АН-ынхан сунгаагүйгээр дарга болохыг хүсч байна
2020/07/16
АН дарга хайж байгаа. Гэхдээ З.Энхболд шиг бол хэрэггүй. Н.Алтанхуяг байвал уг нь зүгээр. Чих зөөлөн тул ноолж байхад аятайхан. Гэвч тэр бие даагч болчихсон тул хадаг барих нь ичгэвтэр. Уг нь С.Эрдэнэ АН-ын УИХ дахь есөн суудлыг 11 болгосон, “Вант улс”-тай, бат цайзтай, шилэн ордонтой. Гэвч тэр АН-ын үндсэн гишүүдийг жийж, ардчилсан хүчнүүдийг сарниулж, өөрийн хүмүүсээр баг бүрдүүлсэн. Тиймдээ ч АН-ыг ялагдалд хүргэсэн учраас ял асуух болохоос ямба эдлүүлж болохгүй. Гэхдээ яг түүн шиг шилэн ордонтой бас “Хэмжээгүй эрхт хаан” шиг дарга тэдэнд хэрэгтэй байна.
Ардчилсан намынхан ингэж хүсч байгаа учраас даргынхаа сунгааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. Тодорхойгүй гэдэг нь цаашид яаж ч мэднэ. Тухайлбал, С.Эрдэнэ тахимаа гүйцэд өгөөгүй. Сунгаа хийхгүй. Ер нь бол АН-ынхан сунгаагүйгээр дарга болохыг хүсч байна гэсэн үг.
Наадмын өмнөхөн зарлаж, нэр дэвшигчдийн бүртгэл дуусангуут гэнэт хойшлуулдаг АН-ын даргын сунгаа ямар тоглоом биш дээ. Зүгээр л хэнд ямар сонирхол байгааг тандсан талуудын сонирхол. Үүнийг намын дүрэмтэй холбож тайлбарласан намын даргын үүргийг түр гүйцэтгэгч Ц.Тувааны үг ч нэгийг хэлж буй. Тэрээр “Дүрмийн зөрүүтэй асуудал гарсан. Сунгааг зарласан намын Дотоод сонгуулийн хорооны тогтоол намын дүрмийг зөрчсөн” гэсэн үндэслэлтэй өргөдлийг гишүүдээс ирүүлсэн. Үүний дагуу Үндсэн дүрмийн хороо уг өргөдлийг авч хэлэлцээд маргаан үүсгэсэн. Тиймээс энэ асуудлыг шийдэх хүртэл түр хугацаагаар намын даргын сунгааг хойшлуулахаар шийдвэрлэсэн” хэмээсэн. Дотооддоо бол нэг хэсэг нь “Орон нутгийн сонгуулийн дараа сунгаа хийе” гээд, зарим нь “Сунгааг өвөл явуулах нь зүйтэй” гэлцэж буй сурагтай. Цөөхөн хэсэг нь “Тоглоомын дүрмээ тодорхой болгож байж даргаа сонгоё” гэсэн санал дэвшүүлсэн дуулдсан.
Яс юман дээр АН дүрэмтэй бил үү. Дүрмээ яг таг баримталдаг уу. Харин ч дүрэмгүй нам гэвэл АН-ыг л хэлэх байх. Ийм ч, тийм ч ардчилал гээд дүрмээ нугасалчихдаг. Энэ намыг даргалсан хэн ч дүрэмгүй тоглож ирсэн. Бас хэмжээгүй эрхт хаан шиг авирладаг. Яг л З.Энхболд УИХ-ын дарга болоод гишүүдийг үг хэлүүлэхгүй микрофоныг нь хааж байсан шиг. Хэмжээгүй эрх нь зөвхөн АН-ын дотоодод үйлчилнэ гэдгийг мартчихгүй юу. Сая олбогноос буусан С.Эрдэнэ гэхэд л гишүүдээсээ 100 саяыг нэхэж, хэнийг сонгуульд нэр дэвшүүлэхээ ганцаараа шийдсэн. Арай чих зөөлөн байсан Н.Алтанхуягийг эс тооцвол үе үеийн дарга нар нь ийм. Энэ уламжлалаа хатуу хадгалж ирсэн. Уг нь энэ жишгийг эвдэхийн тулд 2016 онд намын даргын сунгааг бий болгосон. Харин нэрээ дэвшүүлсэн нөхдүүд нь хуучин. С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Н.Алтанхуяг тэргүүтэй байдаг л хэд нь уралдсан. Лу.Гантөмөр, Ж.Батзандан нар оролцсон ч барианд ороогүй. Эцэст нь С.Эрдэнэ тунаж үлдсэнээр дарга болсон. Энэ удаагийн сонгуульд өмнөх парламентад есөн суудалтай байсан АН 11-хэн суудал авч өмнөхөөс өөдөлсөнгүй. Иймд С.Эрдэнэ халаагаа өгсөн хэрэг.
Энэ удаа УИХ-ын гишүүн, салбарын сайдын албыг давхар хашиж байсан эрхмүүдээс Ц.Оюунгэрэл, Лу.Гантөмөр, Х.Тэмүүжин, шинэ гишүүдээс Ж.Батсуурь, О.Цогтгэрэл нар намын даргад нэрээ дэвшүүлсэн дуулдсан. Залуучуудаас МХАҮТ-ын тэргүүн О.Амартүвшин, Хөх хотын консул асан Д.Мөнх-Эрдэнэ, “Хонх”-ын С.Цогтсайханы төрсөн ахын хүү, БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч асан М.Тулгат нарын нэр сонсогдож байгаа. Гэтэл бас ямар ч сунгаагүйгээр “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, С.Одонтуяа нарыг даргаар шууд тавих “марафон” эхэлсэн гэсэн мэдээлэл ч бас бий.
Ямартай ч АН тодорхой хугацааны дараа гэхэд дотооддоо асуудлаа шийдэх байх. Тэр үед хэнийг дарга болгохоо зарлах нь ойлгомжтой. Тэр хүн хэн байхаас АН-ын хувь заяа хамаарахаас биш бусдад ямар ч падлий байхгүй. Гэхдээ АН-ынхан нэг зүйлийг ойлгох учиртай. Сүүлийн үед Ардчилсан нам гэж хэн болох, ямар үүх түүхтэй явж ирсэн замнал нь юу болохыг мэдэх нь байтугай ардчилал гэж юу болохыг ойлгоогүй залуус нам дотор нь байтугай Монголын нийгэмд олширсон. Энэ намын үе үеийн дарга нар өмнөх, хойдохоо мэдэрч, АН-ын үүх түүхийг бэхэлж чадаагүйгээс унаж байсан. Сая С.Эрдэнийн алдаа ч энэ жишгийг давтсан. Тэр АН-ынхнаа өөрөөсөө түлхэж, тойрон хүрээлэгчдээрээ хана хэрэм босгосон тул намын гишүүд, ардчилсан хөдөлгөөнийхөн, ардчилсан хүчнүүдийн дэмжлэгийг авч чадалгүй ялагдсан.
Найм дахь удаагийн УИХ-ын чуулганы нээлтэд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монголд улс төрийн хүчин байна гэвэл нэг нь Ардын нам, нөгөө нь Ардчилсан нам байна гэж би боддог” хэмээж байсан. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай нэгэнтээ “МАН, АН гэх хоёр бохирын хоолойгоор Монголын баялаг урсч байна” гэж хэлсэн байдаг. АН байх нь МАН-д ашигтай. МАН байх нь АН-д бас ашигтай аж. Тэгвэл цаашид АН байна гэвэл хүчтэй дарга хэрэгтэй санж.
УИХ-ын дэд дарга асан Ж.Гомбожав 2016 оны сонгуулийн дараахан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “АН-ыг авч явах хүчтэй лидер алга. АН-ын хүчийг нэгтгэж авч явж чадах даргатай болохгүй бол энэ янзаараа хоёр сонгуулиар олонх болж чадахгүй” гэсэн нь бий. Үүнээс үзвэл АН одоо л өөрчлөлт хийхгүй бол 2028 он хүртэл дороо эргэлдсээр байж мэдэх юм. Ямартай ч АН-ынхан одоо “Шинэ нэгдэл”, Шинэ стратеги” хэмээн чанга хашгирч байна. Гэвч хуучин суурьгүй шинэ юм гэж үгүй билээ. Ер нь бол хуучнаа шинэтэйгээ хоёлуулсан төлөвлөгөөтэй хүн л АН-ыг даргалж чадах биз ээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2020/07/16
Түй пизда ардчилсан нам гэгч пизда нам хулгайч пизда ардчилагч нарын үүр уурхай хумхийн тоос болоод арилж тонил.