Гэмтлийн эмнэлэгийн дарга болж тоглох уу
2014/04/06
Гэмтлийн эмнэлэгт өрнөж буй даргын асуудал нэг тийш шийдэгдэх биш нэлээд олон хүн хэлэлцэж байж шийдвэр гаргах шатандаа орж байх шиг байна.
Нэг талаар энэ асуудал энэ салбарын доройтол чинээндээ тулж байгааг ч харуулж байгаа бололтой. Эмнэлгийн салбарт асуудал их байгаа талаар хангалттай олон жишээ дурьдаж болно. Харин бүхэл бүтэн нэг эмнэлгээр хэдэн хүн алга урвуулахын зуур тоглоод сууж байдаг нь эмнэлгийн үйлчилгээний чанар муудсан гэдгээс ч долоон дор сонсогдох болсоор удав. Угтаа бол Гэмтэл согог судлалын үндэсний төвд бусад эмнэлгээс ч илүү сайн удирдлага хэрэгтэй. Нийслэлд осол, гэмтэл их гардаг, тус эмнэлгийг зорин очих хүмүүсийн тоо буураагүй, хүнд бэртэлтэй хүмүүс цаг тутам хүргэгдэн очдог гээд бодохоор тэр.Харин одоо тус эмнэлэг удирдлагагүй, толгойгүй байна. Энэ байдал нэлээд хугацаагаар сунжирч байна. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирлын үүргийг гүйцэтгэж байсан Ц.Энхбаяр нь суудлаасаа буух дээрээ тулангуутал Эрүүл мэндийн сайд Н.Удвалыгаа “хууль бус шийдвэр гаргалаа, саяхан болж өнгөрсөн ГССҮТ-ийн даргын сонгон шалгаруулалт хууль бус байсан” гээд шүүхэд өгчихсөн. Ингээд эмнэлгийг удирдлагаар яаралтай хангах асуудлыг бодохтой манатай тийм л байдалтай болчихсон байгаа ажээ. Ямар учиртай гэдгийг нь мэдэхгүй ч Ц.Энхбаяр салбарынхаа сайдаас 300 сая төгрөг нэхэмжилсэн талаар ч эх сурвалжууд ярих боллоо. Түүнийг томилсон хүн нь Н.Удвал мөн үү гэвэл, мөн. Харин одоо ГССҮТ-ийн үүрэг гүйцэтгэгчийн ажлаа хүлээлгэн өгөх дургүй байгаа нь шинээр томилогдсон даргыг ажлаа авахаар очиход тамгаа аваад алга болсон үйлдэл нь нотолж байгаа юм. Ц.Энхбаярыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон өдрөөс эхлэн тус эмнэлэг тоглоомын газар болж хувирсан бол одоо бүр даамжрах шинжтэй болчихоод байгаа.
Нэг талаар даргын үүрэг гүйцэтгэгчтэй холбоотой асуудал мундахгүй их байхад саяхан л сонгон шалгаруултад тэнцлээ хэмээн нэрээ зарлуулж, эмнэлгийн даргаар ажиллана, ГССҮТ-д үүссэн маргааныг нэг тийш нь болгоно гэсэн хүлээлт үүсгэсэн А.Мөнхтайван “Энэ ажлыг хийж чадахааргүй боллоо” гээд алга болсон нь ГССҮТ тоглоомын талбар болсныг дахин нотолсон үйл явдал болсон гэж хэлж болно. Сонгон шалгаруулалтад ганцаараа тунаж үлдэн, энэ албан тушаалд томилогдсон А.Мөнхтайван өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа татгалзсан шалтгаанаа ар гэрийн гачигдалтай холбон тайлбарласан байдаг. Түүнд ямар шалтгаан байгааг ч мэдэхгүй ч бүхэл бүтэн улсын гэмтлийн эмнэлгийг удирдаж чадна гэж шалгаруултад оролцчихоод цагаа тулахаар болилоо гэсэн нь эрүүл мэндийн салбар нэг л биш байгааг дахин нотолсон үйл явдал болсон юм. Гэхдээ түүнийг ийм шийдвэр гаргасан цаг хугацаатай, Ц.Энхбаяр Эрүүл мэндийн сайдыг шүүхэд өгсөн тэр л үйл явдал давхцаж байгаа нь анхаарал татаж байгаа юм. ГССҮТ-ийнхөн энэ талаар “А.Мөнхтайван ямар нэг шахалтаар ийм шийдвэр гаргасан ч байж магадгүй” гэлцэж байгаа юм билээ. Мөн сонгон шалгаруулалтын дүнг бараг сарын дараа зарласан нь ч ингэж хэлэх нэг шалтгаан болж байгаа ажээ.
Ямартай ч үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон, сайдын тушаалаар очсон хүн нь халаа сэлгээ хийж, мэргэжлийн эмч нарыг ажлаас нь халсан, бүхэл бүтэн эмнэлгийг тэр чигээр нь бужигнуулсан, дараа нь өөр нэг хүн захирлын сонгон шалгаруултад орно гээд орж тэнцчихээд хийж чадахгүй нь гэж шийдвэрээ буцаасан энэ үйл явдлууд ГССҮТ-ийн үйл ажиллагааг доголдуулж байгаа нь үнэн. Сонгон шалгаруулалт явуулж, шинэ захиралтай болсон байсан учраас Ц.Энхбаярыг албан тушаалаас нь чөлөөлсөн. Ингээд тус эмнэлэг одоог хүртэл удирдлагагүй байгаа юм. Үйл явдал ийн өрнөж байх зуур эмнэлгийн ажилчид цалингаа авч чадахгүйд хүрсэн, дээрээс нь байгууллага хоорондын гүйлгээ хийж чадахгүй байгаагийн улмаас эмнэлгийн эм тарианы хангамж тасалдахад хүрсэн байдалтай байгаа талаар эмнэлгийн ажилчид ярьжээ. Ямартай ч дарга болж тоглосон хүмүүсээс болоод одоо тус эмнэлгийг хэсэг хугацаанд орлогч дарга нь удирдах гэж байгаа. Улмаар дахин сонгон шалгаруулалт явуулахаар төлөвлөж байгаа ажээ. Сонгон шалгаруулалтад А.Мөнхтайвантай цуг эмнэлгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Энхбаяраас гадна Стратеги, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Б.Батмагнай, Яаралтай тусламж, эрчимт эмчилгээ хариуцсан захирлаар ажиллаж байсан Р.Энхсайхан, Түлэнхийн төвийн захирал асан Б.Хишигсүрэн нар өрсөлдөж байсан. Нэг ёсондоо сонгон шалгаруулалт түүнээс бусад нь дахин өрсөлдөх магадлал өндөртэй гэсэн үг. Ц.Энхбаярын хувьд эмнэлгийн албан ёсны дарга болохын тулд сайдыгаа шүүхэд өгөхөөс авахуулаад юу эсийг ч хийж мэдэхээр байна.
Т.УРАНГЭРЭЛ