Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Их сургуулийн 4 дүгээр гудамжинд бага насны гурван охин хэрэглээний халуун усанд түлэгдэж нас барсан харамсалтай хэрэг энэ сарын 06-ны өдөр гарсан билээ.

Охидын аав Өмнөговь аймагт ажиллаад эзгүй, харин ээжийг нь хичээл амарсан ч цэцэрлэгийн эрхлэгч нь ой тэмдэглэх баярын концерт бэлтгэхээр дуудсан хойгуур охид амиа алдсан юм.

Суултуурын хоолой бөглөрснөөс паар хагарч, улмааp халуун ус асгарахдаа газарт байсан уртасгагч руу орж, охид тогонд цохиулж амиа алдсан. Талийгаач охидын араас Монголын олон мянган эцэг, эхчүүд гашуудаж, үрсээ алдсан аав ээжид туслах хандивын аяныг хүртэл зохион байгуулсан билээ. 

Тэгвэл, Дархан-Уул аймагт харамсалтай тохиолдлоор эндсэн гурван охины аав, ээж болох Г. Чинбат, н.Алтанзул нар Монголынхоо сайхан сэтгэлт хүмүүсийн илгээсэн хандивын мөнгөөр Улаанбаатар хот ГССҮТ-ийн Түлэнхийн төв, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгуудад хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, отсос буюу цэр соруулах аппарат, утлагын аппарат гурван ширхэгийг тус бүр бэлэглэжээ.

Тэнгэрт дэвшсэн охидынх нь төлөө явуулсан ард түмний хандивын мөнгөөр өөр хэн бяцхан сахиусан тэнгэрүүдийг аврах сайн үйл хийх нь зөв хэмээн үзжээ. Хайрт үрсээсээ хагацсан ч халуун сэтгэлээр хандивыг зөв зүйлд нь зарцуулсан охидын аав, ээжид талархал илэрхийлье. Мөн бяцхан үрс чинь эргэж дахин та хоёр мэндлэх болтугай. Сайн үйлс дэлгэрэг.