"Орчлон констракшн"-ын барилгын балаг дуусахгүй нь
2014/04/01
Хан-Уул дүүргийн III хороонд байрлах Арьс ширний 27, 28 дугаар байрны шал нь цөмөрч, хана, тааз нь цуурч нурсан талаар бид нийтэлж байсан. Мэдээллийн мөрөөр 27А байр болон 28 дугаар байрны нөхцөл байдлыг өнгөрсөн долоон хоногт сурвалжилсан билээ.
Тухайн үед "Орчлон констракшн"-ын Барилга ашиглалтын албаны ажилтан н.Янжин "Бид оршин суугчидтайгаа уулзаж, гэмтлийн талаархи мэдээлэл аваад засвар үйлчилгээ хийж байна. Үүнд сүржигнээд байх зүйл байхгүй" хэмээх тайлбарыг өгч байсан.
Харин өчигдөр биднийг очиход цуурсан хана, цөмөрсөн шаландаа огт засвар үйлчилгээ хийгээгүй яг л хэвээрээ байсан юм. Өнгөрсөн гуравдугаар сарын 30-ны шөнө Арьс ширний 27 дугаар байрны 15 давхарт халуун усны шугамын шаланк унаж их хэмжээний ус алджээ.
Үүнээс болж 15 давхарын шатнаас нэг давхар хүртэл шатны болон ханын будаг нь холцорчээ. Оршин суугчдын хэлж буйгаар халуун ус их хэмжээгээр алдагдсан.
Арга хэмжээ авч чадахгүй болохоор "Орчлон констракшн"-ы сантехникийн хүмүүсийг дуудаж янзлуулсан. Анхнаасаа барилгын сантехник нь муу хийгдсэн учраас халуун усны шугам нь унаж ус алдсан гэдгийг ч хэлж байлаа.
Мөн цуурсан хана, таазаа янзалж өгөхгүй байгаа гэнэ. Засвар үйчилгээний талаар "Орчлон констракшн"-д гомдол гаргахаар засварлаж өгнө гэсэн тайлбарыг л өгдөг. Харин амьдрал дээр бодитоор хийж байгаа зүйл байхгүй байгаа гэлээ.
Тус байрны СӨХ-ны даргатай уулзаж, мэдээлэл авахаар утсаар холбогдоход "Мэдээлэл өгөхгүй. Би ажлаасаа гарч байгаа. Мэдээлэл өгье гэж дуудсан хүмүүсээс ав" гээд утсаа тасалсан юм. Харин "Орчлон констракшн"-ынхан "Ийм зүйл болоогүй. Бид ирсэн гомдлыг шийдвэрлэсэн байгаа" гэв.
Гэвч өнөөдрийн байдлаар юуг шийдвэрлэсэн нь тодорхой бус үлдэж байгаа юм. Арьс ширний 27 дугаар байр нь өнгөрсөн есдүгээр сард ашиглалтад орсон. Одоогоор энэ байранд нийт 120 гаруй оршин суугч амьдардаг. Шинэхэн ашиглалтад орсон байр гэхэд дотор талын хана нь энд тэндээ цуурсан байдалтай байгаа юм.
Тус байрны долоон давхарт амьдардаг оршин суугчтай уулзлаа. Тэрээр мэдээлэл өгөхдөө нэрээ хэлэхийг хүсээгүй юм.
-Өнгөрсөн долоо хоногт сурвалжлахаар ирж байхад "Орчлон констракшн"-аас хананы цууралт болон бусад засвар үйлчилгээ хийж өгнө гэсэн тайлбар өгч байсан. Харин өнөөдөр нөхцөл байдал яг л хэвээрээ байна?
-Одоогоор засвар үйчилгээ хийсэн юм байхгүй байна. Хүмүүс ирлээ, явлаа гэж яригдаж байсан. Цууралтаас гадна өнгөрсөн гуравдугаар сарын 30-ны шөнө халуун усны шугамын шаланк унаж их хэмжээний ус алдсан. Үүнээс болж 15 давхараас нэг давхарт хүртэл шатны хажуугийн хэсэг нь нэлэнхүйдээ цуурч, будаг шохой нь холцорсон.
Мөн цонх нь их цантдаг. Энэ өвөл цонхныхоо мөсийг цохиж өвөлжсөн. Одоо дулааны улирал ирээд харьцангуй гайгүй байгаа. Уг нь шинэхэн ашиглалтад орсон байранд цууралт үүсмээргүй юм. Анхнаасаа муу барьснаас болж цууралт үүсч байгаа байх.
-Их хэмжээний халуун ус алдсан гэж байна?
-Халуун ус их хэмжээгээр цоргиж байсан болохоор бид "Орчлон констракшн"-ы сантехникийн хүмүүсийг дуудаж янзлуулсан.
-Хэд хэдэн айлд цууралт үүссэн байгаа. Танайд цууралт үүссэн үү?
-Таазаар бага зэргийн цууралт үүссэн байгаа.
-Сүүлийн үед шинээр ашиглалтад орсон байруудад метр квадратын асуудал их гарч байна. Танай байрны хувьд ийм асуудал байна уу?
-Манай нэг өрөө нь 1.24 метр квадрат. Бид хэмжилт хийлгэж үзсэн метр квадратдаа хүрч байна лээ. Үүн дээр асуудал байхгүй байгаа.
Н.Алтанцэцэг
Эх сурвалж: