Мэргэжил: Эдийн засагч, маркетер

Боловсрол: ОХУ-ын ДГТУ- ын Бизнесийн удирдлагын н магистр, Эдийн засгийн ухааны доктор

Хэлэх дуртай үг:  Хүн бүр өөрийнхөө бодож байгаагаас хавьгүй ихийг бүтээж чадна

 

УИХ-ын сонгуулийн 29-р тойрогт  бие даан нэр дэвшигч А.Галбадрахтай ярилцлаа.

 

-Та улс төрд орох болсон шалтгаанаа тайлбарлаж өгөөч. Ямар зүйл таныг ийм шийдвэр гаргахад хүргэсэн бэ?

 

-Бидэнд Лейдершип (манлайлал) байхгүй байна.  Монгол Улсад Эдийн засгийн нөөц бий. Хажуухан талд маань дэлхийн эдийн засгийн 20 хувийг дангаараа эзэмшдэг Хятад улсын том зах зээл байна. IQ өндөртэй залуус маань олон , EQ өндөртэй иргэд ч бий. Тэгээд юу болохгүй гэж. Энийг удирдаад аваад явах шинэ өнцгөөс харах залуучууд хэрэгтэй. Гадна талд асар их технологийн өөрчлөлт явагдаад байдаг . Бид нар тэндээс хоцрох ёсгүй. Тэгвэл өнөөдрийн байгаа улс төрчид энийг хийж чадах уу ?

Хатуухан хэлэхэд  өөрсдийгөө боддог улс төрчид энэ орчин үеийн технологи шингэж байгаа ухаалаг дижитал эрин үед , энэ өндөр мэдлэг мэдээллийн эрин үед биднийг авч явж чадна гэж та бодож байна уу? Тийм учраас бид нар орж ирж байгаа.

 

-Нийгмийн ямар асуудал таныг хамгийн их бухимдуулдаг вэ. Тэрхүү асуудлыг хэрхэн шийдэх гарц байна гэж та хардаг вэ?

 

-Тэгш бус байдал. Орлогын тэгш бус байдлыг өөрчлөх ёстой. Түрүүний яриад байгаа Social   marкet economy хамтын эдийн засгийг бий болгож байж иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлнэ. Шулуухан хэлэхэд Монгол Улс цаашдаа орлого ихтэйгээс нь өндөр татвар аваад , орлого багатайд  нь хуваарилдаг системд орох  шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл боломж муутай амьдар ч байгаа орлого багатай эмзэг бүлгээ илүү дэмжих юм. Аль аль талдаа том зургаар харвал ашигтай шүү дээ. Энэ чинь төрийн анхдагч үүрэг.

Энийг заавал хэрэгжүүлж байж тэгш бус байдал  арилна. Ер нь сүүлийн үеийн эдийн засаг shared economy, new economy, social economy болоод энэ бодлогууд явж явж ганцаараа та идэхгүй шүү , хувааж иднэ шүү гээд байгаа. Дэлхий нийтээрээ энэ талруу орцон . Өнөөдөр тэгш бус байдал юугаар илэрхийлэгдэж байна уу гэхээр  GINI-н коэффициентээр илэрхийлэгдэж байна. Манайхыг 35 хувь гээд үзээд байгаа. Энэнээс ч их байх магадлал өндөр.Тийм болохоор үүнийг бид нар буулгах ёстой.

 

 

 

Баян хоосны ялгааг аль болохоор багасгаж нийгмийн дундаж давхаргыг өртгөтгөх, орлогыг нэмэгдүүлэх ёстой.

 

 

 

-Залуусын дуу хоолой, орон зай Монголын Улс төрд ус агаар мэт хэрэгтэй гэдэг ч бодит байдалд нөгөө л нэр бүхий хүмүүс сонгогдсоор нэр дэвшсээр байх юм. Өөрчлөх гарц, боломж байна уу?

 

-Үүнийг өөрчлөхийн төлөө залуучууд бид зориглох ёстой. Өнөөдөр Монгол Улс  Castе-н системд ороход бэлэн болсон байна. Энэ өөрөө Энэтхэгийн систем шүү дээ. Зөвхөн баян хүмүүс нь улс төрд байдаг , тэр дээд зиндааныхан л бүхнийг шийддэг. Өөр бусад хүнийг оруулдаггүй. Хэрэв бид энэ байдалдаа ахиад дөрвөн жил байвал Castе-н системд ороход бэлэн болсон байна. Үүнээс сэргийлэх ёстой, бодит ардчилал хөгжих ёстой.

 

 

Яагаад гэхээр мэдлэг, чадвар гэдэг чинь ганцхан мөнгөтэй баян хүнд л заяадаггүй л байхгүй юу. Хүний байгалиас авьяас чадвар гэж байдаг юм шүү.

Тэр бүгдийг бид нар хэрэгжүүлээд, Монголд төрсөн хүүхэд болгоныг хөгжүүлээд жинхэнэ авьяасыг гаргаж ирдэг тэр системийг буй болгохгүйгээр бид цаашаа хөгжил гэж яриад хэрэггүй.  Тийм учраас залуу үе хэрэгтэй. Өнөөдөр зүгээр хөрөнгө мөнгөнд дулдуйдсан, хөрөнгө мөнгөний төлөө хувийн эрх ашгийн төлөө явж байгаа ийм улс төр хэрэггүй. Бидэнд улс орныхоо хөгжлийн төлөө явж байгаа, технологийг ойлгодог залуу үе хэрэгтэй. Ирээдүй бол Quantum Economic руу явж байна.

Тэгэхэд бид одооноос эхэлж бэлдэхгүй бол хэзээ иргэдээ бэлдэхийн. Дэлхийтэй хөл нийлүүлэн алхахын тулд улс төрд залуу үе орж ирж, сууриа тавих хэрэгтэй. Монголчууд юмыг алгасах дуртай. Манайд маш сайн малын эмч, чадвартай эрүүл мэндийн салбарынхан, IT залуучууд, инженерүүд,  багш нар байна.Эдгээр хүмүүст цалинг нь хангалттай өгөөд, ажиллах орчноор нь хангачихад Quantum эдийн засгийг бол дорно хийнэ дээ, асуудалгүй. Гол нь юу вэ гэхээр чиглүүлэх ёстой. Тэр олон оюуны өмчийг нэг цэг дээр авчрах ёстой.

 

-Монгол төрийн залгамж чанар хэт намчирхсанаас болж тасалдах нь их болжээ. 20 жил салбартаа ажилласан мэргэшсэн хүнийг өчигдөр цүнх бариад гүйж явсан  салбарынхаа талаар ойлголтгүй хүн даргалж, зааварлаад байх нь хэр зохимжтой юм бол. Энэ мэт байдлаас болж  төрийн ажил унаж, олон нийт хохирох нь бий?

 

-Өндөр хөгжилтэй орныг харахаар хүчтэй төр, төрийн тогтолцоотой байж явдаг юм байна. Япон, Солонгос, Герман гээд жишээ олон. Өнөөдөр Монгол юу болчихов гээд анзаарахаар төр нь жижиг болоод нам нь төрийнхөө дээр гарчихаж.

 

 

 

Ирээдүйд яах ёстой вэ гэхээр төр хөгжлийн бодлогоороо хүчтэй төлөвлөлт хийгээд, төр чадавхижих ёстой. Хүчтэй төртэй байж залгамж чанар, ой санамжтай төрийг бүрдүүлнэ.

 

 

 

Тэгэхээр улс төрийн нэг нам орж ирээд савлуулах боломжгүй. Ялангуяа энэ манай  Либералууд сүүлийн 30 жил юу сурталчилсан  гэхээр  төр гэж ямар хэрэгтэй юм гэж явсан. Төр гэдэг үгний чинь цаана Монгол Улс байгаа. Хэн дуртай нь гарч ирээд энэ төрийн албан хаагчдыг солиод байна. Үгүй байхгүй юу.  Бусад оронд яадаг вэ гэхээр төр нь илүү хүчтэй зөвхөн дээр нь байгаа сайд солигддог. Төрийн албан хаагчид бол байдгаараа л байна. Төр тогтворгүй учраас бизнес тогтворгүй , бизнес тогтворгүй учраас эдийн засаг замбараагүй байна. Үүний тулд бид нар үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт 25.1.7-д Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлт тогтвортой байнаа гээд үндсэн хуульд заасан.

 

 

-Энэ жил хамгийн олон бие даагчтай сонгууль болж байгаагаараа онцлог байна. Яагаад ийм олон хүн бие дааж байгаа гэж та харж байна вэ?

 

-Улс төрийн намуудын нэр хүнд газарт уначихжээ. Хэрэв улс төрийн намууд өөрийн боловсон хүчний бодлоготой, үнэхээр хөгжлийн бодлоготой бодлогын нам байсан бол ийм олон бие даагч гарч ирэхгүй байсан. Улс төрийн намууд хувийн компани шиг л ажиллаж байна.

 

 

-Бие даагчдыг сонгох хамгийн том шалтгааныг та хэлж өгөөч?

 

-Ямар нэгэн бүлэглэлийн эрх ашигт  бид нэгдээгүй. Цэвэр улс орноо хөгжүүлэх чин хүсэл, тэмүүллээр нэгдсэн хүмүүс. Энэ хүмүүс 100 сая төгрөг төлөөд тэр намын хэсэг бүлэг хүмүүсийн төлөө ажиллахаар нэр дэвшээгүй. Мөнгө төлөөд нэр дэвшээд тэрбум тэрбумаар нь сонгуульд зарцуулаад гарч ирж байгаа тэр хүмүүс гурав нугалж буцааж авахын төлөө явна, явсаар ч ирнэ. Тэгэхээр бид цэвэр улс төрийг хүсч байна.

 

-Таны цаашдын ажилд улам их амжилт хүсье.

 

-Баярлалаа. Та бүхний цаашдын ажилд мөн  гэрэл гэгээтэй сайхан мэдээллээр арвин байхыг хүсье.