Аса Циркийн барилга засварт оржээ
2020/07/16
Дэлхийд шагшигдаж явсан Монголын цирк хөгжөөд энэ онд 79 дахь жилтэйгээ золгож байгаа ч эдгээр уран бүтээлчдийн бэлтгэл сургуулилтыг хийдэг барилгыг нь хувьчилаад олон жилийн нүүр үзэж байна.
Одоо бол Аса цирк нэртэй тус байгууламжийг тэртээ 1971 онд барьж байжээ. Тэгвэл тус байгууламжинд их засвар оржээ. Энэ талаар Дагвадорж аварга ч цахим хуудсаараа мэдэгдэж байсан юм. Ямартаа ч 49 жилийн дараа тус барилгад засвар орохоор боллоо. Харин үндсэн байгууламжийн загварыг хэр хадгалахыг хийж дууссан хойно нь л харах үлдлээ.
Улсын циркийн барилгыг Румын улсын тусламжаар барьж, ашиглалтад оруулж байжээ. Ийнхүү Монголын циркчид бэлтгэл, сургуулилтаа хийж, уран бүтээлээ толилуулах байртай болсон юм. Циркийн барилгын зураг төслийг архитекторч Б.Шархүү гуай хүрээ хүүхнүүдийн малгайнаас санаа авч дугуй хэлбэртэй байхаар гаргаж, 1750 хүний суудалтайгаар төлөвлөсөн гэдэг. Хүүхэд залуучуудын очих дуртай газрын нэг Улсын цирк нь 1971-ээс хувьчлагдах 2007 он хүртэлх хугацаанд 30-аад ажиллагсад, 200 орчим уран бүтээлч, 40 гаруймал, амьтан, араатантай байсан тухай тоон баримт бий.
Одоогоос 13 жилийн өмнө буюу 2006 онд циркийн үйл ажиллагааг явуулах 350 сая төгрөгийг улсын төсвөөс гаргаж чадахгүй учир циркийг менежментийн хувьчлалд оруулж, мэргэжлийн хүнээр удирдуулах нь зөв гэсэн шийдвэр гаргажээ. Ингээд “Аса групп”, “Их цирк”, “Монгол цирк” гэсэн гурван баг өрсөлдөхөөр болж, менежментийн төлөвлөгөө, цаашдын хөгжлийн стратегаа танилцуулсан байдаг. Тухайн үед менежментийн хувьчлалыг зарлахдаа циркийг зориулалтынх нь дагуу ашиглаж, үйл ажиллагааг нь хэвийн явуулах болзол тавьсан. Ингээд менежментийн гэрээний тендерт их аварга Д.Давгадоржийн ах Д.Сэржбүдээгээр ахлуулсан багийн бүрэлдэхүүнд тухайн үеийн циркийн даргаар ажиллаж байсан Э.Дорж, мөн үеийн менежер Н.Болдбаатар, дасгалжуулагч Н.Намхай, гавьяат жүжигчин Д.Мажигсүрэн нарын долоон хүн оржээ.
Хоёр дахь багт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНСУ-ын “Эксэфийл” групп нь “Касс трейдинг” компанийн нэр дээр өрсөлдөхөөр мэдүүлжээ. Уг багт гавьяат зүтгэлтэн С.Ухнаа, Ж.Жанчивдорж, Ш.Цогтхүү нар багтсан аж. Гурав дахь өрсөлдөгчөөр, “Магнай трейд” компанийн нэр дор циркийн даргаар ажиллаж байсан Н.Батмөнх, циркийн найруулагч Д.Зоригт, циркийн орлогч дарга У.Энхбаяр нарын хүмүүс багтсан байна.
Ингээд хувьчлалд оролцогчид циркийг хөгжүүлэх санхүүгийн саналаа өгчээ. “Их цирк” баг 5.2, “Монгол цирк”-ийнхэн 4.4, “Аса” баг 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдсэн аж. Хамгийн сонирхолтой нь, ТӨХ-ны шинжээчдийн багийн дүгнэлтээр тухайн үеийн босго оноонд хамгийн ойр үнэлгээ өгсөн гэсэн үндэслэлээр хамгийн бага мөнгө амласан “Аса” багийг шалгаруулахаар шийдсэн байдаг. Ингэж ялалт байгуулсан нь “Өвөрхангайнх” байсантай нь холбоотой гэж тендерт оролцогчид хэлсэн байдаг.
Ингэж Улсын циркийг ТӨХ-ны тендерийн комиссоос 2007 оны нэгдүгээр сарын 9-нд өнөөгийн “Аса цирк” болох үндэс суурийг тавьсан байдаг. Тухайн үедээ ажилчдын цалинг нэмэхээс гадна хөдөлмөр, аюулгүй байдалд онцгой анхаарна гэсэн нөхцөлөөр 1.5 тэрбум төгрөгийн 20 хувь болох 300 сая төгрөгийг улсад төлж, үлдсэнийг нь циркийг хөгжүүлэх үйлсэд зарцуулна гэсэн амлалт өгснөөр менежментийн гэрээг байгуулж байжээ. Түүнчлэн хоёр жил менежментийн гэрээгээр явсны эцэст дүгнээд хувьчлах эсэх асуудлыг шийдвэрлэхээр тогтсон байдаг аж. Гэсэн ч хоёр биш, хагас жилийн дотор ТӨХ-ноос “Сайн байсан” гэсэн дүгнэлт гаргаж, “Аса” ХХК худалдан авч, 100 хувь хувийн өмчид шилжсэн байна.
Үндсэндээ, 11 жилийн өмнө менежментийн гэрээ нэрээр 300 сая төгрөгөөр циркийг худалдан авахдаа дэлхийд гайхагдах цирк болгоно гэж амлаж, хувьчилсан юм.
Зочин · 2020/07/17
Зочин · 2020/07/17
Darvaaan magnai uneniiig l helj bj deeeee.hairan saihan soeliin ov mini.
зочин · 2020/07/16
унэхээр луйварчид юмоо