Ийм монгол, ийм эр хүн “Тэнүүн огоо” автобус компанид жолоо барьж, олон нийтэд үйлчилж явна. Уржигдар буюу энэ сарын 2-ны өдрийн өглөөний 09.30 цагийн орчимд Гэсэр сүмийн урд уулзвараас эхлээд л дүүрэн зорчигчтой хэрнээ хоёр том оврын автобус нэг нэгнээ шахаж, урд хойгуураа уралцан, дайралцаж бараг л мөргөлдөх нь ээ. Гэтэл тэдний уралцаан дундуур “audi” маркийн суудлын жижиг тэрэг санаандгүй орчихсноор 60-22 УНӨ улсын дугаартай, бөөрөн дээрээ нийтийн тээврийн 9-197 гэх бүртгэл бүхий автобусны жолоочийн уур уцаар, анхаарлыг өөр рүүгээ шилжүүлж орхив бололтой.

Өөрийн үеийн зовлоготойгоо үзэлцэж явсан мань эр энэ мөчөөс эхлэн Баруун 4 замын уулзвар хүртэл урдуураа орсон мөнөөх суудлын тэргийг шахаж, ална зүхнэ болон улмаар цонх нь онгорхой явсан хөөрхий жолоочийн улаан нүүр рүү нулимж уураа гаргав. Тэрчлэн машиныг нь молоконы лааз хэмээн доромжилж байна. Ямартай ч дэлхийд аюулгүй байдлаараа номер нэгт эрэмбэлэгддэг герман автомашиныг молоконы лааз гэвэл бусад нь цаасан хайрцаг болж таарах нь “Тэнүүн огоо”-гийнхонд. Барьж буй барилгынхаа дээрээс эрээ цээргүй шүлсээ хаяад зогсч байдаг хятадуудын нэгэн адил бусдын нүүр рүү хэнэг ч үгүй нулимж орхисонд нь мөнөөх “молоконы лааз”-ын жолооч харин тэссэнгүй. Үүнээс илүү доромжлолыг тэсч чадах монгол эр хүн үгүй л болов уу. Гэхдээ тэсэлгүй бухимдлаа гэхдээ автобусны жолоочтой уралцаж, арцалдсангүй. Учир нь автобус дүүртэл чихэлдсэн бусад зорчигчдыг хүндэтгэхдээ нэг гараа нөгөөгөөрөө барьж, харин гомдлоо бааз руу нь гаргахаар утас цохьжээ. “Тэнүүн огоо” автобус компанийн захирлын гэх 991100.. дугаарыг лавлахаас авч залгатал мань захирал өөдөөс нь “Манайд тийм дугаартай автобус байдаггүй. Тэгээд ч би Бээжинд явж байна. Чиний гомдоллохыг сонсох цаг, зав алга” гээд утсаа тасласан байна. Ийм соёл, тийм увайгүй харилцаатай нийтийн тээврээр сая хүнтэй хэмээн сайрхдаг их хотын иргэд үйлчлүүлж байна гэдэг дэндүү эмгэнэлтэй биш гэж үү. Жолоочид нь доромжлуулж, захирал гээчид нь загнуулсан эрхэм хаана хандахаа мэдэхээ больж, тайвширъя гэхнээ нүүрэнд нь наалдсан бөөлжис цутгам шүлсний үмхий үнэр санаанаас нь үл сална. Тиймээс тэрбээр Үндсэн хуульд заагдсан эрхийнхээ дагуу Иргэний шүүхэд гомдлоо гаргаж, доромжлуулсныхаа хариуг дорвитойхон авахаар шийдэж өмгөөлөгчид ханджээ. Үнэндээ хөлтэй хөлгүй, хүүхэд хөгшид, жирэмсэн гээд түмэн олон зорчигч чихчихээд замын хөдөлгөөнд раллидаж, бусдыг шахаж дайрч дээрэлхдэг, хамгийн дүрэмгүй согтуу галзуу мэт жолооч нар нийтийн тээвэрт л байдаг. Ийм дүрэм журамгүй бүдүүлэг байдал хэдий хүртэл оршсоор байх вэ, Нийслэлийн Замын цагдаагийн дарга аа (Замын цагдаагийн газар татан буугдаж, Нийслэлийн Замын цагдаа гэх болсон. сурв), Нийтийн тээврийн хяналтынхаан.

С.ЧУЛУУ