Өнгөрсөн долоо хоногт улс төр нэлээд бужигнав. Удаан хугацаанд хуралдахгүй байсан Үндсэн хуулийн цэц “амь орж” Сонгуулийн хуультай холбоотой маргааныг хэлэлцэв. Ерөнхий сайд асан  М.Энхсайханд анхан шатны шүүхээс ял оноов.  Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболдыг хуулийн байгууллагаас цагдан хорьлоо. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ч улс төрийн хүрээнд анхаарал татаж эхэллээ. 

Энэ мэтчилэн өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна. 

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УИХ-аас баталсан Сонгуулийн хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хэлэлцлээ. Тухайлбал, Сонгуулийн тухай хуулийн 29  дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэгт “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно”, 32 дугаар зүйлийн 32.2.9 дэх заалтад “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа” гэж нэмэлт оруулсан нь Үндсэн хуулийн зөрчилтэй гэсэн мэдээллийг хуульчид гаргаад байв.  Цэцийн гишүүд маргааныг  хэлэлцээд тухайн заалтууд нь Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлтийг гаргалаа.  Хуралдаанд  цэцэд мэдээлэл гаргасан өмгөөлөгч Л.Мөнхсайхан, гавьяат хуульч Ц.Шаравдорж, хуульч Ё.Бямбатогтох нар оролцсон.  Харин парла­ментын итгэмжлэгдсэн төлөө­лөгчөөр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ирсэн байна. Цэцийн шийд­вэрийн талаар өмгөөлөгч Л.Мөнх­сайханаас тодруулахад “Цэц ээлжит захиалгат шийдвэрээ гаргалаа. Сонгуульд нэр дэвших хүнд эрүүгийн нэмэгдэл ял оноож болохгүй. Улмаар СЕХ нь Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллага болчихлоо.  Энэ нь яалт ч үгүй Үндсэн хуулийн зөрчилтэй асуудал байв.   Гэтэл цэц Үндсэн хуулийн зарчмаа хамгаалж чадсангүй. Томилгооны хараат байгууллага гэдгээ дахин нотоллоо. Хүнийг бүх насаар нь яллаж болохгүй, тэр тусмаа Сонгуулийн хуулиар нэмэгдэл ялын харилцааг зохицуулах нь Үндсэн хуульт нийгэмд байж болохгүй асуудал.  Хуулийн нэмэгдэл ялыг СЕХ –гоор гүйцэлдүүлэхээр заасныг ч хуульчийн зүгээс эсэргүүцэж байна” гэсэн юм. Улмаар цэц энэ асуудлаар 2008 онд дүгнэлт гаргасан байдаг бөгөөд  одоог хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гэдгийг хуульчид хэлж байлаа. Тэгэхээр цэц Үндсэн хууль болоод Цэцийн дүгнэлтийнхээ шийдвэрийг гаргаад байна.

 

Ерөнхий сайд асан  М.Энхсайханд Монголын шүүх ял оноов.  Тодруулбал өнгөрсөн долоо хоногт М.Энхсайханд холбогдох хэргийн шүүх хурал гурван өдөр үргэлжилсэн. 

 

Прокуророос М.Энхсайханд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийг тусгаарлаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт нэгтгэн шүүгдэгч М.Энхсайханд шүүхээс ял оноов.  Шүүхээс түүний нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасч, 4.6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, эрх хасах ялыг хугацаатай хорих ял эдэлж дууссан цагаас эхлэн тооцсон, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Харин М.Энхсайханы өмгөөлөгч Д.Оросоо шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдана гэдгээ мэдэгдээд байна.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэс Тавантолгой” ХХК гүйцэтгэх захирал асан  Д.Ариунболдыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн баривчилжээ. Түүнийг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна. Эх сурвалжийн мэдээллээр Д.Ариунболдыг баривчилсан нь гурван жилийн өмнөөс яригдаж байгаа нүүрсний хулгайн хэрэг гээчтэй холбоотой юм байна. Түүнчлэн Д.Ариунболдын асуудалд УИХ-ын байнгын хорооны дарга, нэр бүхий дөрвөн гишүүн холбогдож буй бололтой. УИХ-ын ээлжит сонгууль ойртсон ийм цаг үед болсон гэнэтийн баривчилгааны ард юу ч байж мэднэ гэдгийг учир мэдэх хүмүүс бас хэлж байна.

 

 

 

Д.Ариунболд нь 2016 оны есдүгээр сарын 2-нд "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдож байв.  Мөн  ажлаа аваад хэдхэн сарын дараа буюу 2017 оны гуравдугаар сарын 30-нд Чалкогийн өрийг өлж дуусгасан тухайгаа зарлаж байсан билээ.

 

 

 

УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзээд байгаа Н.Номтойбаяр өнгөрсөн долоо хоногийн эхэнд мэдэгдэл хийсэн.  Тэрээр телевизийн нэвтрүүлэгт орох үеэрээ өөртэй нь холбогдоод байгаа хэргүүдийн талаар тайлбар өгсөн юм.  2020 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшинэ, ХЗДХ-ийн сайд  Ц.Нямдоржийн тойрогт очиж өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл түүний маргааш нь  УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг албадан ирүүлэх захирамжийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан. Прокуророос Н.Номтойбаярыг удаа дараа дуудаж, өмгөөлөгч Н.Мандахад мэдэгдсэн ч хүндэтгэх шалтгаангүй ирэхгүй байгаа байдлыг нь үндэслэн албадан ирүүлэх саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ. Уг хүсэлтийг шүүх хэлэлцээд НПГ-т албадан ирүүлэх захирамж гаргасан байна. Түүнчлэн гишүүн асан  Н.Номтойбаяр өнгөрсөн баасан гаригт дахин мэдээлэл хийв.  Тэрээр “Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-д худал мэдээлэл өгсөн, намайг гүтгэн доромжилсон. Албан тушаалынхаа давуу эрхийг ашигласан. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хоёр ноцтой заалтыг зөрчсөн. Намайг худал мэдүүлэг өгсөн. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байхдаа хууль зөрчиж шийдвэр гаргасан гэж хэлмэгдүүлж, гүтгэж байна. Ингэж байгаа бол би нотлох баримт дээр нь үндэслэж, тэр хүнийг шалгуулж болохгүй гэж үү. Тэр прокурор байлаа гээд хуулиас давуу байж болохгүй. УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвших 208 бие даагчдын нэрс дөрөвдүгээр сарын 28-ны өдөр олон нийтэд ил болсон. Гэтэл маргааш нь буюу дөрөвдүгээр сарын 29-нд  АТГ-аас намайг дуудаад яллагдагчаар татсан тогтоолтойгоо танилц.

 

 

 

Бид өөрчлөлт оруулсан, мэдүүлэг авна гэсэн. Гэтэл ямар ч боломж олголгүй яллах дүгнэлт үйлдчихсэн, ирж ав гэсэн. Улстөрийн захиалгаар яллах дүгнэлт үйлдсэн учраас би очиж аваагүй. Намайг албадан ирүүлэх шийдвэр гарсан. Уг нь хуулиараа бол НПГ хүчээр авчирч яллах дүгнэлттэй танилцуулах байтал Чингэлтэй дүүргийн шүүхийн коридорт яллах дүгнэлтэйгээ танилц гэсэн.

 

 

 

Ер нь хуулийн байгууллагууд болох цагдаа, АТГ, НПГ-ын удирдлагууд нь бүгд л улс төрийн томилгоогоор томилогддог. Тэдэнд улс төрөөс ангид байх эрхзүйн орчин алга” гэсэн тайлбарыг өглөө.

Ийнхүү сонгуулийн өмнөх цаг үед хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаа эрчимжиж эхэллээ.  Үндсэн хуулийн цэц улс төрийн зорилгоор Үндсэн хуулийнхаа эсрэг дүгнэлт гаргав.  “Эрдэнэс Тавантолгой”-н экс захирлыг баривчлав.  Түүний ард УИХ-ын хэд хэдэн гишүүний нэр холбоотой яваа гэдгийг улс төрийн хүрээнд ярьж байна.  Хуулийн байгуул­лагуудын “сонгуулийн ажиллагаа” эхлэв үү?

 

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин