Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажлын явц, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “Энэ сарын 7-нд ХӨСҮТ-д коронавирусийн сэжигтэй гурван иргэнийг тусгаарлаж, шинжилгээ авсан. Шинжилгээний хариу сөрөг гарсан.

Мөн АНУ-ын Лас Вегас хотод болсон дэлхийн үл хөдлөх хөрөнгийн чуулга уулзалтад оролцсон REMAX компанийн 24 иргэний шинжилгээний урьдчилсан хариу сөрөг гарсан. Дээрх иргэдийг 14 хоног үргэлжлүүлэн тусгаарлаж, тандалт хийнэ.

Энэ сарын 8-нд хоёр сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. Нэг нь ХӨСҮТ-д, нөгөөг нь Дорноговь аймгийн Улаанбадрах суманд тусгаарласан. Шинжилгээ авсан, хариу гараагүй байна” гэлээ.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өчигдөр та бүхэнд мэдээлэл хийснээс хойш 24 цагийн хугацаанд зургаан оронд анхны халдвар бүртгэгдэж, нийт 105 улсад халдвар бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын 60 хувь нь халдвар гарсан улс оронд зорчсон аялснаас үүдсэн байна.

Халдварын 17 тохиолдол бүртгэгдээд байсан Вьетнам улсад Лондонд аялаад ирсэн 30 хүн нэг дор онгоцонд халдвар авсан нь тогтоогдлоо. Тиймээс халдвар гарсан улс оронд аялахгүй байх. Онгоцоор зорчихгүй байхыг зөвлөж байна" гэлээ.

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа "Гуравдугаар сарын 8-ны өдрийн байдлаар COVID-19 халдвар дэлхийн 105 улсад бүртгэгдэж, тохиолдлын тоо 105,586 боллоо.

Сүүлийн 24 цагийн дотор дэлхийн хэмжээнд 98 хүн нас барсан. 

Нэг өдөрт 1,000-аас дээш халдвар бүртгэгдсэнээр Иран, Итали улс анхаарал татаж байна. Европын хамгийн том дэгдэлт Италид улсад явагдаж байгаа юм. Харин Өмнөд Солонгост дэгдэлт буурах хандлага ажиглагдаж байна.

Эмчилгээнд шаардлагатайс хиймэл амьсгалын аппарат, хүчилтөрөгч хангамжийн хэрэгсэл зэрэг 20 гаруй тоног төхөөрөмжийн жагсаалтыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргасан бөгөөд үүнээс худалдан авалтыг хийж байгаа. Зарим улсад эмчилгээний тоног төхөөрөмж хомсдож байна. 

ДЭМБ-аас COVID-19 халдварын дөрвөн зэрэг тогтоож, тэдгээрт холбогдох зөвлөгөө зөвлөмжийг өгсөн. Тодруулбал, 

  1. Тохиолдол бүртгэгдээгүй улс
  2. Нэг ба түүнээс дээш тохиолдол импортлогдсон улс
  3. Халдвар голомтлон тархаж буй улс 
  4. Хүн амын дунд өргөн хүрээг хамарч байгаа улс зэрэг бөгөөд гуравдугаар сарын 7-нд гаргасан зөвлөмжийг Монгол Улс салбар хоорондын төлөвлөгөөний төсөлд тусган хэрэгжүүлж байгаа юм" гэв.