Үймээнийг далимдуулж үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байна уу, нөөц хангалттай бий
2020/03/10
Дэлхийн дахинаа тархаад буй Коронавирус манай улсад бүртгэгдээгүй байсан билээ. Харин зөөвөрлөгдөн орж ирсэн анхны тохиолдол бүртгэгдэв. Өнөөдөр өглөөнөөс эхлэн Улсын онцгой комисс хуралдаж хот, аймаг хоорондын товчоодуудын орох, гарахыг хаалаа.
Хүнсний захуудыг хаах шийдвэр гараагүй бөгөөд цаашид ч хаахгүй гэдгийг мэдэгдээд буй. Гэтэл иргэд хүнсээ нөөцөлж, дэлгүүрт олноороо цуглаж хөл хөдөлгөөн үүсгээд байна. Энэхүү үйлдэл нь үнийн хөөрөгдөл үүсгэх өндөр эрсдэлтэй гэдгийг анхаарахгүй байгаа нь харамсалтай.
Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан “Улс оронд бий болсон эгзэгтэй үед ард иргэдийн дунд хүнсний бүтээгдэхүүнийг нөөцлөх сэдэл байх шиг байна. Уг нь ингэх шаардлага байхгүй. Мэдээж гаднаас орж ирж буй импортын хэмжээ тодорхой хэмжээгээр хязгаарлагдаж байна. Гэхдээ өөрийнхөө нөөцөөр бид дор хаяж гурваас дөрвөн нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний нөөцтэй байх шаардлагатай. Өнөөдрийн байдлаар махны нийлүүлэлт, нөөцөд санаа зовох асуудал байхгүй. 12 мянган тонн махыг улсын нөөцөд бэлдсэн. Өнөөдрөөс эхлээд Улаанбаатар хотын 279 цэгээр борлогдож эхэлсэн. Үүнээс гадна үйлдвэр аж ахуйн газруудад арав гаруй тонн мах хадгалж байгаа. Экспортод мах гаргахгүй байна. Ийм учраас энэ хавар махны хомсдол үүсэхгүй. Байгаа нөөцөө жигд хүргэх ажил чухал байна. Энэ чиглэлээр ажлын хэсэг гарсан.
Хамгийн гол нь үнийн хөөрөгдөл гаргахгүй байх нь зах зээлийн хангамж тогтвортой байх асуудал. Зах зээл рүү нийлүүлэх бүтээгдэхүүний нөөц хангалттай байгаа энэ үед хэт огцом нэмэгдсэн хэрэглээ гаргах нь үнийн савлагаа гаргах нөхцөлийг бий болгоно. Тиймээс иргэд бөөнөөр нь хүнс нөөцлөх шаардлага байхгүй. Байнгын тогтвортой нийлүүлэлт хийгдэнэ. Улаанбаатар хотод өдөрт 100-120 тонн мах нийлүүлэлт хийгдэнэ. Гурилын хувьд бүтэн жилийнхээ хэрэгцээг хангах хэмжээний түүхий эдийг гурилын үйлдвэрүүд бэлтгэсэн. Оны эхнээс 60 мянган тонн хүнсний буудай импортлох зөвшөөрөл олгогдсон. Энэ импорт эхнээсээ орж ирж байна. Гурилын 3-5 сарын тогтвортой нөөцтэй байгаа.
Хоёрдугаар сарын 20-ны өдөр стратегийн нөөц бий болгох зорилгоор хүнсний улаан буудай импортлох зөвшөөрөл олгосон. Буудайг импортолж оруулж ирэх аж ахуй нэгж тодорсон. Үндэслэлгүй үнэ нэмсэн асуудал гарсан байвал Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлаа газартай хамтран хуулийн дагуу хариуцлага тооцно" хэмээн мэдэгдэв.
Мөн нөөцийн махыг өнөөдрөөс худалдаанд гаргана. Өдөр болгон 100 тонн махыг нийслэл болон суурин газрын хэрэглэгчдийн махны хэрэгцээнд борлуулах аж. Харин үнийн хувьд
- Үхрийн мах- 7700 төгрөг
- Хонины мах- 6700 төгрөг
- Ямааны мах- 6200 төгрөгөөр худалдаалагдах юм байна.
Нөөцийн махыг нэг уутыг нь 2-3 кг байхаар савласан бөгөөд нэг иргэнд 2-3 уутыг нэг дор худалдана гэдгийг Улаанбаатар хотын ерөнхий менежер, Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр онцлов. Энэ нь махны хомсдол үүсгэхгүй байх бодлого юм. Энэ жил махны нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүлж, долдугаар сар хүртэл нийлүүлэлтийг хэвийн явуулахаар ажиллаж байгаа аж.
Иймд иргэд тайван байж хүнс нөөцөлж, хомсдол үүсгэхгүй байхыг уриалж байна. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг хөөрөгдүүлсэн. зүй бус бизнес явуулсан аж ажуй нэгж, зах худалдааны төвүүдийн тусгай зөвшөөрлийг цуцалж хүчингүй болгох мөн Зөрчлийн тухай хуулинд заасны дагуу 5-20 сая хүртэл төгрөгөөр торгох арга хэмжээ авна гэдгийг ШӨХТГ-аас анхаарууллаа.
Зочин · 2020/03/11
хүчит шонхор. хархорин зөвшөөрөлийг цуцал махний үнэ тэнгэрт хадаасан