-Түүний татвар төлөгчдийн мөнгөөр найрлаж, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж хууль зөрчсөн үйлдэл хэрээс хэтэрчээ-

Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэнг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ. Түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2-т зааснаар яллагдагчаар татан эрүүгийн хэрэг үүсгээд байгаа гэдгийг албаны эх сурвалж онцолж байлаа. Энэ талаар УЕПГ-ын албаны эх сурвалж “АТГ-ын мөрдөн байцаах хэлтсээс ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнтэй холбоотой хууль илтэд зөрчсөн гүйлгээ хийгдсэн талаарх ноцтой баримтууд ирсэн. Дээрх өргөдөл гомдлын дагуу мөрдөн байцаах ажиллагаа явуулсан. Шалгалтаар санхүүтэй холбоотой, улсад онц их хэмжээний хохирол учруулсан байх үндэслэл бүхий баримт, гүйлгээ олдсон. Ингээд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан” гэв. Дээрх хэргийн мөрдөн байцаалт дуусаж, хавтаст хэргийг прокурорын байгууллага руу шилжүүлжээ. Гэвч хууль хяналтын байгууллагынхан дээрх хэргийг нуун дарагдуулж, цаг хугацаа хожиж байгаа гэсэн мэдээлэл бидэнд ирсэн юм. УИХ-ын сонгуулийн дараа дээрх хэрэг хууль хяналтын байгууллагаар эцэслэн шийдэгдэж, ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн дээлээ нөмрөх бололтой. Өөрөөр хэлбэл Л.Бямбасүрэн нь татвар төлөгч та бидний мөнгийг дур зоргоороо үрдэг ажээ. “Шинэ баян цээж өвчтэй” гэдэг шиг л төрийн мөнгөөр хайр найргүй тоглож, энд тэндгүй цацаж, цалгиж явдаг ноцтой баримтыг уншигч та бүхэнд баримттайгаар хүргэж байна.

 

Баримт1

 

ИНЕГ-т Вант улсаа байгуулсан Л.Бямбасүрэнгийн өөрийгөө гэмт хэрэгтэн болгосон 50сая төгрөгийн урамшууллын түүх

 

Энэ талаар өөр нэгэн албаны эх сурвалж Л.Бямбасүрэн нь өөрийн ойр ажилладаг хүмүүстээ цалингийн урамшуулал нэрийн дор бэлнээр тус бүрд нь 50 сая төгрөгийн тэтгэмж олгосон байна. Ажлаа сайн хийсэн гэх нэрийн дор жолооч, найз нөхөд, шахааны хүмүүстээ татавар төлөгчдийн мөнгийг хайр найргүй үрж, мөнгөн тэтгэмж олгосон юм билээ.

ИНЕГ-ын олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүс ч ажлаа сайн хийснийхээ төлөө ийм хэмжээний мөнгөн тэтгэмж авч байгаагүй. ИНЕГ-ын үе үеийн дарга нарын түүхэнд улаан цагаандаа гарч өөрийнхөө тойрон хүрээлэгч нарт ингэж их хэмжээний мөнгө олгож байсан тохиолдол байхгүй. Л.Бямбасүрэн тус газрын дарга болж ирээд ийм түүх бий болголоо гэсэн юм.

Л.Бямбасүрэн өөрийнхөө багийн хүмүүст ил далд янз бүрийн дэмжлэг үзүүлдэг гэнэ. Газрын даргын багт багтсан хүмүүс эрх дураараа аашилж, төрийн байгууллагыг хувийнхаа компани юм шиг ашиглаж явдаг жишээ, баримт мундахгүй гэдгийг эх сурвалж онцолж байлаа. Энэ талаар ИНЕГ-т 20 гаруй жил ажиллаж байгаа, нэрээ нууцлахыг хүссэн нэгэн эрхэмтэй цөөн хором ярилцлаа.

 

-Л.Бямбасүрэн ИНЕГ-ын даргаар ажиллаад гурван жил гаруй хугацаа өнгөрөөд байна. Танай газарт дарга нарын фракцын хүмүүс гэж эрхтэн дархтнууд байдаг. Тэд төрийн байгууллагыг хувийн компани шигээ үздэг болсон гэсэн үнэн үү?

 

-Би 20 гаруй жил энэ салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэж байна. Гэвч Л.Бямбасүрэн шиг бүлгэрхэж, баг гэсэн хүмүүсээр өөрийгөө тойруулж байсан даргыг огт үзээгүй. Шууд ил цагаан “Энэ миний хүн. Энэ хүнээр хэн ч оролдож болохгүй. Манай хүний хэлсэн үг миний хэлсэн үг гэж дагаж мөрдөж байгаарай” гэдэг. Нөгөөдүүл нь өөртөө таалагдахгүй хүмүүсээ ажлаас нь шууд халдаг. Дарамталж, шахаж үг дуугүй болгодог. Зөвхөн ховоор ажлаа явуулна. Ажлын хувьд ямар ч шинэлэг зүйл хийхгүй. Зөвхөн өөрсдийнхөө эрх ашигт нийцсэн асуудлыг ажил хэрэг болгодог болчихсон. ИНЕГ-т сайн ажиллах шаардлага огт байхгүй. Зөвхөн Л.Бямбасүрэнгийн ойр ажиллаж байгаа хүмүүсийн арга эвийг олж, байнга долигонож харилцах ёстой. Тэгсэн хүн багтай болж, дэмжлэг авдаг болчихоод байгааюм. Үүдний харуул, цэвэрлэгчээс эхлээд хүн бүр Л.Бямбасүрэн болон түүний дагалдагч нарыг ажлын үүдээр орж ирэхээр бөхөлзөж, урдуур хойгуур нь гүйдэг болсон. Нөгөөдүүл нь мафийн толгойлогч шиг дүр төрхтэй амьтан өрөө рүүгээ орно.

Л.Бямбасүрэн ИНЕГ-т өөрийнхөө Вант улсыг бий болгочихсон гэж болно. Ажлаа мөрөөрөө хийж байгаа эгэл жирийн бидэнд ямар ч цалингийн урамшуулал олгогдохгүй. Тэгсэн мөртлөө ойр тойрны хүмүүс нь их хэмжээний урамшуулал авна. Мөн санхүүгээс мөнгө “идэж” болох бүх аргыг тэд хэрэглэж байна. Холбогдох газрууд санхүүгийн хяналт шалгалтыг хийхэд санхүүгийн олон ноцтой гүйлгээ гарч ирсэн. Л.Бямбасүрэн ажлаасаа халагдахгүй тогтоод байдаг цаад шалтгаан нь үе үеийн салбарын сайд дарга нар, Засгийн газрын эрх мэдэл бүхий хүмүүст санхүүгийн дэмжлэг үзүүлдэг гэсэн.

Шуудхан хэлхэд татвар төлөгчдийн мөнгөөр өөрийнхөө тойрон хүрээлэгчид болоод улс төрчдийг угжиж, өөрийнхөө эрх мэдлийг улам бүр бат болгодог. Улс төрчдийг төрийн мөнгөөр худалдаж авчихаад аархаж, өөрийнхөө вант улсыг бий болгочихсон яваа хүн.

 

-ИНЕГ дээр төрийн ажил явагдахгүй. Хүнд суртал их байгаа гэх шүүмжлэл байдаг.

 

-Үнэн. Эхлээд хүн амь насаа алдсан хэргийн талаар ярих хэрэгтэй байх. Яагаад Вант улс бий болчихсон гээд яриад байна вэ гэхээр газрын даргын хүмүүс ажлын байран дээрээ архи уух нь чөлөөтэй. Яг л баар цэнгээний газарт байгаа юм шиг ууж иднэ. Согтуурхаж хөлчүүрхэнэ. Халамцуу залуус ажлын газрын хүүхнүүдийг татаж чангаах нь энүүхэнд. Ийм архидалтаас болоод хоёр ч хүн харамсалтайгаар амь насаа алдсан. Өнгөрсөн жил нисэх хүчний 94 жилийн ой болсон. Баяраа тэмдэглэж архидалт болсон. Ингээд амралтын газар очиж үргэлжлүүлсэн. Гэтэл тэр үеэр цахилгааны инженер залуу амь насаа алдсан. Үүнийг тэд ор тас нуугаад өнгөрөөсөн. Өмнөх оны арваннэгдүгээр сард Худалдан авах ажиллагааны ахлах мэргэжилтэн X, Б нар нь ажлын байрандаа эхлээд архидсан гэдэг. Улмаар бааранд хамтдаа орцгоосон байдаг. Энэ үеэр хоорондоо маргалдаж, X нь хөндлөнгийн хүрд зодуулан, хүнд гэмтэж нас барсан. Энэхүү хэрэг мөн л ажлын байран дахь архидалтаас улбаатай. Үүнээс гадна тэр хүмүүсийг ажлаас нь баруун солгойгүй хална. Аймгуудын нисэхийн дарга нарыг халчихна. Нөгөөдүүл нь шүүхэд хандаад хэл ам хийгээд явдаг юм билээ гэв.

 

Баримт 2

Төрийн мөнгийг хууль зөрчин хувийн сургууль руу шилжүүлжээ 

 

АТГ-т шалгагдаж байгаа дараагийн хэрэг нь Л.Бямбасүрэнгийн зөвшөөрөл бүхий гарын үсэгтэйгээр ИНЕГ-ын данснаас “Гүрэн” гэх нэртэй хувийн сургуулийн дансанд их хэмжээний мөнгө шилжин орсон байна. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржын гар бие оролцоотой гэгддэг “Гүрэн” хувийн сургуулийн дансруу татвар төлөгчдийн мөнгөөр бороо оруулах болсон цаад шалтгаан нь эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бус үйлдэл хийсэн нь тогтоогджээ. Ямар шалтгаанаар улсын мөнгийг хувийн сургууль руу шилжүүлсэн бэ гэх асуултад тус газрын санхүүгийн албаныхан болон Л.Бямбасүрэн тодорхой хариулт хэлж чаддаггүй аж. АТГ-ынхны хэлж буйгаар өөрийнхөө ойр дотны хүний хувийн бизнесийг дэмжих үүднээс дээрх гүйлгээг хийсэн. Өөрөөр хэлбэл, төрийн мөнгийг хууль бусаар зарцуулсан гэдэг нь тогтоогдсон гэх тайлбарыг бидэнд өгч байлаа.

 

Хэдэн онгоц улсын өмчид байдаг вэ гэдгийг мэддэггүй ИНЕГ-ын дарга

 

УИХ-ын Аюулгүй Байдал, Гадаад Бодлогын Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Болдын асуулт, түүнд хариулсан Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын дарга Л.Бямбасүрэнгийн өгсөн хариулт зарим хүнийг гайхшруулж байлаа. УИХ-ын гишүүн Л.Болдын “Өнөөдрийн байдлаар Монголын иргэний агаарын салбарт 18 зорчигч үйлчилгээний онгоц, хөдөө орон нутгийн чиглэлээр нийт 13 нислэг хийж байна. Эдгээр зорчигч тээврийн үйлчилгээнд явж байгаа 18 онгоцны хэд нь Монгол Улсын өмч вэ” гэсэн асуултанд Л.Бямбасүрэн “Мэдэхгүй ээ, надад тийм материал алга байна” гэж хээв нэг хариулж байлаа. Үүгээрээ ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн маань зөвхөн ажилчдынхаа бэлтгэж өгсөн материалыг л уншдаг нэгэн гэдгээ харуулж байв. Энэ мэдлэггүй, мэдээлэлгүй, хариуцсан ажлаа мэддэггүй байдлаараа тэр Монголд нисэж байгаа арван наймхан онгоцны өмчлөлийг ч мэдэхгүй булайгаа чирж, энэ салбарынхаа ажилтнуудыг нүүр хийх газаргүй болгосон юм. Ийм л хүнээр Монголын төр ИНЕГ гэх том айлыг удирдуулж сууна.

Үргэлжлэл бий..

сонин.мн