Хэд хоногийн өмнө голд урсаж явсан “Hyundai starex” автомашинаас таван хүнийг гарган, амийг нь аварч буй бичлэг цахим орчинд тархан, олны талархлыг хүлээсээр буй. Бусдын төлөө амь, насаа үл хайрлан зүтгэдэг, хүнлэг, тусархаг түүнийг У.Адьяасүрэн гэдэг.

“Queen”, “Hatun”, “Шилмэл загвар” зэрэг нэр хүндтэй моделийн агентлагуудад гэрээт багшаар ажилладаг тэрбээр одоогоор 100 гаруй хүний амь авраад байгаа гэнэ. Түүнтэй утсаар холбогдож, цөөн хором ярилцав.

-ГОЛД УРССАН МАШИН ДОТОР ДӨРВӨН ЭРЭГТЭЙ, НЭГ ЭМЭГТЭЙ ХҮН БАЙСАН-

-Юуны өмнө таван эрдэнэт хүний амийг аварсанд тань талархаж буйгаа илэрхийлье. Тухайн үед юу болсон талаар сонирхуулна уу?

-Булган аймгаас хот руу явах замд Дашинчилин суманд болсон үйл явдал. Хоёр найзтайгаа хамт машин дотроо сууж байтал нэг “Hyundai starex” маркийн автомашин гол гатлах гээд явж байсан. Гол маш их үерлэсэн, хүчтэй давалгаатай байсан учир яагаад ч гаталж чадахгүй нь тодорхой харагдсан л даа. Тиймээс хоёр найзтайгаа хамт тухайн машины зүг ойртож очсон.

Биднийг очиход голын захаар олон хүн тойроод зогсчихсон дэмий л хашхираад, бичлэг хийж, зураг аваад зогсож байсан нь харамсалтай санагдсан. Ялангуяа хүдэр биетэй сайхан залуус хүртэл яаж ч чадахгүй хараад зогсож байсан тул юу ч бодолгүйгээр машинуудаас татлагыг нь авч нийлүүлээд бүсэлхийгээрээ уяж, үзүүрийг нь эрэг дээр байсан хүмүүст бариулаад ус руу яваад орсон.

Тухайн автомашин дотор дөрвөн эрэгтэй, нэг эмэгтэй хүн байсан. Голын урсгал ширүүн, маш гүн байсан тул эрэг дээр хараад зогсож байсан хүмүүсээс тусламж гуйтал хэн нь ч туслаагүй. Харин өөрөө ус руу ороогүй байж, хажуунаас “Тэг, ингэ” гээд зааварлах нь утгагүй санагдсан. Магадгүй надад нэг л залуу тусалсан бол машиныг ч гэсэн урсгахгүй байх боломж байсан. Тэгээд шөнөдөө урссан машиныг патролоор чирч гаргасан. Тухайн үед тусалсан хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна.

-Уснаас аврагдсан хүмүүс танд талархлаа илэрхийлэв үү?

-Тэгэхэд бүгд урссан машиныхаа араас дагаад гүйсэн л дээ. Тэдний нэг нь л гүйж байхдаа эргэж хараад “Баярлалаа” гэж хэлсэн. Магадгүй тухайн үед балмагдсандаа талархлаа илэрхийлэх сөхөө гараагүй байх. Уснаас гарсан мөчөөсөө хойш машинаа ярьсаар байсан тул би бага зэрэг бухимдсан. “Машинтайгаа хамт живээд урссан бол яах байсан бэ” гээд. Харин ОБЕГ-ын аврагчид чин сэтгэлээсээ баярласан сэтгэлээ илэрхийлсэн шүү.

-ХАТГАА АВААД ХАЛУУРААД ХОТ РУУ ОРЖ ЯВАХДАА ТУСГААРЛАГДАХ ВИЙ ГЭЖ ИХ АЙСАН-

-Голын урсгал их ширүүн харагдсан. Та тухайн хүмүүсийг аварч байхдаа биедээ ямар нэг бэртэл авсан ууЯмар сэтгэгдэл төрж байсан бэ?

-Урсгал ширүүн байсан болохоор урсаж ирсэн том чулуунд хэвлий, хөл болон гараа цохиулснаас зөөлөн эдийн гэмтэл авсан. Мөн хатгаа аваад бага зэрэг халуунтай л яваад байгаа. Ирэх замдаа халуурч байна гээд тусгаарлагдах вий л гэж их айсан шүү (инээв). Ер нь хүний амийг аврахаар гол, ус руу орсны дараа тухайн урсгал, нөхцөл байдлаас хамаараад бэртэх нь бий.

Хөлийн шагайгаа булгалах, зөөлөн эд гэмтэх, түлэгдэх зэргээд хэд хэдэн удаа бэртэл авч, эмнэлэгт эмчилгээ хийлгэж байсан. Гэхдээ хичнээн биедээ бэртэл авсан ч хүний амь аварсан гэж бодохоор өөрөөрөө бахархдаг. Сорви бүр минь дурсамжтай, сайхан түүхтэй болохоор бэртлийг нэг их тоодоггүй. Гэхдээ бие маань гайгүй дээ. Яг тухайн үед бол юу ч бодогдоогүй. Харин бүх зүйл болоод өнгөрсний дараа сайхан санагддаг.

-Таныг 100 гаруй хүний амийг аварсан гэж сонссон. Хүний алтан амь аврах болсонд тань юу нөлөөлөв?

-Өвөөгийн маань хэлдэг байсан сайхан үгс их нөлөөлсөн л дөө. Надад үргэлж “Хүнд сайн тусалж бай” гэж сургадаг байсан. Мөн эзэн Чингис хааны сургаалд ч мөн “Дорой нэгнээ хайрлаж, хамгаалах ёстой” гэсэн байдаг шүү дээ. Гэхдээ энэ нь ядарсан бус тусламж хэрэгтэй нэгнийг хамгаалж, туслах хэрэгтэй гэсэн үг шүү. Мөн сүүлийн үед эрчүүд маань эмэгтэйчүүдээсээ илүү эр зориггүй, хулчгар болсоор байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна. Тиймээс “Эр хүн шиг бай” л гэж хэлмээр байна.

-ХҮН АВАРЧ БАЙХДАА БЭРТСЭНЭЭ ГЭРИЙНХНЭЭСЭЭ НУУДАГ БАЙСАН-

-Бэртээд ирэхэд тань мэдээж гэр бүлийнхэн нь санаа зовдог байх. Хэрхэн ойлгож, хүлээн авдаг вэ?

-Мэдээж тэдний маань санаа нь их зовдог. Тиймээс би бэртсэн үедээ найзуудтайгаа тоглож байгаад бэртчихсэн, эсвэл зодолдож байгаад ийм болгочихлоо гээд нуучихдаг байсан. Харин сүүлийн үед яалт ч үгүй зураг, бичлэг интернэт орчинд цацагдахаар гэрийнхэн маань заримдаа надаас түрүүлээд мэдчихсэн байдаг. Тиймээс яалт ч үгүй нуух аргагүй болдог юм.

үргэлжлэлийг эндээс