"The Hu" хамтлагийн продюсер, гавьяат жүжигчин Б.Дашдондогтой ярилцлаа.


-"The Hu" хамтлаг хандивын тоглолт хийхээр болжээ?

-Энэ сарын 23-ны өдөр болно. Сонгуулийн санал хураалтын өмнөх өдөр гэсэн үг л дээ.

-Тоглолт аль аль сувгаар цацагдах вэ?

-МҮОНРТ, Мобиком, Хаан банк, Хүрээ энтертайнментийн фэйсбүүк хуудсаар дамжуулна. “The Hu” хамтлагийн фэйсбүүк хуудсаар дамжуулах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

-Сүүлийн үед танай хамтлагийн талаар хүмүүс их ярьж байна. Гадаадад байх үедээ Монголоо тоогоогүй, өмнө нь эх орондоо тоглолт хийгээгүй байж сонгуулийн үеэр тааруулж байгаа нь ямар шалтгаантай вэ гэх мэтээр?

-Сонгуулийн үеэр биш сонгууль өгөхийн өмнөх өдөр буюу 23-нд тоглоно.

-Олон улсад гэрээ маш олон зүйл заалттай, нэлээд өндөр түвшинд хийгддэг зүйл. Танай хамтлагийн "Label" компанитай хийсэн гэрээний талаар сонирхож болох уу?

-Борлуулах бүх эрхийг нь энэ компани эзэмшдэг. Оюуны өмч нь над дээр байдаг. Харин борлуулж, зохион байгуулах бүх эрхийг нь тэд авсан. Тийм учраас хаана тоглолт хийх, үгүйг бүгдийг нь тэд мэддэг. Заавал "Label"-ээс асууж лавлаж, зөвшөөрөл авч байж энэ ажлыг хийдэг. Гэрээний дагуу явагддаг зүйл.

-Чингис хаан одонг гардуулахад ирээгүй байж, гадаадад хөл хорионд оронгуутаа "Биднийг ирж аваач" хэмээн төр засгаасаа шаардлаа гэж шүүмжилцгээсэн. Үүнийг та нар яаж хүлээж авсан бэ?

-Энэ бол яригдаж л байдаг зүйл. Одоогийн нийгмийн байгаа байдал нь ийм л байна.

-"The Hu"-гийн бүх тоглолт цуцлагдсан. Монголд ийм тоглолт болох гэж буйг гадаадын шүтэн бишрэгчид нь мэдээд, үзэх хүсэлт гаргасан л байх?

-Youtube-тэй "Label" компанийнхан бас гэрээ байгуулсан. Бид энэ хандивын тоглолтоо "Label"-тай ярьж тохироод хийж байгаа. "Бид Монгол Улсдаа ийм хандивын тоглолт хиймээр байна" гэсэн санал гаргаад зөвшөөрснийх нь дагуу хийх гэж байна. Бидний саналыг хүлээн зөвшөөрч "Та бүхэн энэ хүнд хэцүү үед эх орондоо туслах хэрэгтэй. Тиймээс youtube-тэй хамтраад бид бүхэн олон улсаас танай Монгол оронд хандив цуглуулах ажлыг зохион байгуулж өгье" гэж хэлсэн. Иймээс хоёр талаасаа буюу Монгол Улсаас болон олон улсаас хандив цуглуулах ажил болно гэсэн үг. Улсын онцгой комисст бас гайгүй мөнгө цуглуулаад өгөх санаатай л ажиллаж байна.

-Тоглолт хэдэн цаг үргэлжлэх вэ?

-Зөвхөн дуунууд нь нэг цаг 30 минут орчим болох байх. Нийтдээ хоёр цаг шахам үргэлжилнэ.

-“The Hu” хамтлагийн хөгжмийг сонсохоор Монголд рок хөгжмийн хөг, ая дан Чингис хааны үед ч байсан юм болов уу даа гэмээр бодол төрдөг?

-Ер нь бол миний анх HU рок гэж гаргасан санаа бол ердөө л энэ. Тэр үед манай өвөг дээдэс ан ав хийж, морин дэл дээр хийсч явж байгаад л орой орж ирэхдээ ямар байх вэ гээд төсөөлөөд үз. Жишээ нь, чоно агнаад орой гэртээ орж ирж байгаа хүмүүс чинь саагисан, цус нь хөөрсөн л байна. Тийм хүмүүс чинь махаа хөшиглөж идээд л, шимийн архиа хүртээд л, хуураа хуурдаж дэвэн бүжиглэж байгаа тэр байдлыг харахад л тухайн үед бол Монголд рок байсан. Тэгээд манай үндэсний морин хуур, товшуур хөгжмийн үндсэн хөг нь кварт буюу квинт гэдэг хөг байдаг. Кварт гэдэг хөг өөрөө рок хөг. Хөг нь рок гэсэн үг. Товшуур хөгжим нь өөрөө Хүннү гүрнээс үүсэлтэй гээд бодвол тэр үеэс манайхан энэ хөгийг зохиогоод тоглодог байсан гэсэн үг. Харин дуулалтын арга техникийн хувьд хархираа, шахаа, хөөмэй ч гэсэн рок дуулалтууд. Бүүр багалзуураа шахаж, хоолойны хөвчөө нарийсгаж байж дуугаргадаг. Сүүлийн үеийн гадаадын рок дуулалтууд ч гэсэн хамгийн дээд өнгөө авахдаа хөвчөө шахаж дуугаргадаг дуулалтууд байдаг. Тэгэхээр яг л энэ техникээр л явдаг. Тиймээс өвөг дээдэс маань ч гэсэн дээр үеэс энэ рокийг зохиосон байж таарч байгаа юм л даа.

-“The Hu” хамтлагийн гишүүдийн ерөнхий төрхийг харахад XIII зууны үеийн монголчуудыг илэрхийлсэн мэт санагддаг. Хамтлагийн гишүүдээ сонгохдоо монголжуу байхаар төрхтэйг нь онцолсон уу?

-Бас яг төрхийг нь хараад аваад байвал тоглодог нь ховордох байх. Тэгэхээр аль алийг нь л ижил харна. Үсийг нь ургуулж, сахал тавиулна. Аяндаа төрхийг нь засаад ирэхээр өөрсдөө ороод л эхэлнэ гэсэн үг, төрхөндөө.

-Монголд дээр үед урлагийнхан бригадаар эх орноо тойрно гээд явдаг байлаа. Харин одоо тэгж явах нь цөөрсөн. "The Hu" хамтлагийн хувьд дэлхийг тойрон аялан тоглолт хийнэ гэдэг бол Монголын урлагийн түүхэнд шинэ үзэгдэл байх шүү. Олон улсаар аялан тоглолтоор явахад ер нь хэр байдаг вэ. Ядардаг байх?

-Аялан тоглолтоор юм үзэж харж байгаа ч гэсэн ядрах нь их л дээ. Автобусандаа унтаж, хэдэн сар амьдарна гэдэг амаргүй. Хүмүүс бодохдоо шууд тайзан дээр гараад л олон тоглолт хийж, асар их мөнгө олоод л баяжаад байна гэж боддог. Тийм биш л дээ. Маш олон жил явж байж сая л хоолондоо хүрнэ. Үүнийгээ дагаад автобус, тоглолт хийх заал, реклам сурталчилгааны ажил гээд бүгд л зардал. Тиймээс зардалгүй орлого олоод байгаа юм шиг ийн ойлголтыг хүнд төрүүлэх гээд байгаа нь их сонин. Одоохондоо бол бид багахан үзэгчдэд тоглоод л явж байна. Тоо нь олон юм шиг боловч үзэгч нь цөөхөн. Ер нь бол дээшээ өгсөж л яваа.

Тийм амар зүйл биш. Магадгүй 2-4 жилийн дараа л сая нэг хоолныхоо захад хүрэх байх. Бид харин ч бусад хамтлагийг бодвол харьцангуй хурдан хүчийг авч байгаа хамтлаг шүү. Тэр утгаар нь хараад үзвэл бид бүхэн бас нэлээд их хичээж чармайж байгаа. Гадагшаа яваад байгаа нь эргээд Монгол Улсад маш их ашиг тустай зүйл. Монгол брэндийг хөгжүүлэхийн тулд улс маань их мөнгө зарж сурталчлах гэдэг. Тэр нь амжилт олж байсан түүх ховор. Харин “The Hu” хамтлаг өөрсдийн байгаа байдлаараа улсаа сурталчилж чадаж байна. Үүнийгээ дагаад Монголд орж ирэх жуулчдын тоо асар ихээр өснө. Тэр жуулчдаас манай хамтлаг мөнгө авахгүй шүү дээ. Ард түмэн маань л ажиллаж, жуулчдыг угтан авч мөнгөтэй болно.

Гэрээнийхээ дагуу цаашаа улам бат бөх суурьтай байхын гол үндэс бол хоёр дахь цомог байдаг. Ер нь дэлхийн алдартай том том хамтлагуудын хоёр дахь цомог сайн байсан учраас илүү дээшээ хүчтэй гарч чаддаг. Тийм учраас бид энэ хоёр дахь цомог дээрээ нэлээд их анхаарал тавьж ажиллах ёстой. Гэрээнд заасны дагуу бас цаг хугацаа бага. Тийм учраас би "The Hu" хамтлагийг маш яаралтай авчрах хэрэгтэй байна гэсэн юм. Цагаа тооцоод үзвэл тэгж таарч байгаа юм. Бид эрт ирсэн тулдаа хандивын тоглолт хийгээд улс эх орондоо хандив цуглуулах гэж байна. Бас бид цомгийнхоо ажил руу ороод эхэлсэн. Үүгээрээ цаашдаа бат бөх суурьтай болохын төлөө бид зүтгэж байна. Харин үүнийг маань ард түмэн дэмжээд өгөх хэрэгтэй. Дэмжихгүй байлаа гэхэд муулахаа больчих л хэрэгтэй.

-Танай хамтлагийн дуунуудын үгийг судлаад үзвэл зөвхөн Ар Монголоор тогтохгүй Буриад, Халимаг зүгийн ардын аман зохиол, бөөгийн үг хэллэгүүдийн нөлөө байдаг юм. Дууны үг, шүлэгт нэлээд анхаарч, шигшдэг нь анзаарагдсан шүү?

-Олон зүйлийг үзэж, харж байж хийдэг. Өвгөдийнхөө түүх рүү их ордог. Хүмүүсээс сонсоно, өөрөө бас судална, түүнийгээ сайхан янзална. Өөрийнхөө толгойг цэнэглэж, оюун ухаан дотроо боловсруулж байгаад бичнэ. Энэ чинь өөрөө маш их цаг шаарддаг ажил. Уран бүтээл гэдэг чинь өнөөдөр зохиогоод маргааш дуулаад гаргачихдаг зүйл биш шүү дээ. Сайн бодож байж хийнэ. Би үүнийг найм, есөн жил бодож боловсруулсан гэдэг нь ийм л учиртай.

-Та инженер мэргэжилтэй байх аа?

-Ер нь бол мэргэжил минь инженер.

-Инженер хүн нарийн тооцооллыг нь хийж байгаа болохоор “The Hu” хамтлаг хол явах байх?

-Баярлалаа. Улс орон маань Сovid-19-ийн эсрэг ард түмнээ эрүүл байлгахын төлөө маш их хичээж байна. Эдгээр хүмүүсийнхээ ажил үйлсийг дэмжиж Монгол Улсаа болон иргэдийнхээ эрүүл мэндийг бодож, хамгаалах үүднээс манай хамтлагийн хандивын тоглолтод нэгдээрэй. Тэгээд дараа нь наадам болно. Стадионд ороод үзэхгүй ч гэсэн зурагт, онлайнаар наадмаа хараад сайхан наадаарай гэж ерөөе.

М.ЭНХЗАЯА