Сонгуулийн их сунгааны яг босгон дээр манай улсыг шар толгойтнууд Хар жагсаалт руу чихэх болсон нь төр баригчдын цухлыг барав.

Шаргал ордондоо “хэдэн мал”-ынхаа буянд санаан зоргоор “жаалж” явсан тэд ирэх дөрвөн жилд үргэлжлүүлэн туйлах эрхийнхээ төлөө юу эсийг амлалаа даа. Одоо энэ аянга шиг мэдээний цаад учрыг монголчууд ойлгочихвол дууслаа л гэсэн үг. Бушуухан шиг хүн, малдаа мөнгө тарааж, хүүхэд хуурах адил анхаарлыг нь сарниулах шаардлага тулгарлаа. Ингээд “Хүүхэд бүрт 100 мянга, ямаа болгонд 20 мянган төгрөг” гэж зарлав. Зөвхөн хүүхэд болон халамж шаардсан хэсэгт төр гараа сунгана гээд орхивол “уйтгартай” тул Хар жагсаалтын бараан мэдээг дарж дийлэхгүй. Тиймээс ямаагаа нэмж оруулаад, сошиал багийнхнаараа сэвүүлж орхиход, өнөө “хэдэн мал” нь дагаж майлаад мартах нь гарцаагүй. Яг л Саарал жагсаалтад орсны дараа олны хайртай бөхчүүдийг шийтгэж массыг талцуулангуутаа, баячуудаас тусгай зөвшөөрөл хураасан мэдээгээр “мялаасан” шигээ бужигнуулаад, мартуулахыг санаархаж байна.  Коронавирусийн улмаас эдийн засаг хүндэрч, ажил, орлогоо алдсан иргэдийн цаана цөөнгүй хүүхэд өлсөж, хохирч байгаа нь үнэн. Эдийн засгаа аврах 5.1 их наядын хөтөлбөр зарласан эхний шийдвэрээр хүүхдийн мөнгөнд дөнгөж 10 мянган төгрөг нэмээд, харин ямааны ноолуурыг 100 мянган төгрөгөөс бууруулахгүй авах хатуу босго тавьж байв. 

Хэдхэн сарын дараа Хар жагсаалтын “буянаар” халамжийн ханш суга өсөж, хүүхэд бүрт 100 мянгыг толгой дараалан хуваарилж башийлгалаа. Ингэснээр ямаанд 100, хүүхдэд 20 байсан харьцаа орвонгоороо эргэж, нэг хүүхэд таван ямаатай дүйцэхээр түвшинд дээшилж ирэв. Хүүхдийнхээ тоогоор зуу зуугаар нь авах болсон эцэг эхчүүд ч ажилгүй болсноо мартаж, амралт зугаалганд явах төлөвлөгөө гаргаж эхлэв. Мэдээж хүнд үед өгөөмөр гараа сунгасан эрх баригчдадаа дахин санал өгнө хэмээн толгой дохин хүлээн зөвшөөрч, өөр зуураа баярлан ярилцана. Бага чулуугаар их чулуу хөдөлгөж, хор найруулж, дарь нухахдаа гаршсан дээдчүүл шийдвэртээ хавчуулсан ямааны мөнгө нь хүүхдийн тэтгэмжээс ч илүү гавьяа тэдэнд авчрах бололтой. Малчдын саналыг авахын тулд зарласан ноолуурын өндөр ханшны эсэргүүцэлд Ч.Улаан сайдын ширэн нүүрийг урдаа бариад ч тусыг эс олсон “малд” хайртай түшээд хүүхэд-ямааны мөнгийг уухайлан дэмжиж байна. Ямааны толгой ямбанд байдаггүй, янтгар хатан зарга шүүдэггүй гэж эртнээс ярьж ирсэн монголчууд өнөө цагт ямаагаа дээдлэн өсгөж, хот бараадсан хэд нь хүртэл таван ямаа гаднаа тэжээхийг хүсдэг болов. 

2008 оны сонгуулийн өмнө “Эх орны хишиг” ярьж, хүүхдийн мөнгө 3000 төгрөгтэй зэрэгцэн ямаа бүрт 5000 төгрөг олгох шийдвэр гаргаж ямаашихын эхлэлийг тавьсан. Зуун ямаатай айлд сул орж ирэх 500 мянган төгрөг тухайн үеийн оюутны хагас жилийн сургалтын төлбөрийг даах хэмжээний мөнгө байлаа. Цалинтай ямаа хөтөлбөр нь өдгөө царай зүсээ хувиргасаар ноолуурын урамшуулал болж, мачдаас зулгаах саналын жин дарах хүндрүүлэгч болжээ. Энэ мэт “баярт” мэдээг зөв, буруу гэж шүүж, ямаагүй нэг нь хохирлоо нөхөн төлүүлэх талаар маазарч, ямаатай бусад нь хүртэх ёстойгоо хүртэж буйн мэдрэмжээр аархаж суух хойгуур Монгол Улсыг Европын холбооноос Хар жагсаалтад оруулчихлаа. “Саарал жагсаалтад орсон улсуудыг Хар руу автоматаар бүртгэдэг журмаар л явж байгаа асуудал, удахгүй сулраад гараад ирнэ” гэж тайвшруулах тайлбар нь даанч өрөвдөлтэй. Хөмөрсөн тогоон дотор хүүхэд, ямааны мөнгөөрөө насан туршдаа тансаглана гэх ойлголттой иргэдэд Хар жагсаалтад орсноор үүсэх хүндрэлүүдийг тайлбарлаад ч нэмэргүй бололтой. Саарал жагсаалтад FATF-ийн зургаан зөвлөмжийг хангаагүйн улмаас орсон гэж шилээ маажин тайлбарлах албаныхны дэргэд Хууль зүйн сайд маань сайн ажилласан гэж өөрт нь илгээсэн талархлын бичиг гээчийг гайхуулан суусан нь саяхан юмсан. Дэлхийн бусад гүрнүүд Саарал жагсаалтад орсон улс орнуудтай санхүүгийн гүйлгээ хийхдээ болгоомжилж, хянаж шалгуулахад хугацаа алдаж, татгалзсан хариу олонтаа сонсдог хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулалтын алтан боломжуудаа алдсаар ирлээ. Харин одоо Хар жагсаалтад орчихлоо. За энэ ч яахав, хүүхдийн мөнгө ямааныхаас их болчихоод байна.

Засгийн газрын мэдээ сонин