ХӨСҮТ-д эмчлүүлж буй Франц иргэний биеийн байдал хэвийн байна
2020/03/13
Шинэ коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон Францын иргэнтэй харьцсан иргэдээс авсан шинжилгээний хариу гарч, "Өнөөдөр 10:00 цагийн байдлаар халдвар авсан гадны хүнтэй хамгийн ойр байсан есөн хүн болон нийт 58 хүний шинжилгээ сөрөг буюу халдваргүй гарлаа. Нийлбэр дүнгээрээ өчигдрийн 149 иргэн дээр нэмэгдэж 58, нийтдээ 207 хүний шинжилгээ сөрөг буюу халдваргүй гараад байна. Шинжилгээ үргэлжилж байна. Эдгээр хүмүүст 7, 14, 21 хоногийн давтамжаар дахин шинжилгээ хийнэ. Одоогоор ХӨСҮТ-д тусгаарлан ажиглаж байна" гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлсэн.
Увс аймгийн Бөхмөрөн сумын Ямаатын аманд тусгаарлагдсан Англи Улсын иргэн буюу халдвар авсан Францын иргэнтэй онгоцонд хамгийн ойр сууж ирсэн зорчигчоос авсан сорьцыг өчигдөр 17:00 цагт ХӨСҮТ-д хүлээн авч, лабораторид шилжүүлсэн байна. Түүний шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусийн халдваргүй гарчээ.
Ингээд өнөөдрийн ЭМЯ-наас хийсэн хэвлэлийн хурлын мэдээг хүргэе.
Өнөөдрийн байдлаар 1173 иргэнийг ажиглалтад авч хяналтад авчээ. Сэжигтэй 280 тохиолдлыг тусгаарласан байна. ХӨСҮТ дээр хэвтэн эмчлүүлж байгаа Франц иргэний биеийн байдал хэвийн байгаа гэв.