж гаргах уу. Ийм боломж байхгүй. Холбоод бүр түрээс төлж, заалнуудыг өөрсдийн нэр дээр ашигладаг.
 
 
Бүр тодруулбал, Спортын төв ордны “А” заал хэдэн сар, жилээр түрээс нь төлөгдчихсөн байдаг. Тэр ч байтугай лигийн тоглолтууд тогтмол зохион байгуулах талаар Спорт бэлтгэлийн төвийн газартай байгуулсан олон арван гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байна. Энэ тохиолдолд ямар гарц байгаа вэ. 
 
 
 
Шинэ сайд аа, шийдэж өгөөч
 
Мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар Спортын төв ордонд байрлаж буй спортын холбоодыг олимпийн хороо, нисэхийн шинэ ордонд хуваарилж, тэмцээн уралдаануудыг нийслэлийн өөр заал, талбайд зохион байгуулах зохицуулалт хийх боломж бий гэнэ.
 
 
Хамгийн гол нь спортын салбар өдгөө түшээд өгөх, дүүрээд явах салбарын яамтай болоод байгаа нь олзуурхууштай. Өмнө төр засаг “Нурах дөхсөн байшинг буулгаж, тендер зарлаад, 5000 хүний суудалтай ордон барина” хэмээн чихэн дээрх цэцгээ усалсан шиг услаж, олны тархийг угаасан шиг угааж байсан гашуун туршлагыг саарал ордны бор хаалга гэрчлэх биз ээ.
 
 
Тэгвэл ССАЖ-ны зүгээс ашиглалтаас гарсан төв ордныг шинэчлэх талаар бодитой алхам хийнэ гэж өнгөрсөн есдүгээр сард мэдэгдсэн байна. Мэргэжлийн инженерүүд тус ордны аюулгүй байдал жилээр бус хэдхэн сараар хэмжигдэж байгаа гэв.
 
 
Шинэ яам ордон дахин босгох асуудлыг ирэх намраас хэлэлцэнэ гэж байгаа нь асуудалд хэт тайван хандаж буйг гэрчилнэ. Олон хаврын өвгөн салхийг дээврээрээ нэвт үлээлгэж, тагтаа шувууны сангас, үүрэнд өнгө зүс алдсан хуучин саарал байшинд жилдээ ганц удаа засвар хийх аядна.
 
 
Ингэхдээ бэхжилт, баганыг батжуулах бус будаг, шохойгоор өнгөлөх төдийхнөөр нүд хуурсан ажил хийнэ.  Тамирчдын их өргөө, үе үеийн алдартнуудын өлгий болсон Спортын төв ордонд анхаарлаа хандуулаач, төр засгийн томчууд аа.
 
 
Спортын ордны өнөөдрийн нөхцөл байдалд “Шуурга ихтэй хаврын улиралд хуучин барилга тэсч үлдэх үү” гэх асуулт яг тохирно. Спортод элэгтэй хэн бүхэн л Спортын төв ордны дэргэдүүр өнгөрөх бүртээ энэ талаар санааширдаг биз ээ.
 
 
Т.Батсугар