Ерөнхий сайд У.Хүрэлсүх бол их аятайхан харизмтай хүн. Тэр нь улс төрийн ийм өндөрлөгт хүргэсэн гэхэд болно. Эршүүд, цохилттой яриатай.

Тэр яриа нь олонд таалагддаг. Тиймээс огцорсон Засгийн газрын Шадар сайдаас шинэ Засгийн газрын Ерөнхий сайд, улмаар МАН-ын дарга болж чадсан хэрэг л дээ.

Ер нь У.Хүрэлсүх цогтой, бадрангуй ярина шүү дээ. 2017 оны аравдугаар сарын 4-ний өдөр Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилогдож байхдаа “...Би амь насаа алдахаас ч айхгүй байна. Ганцхан ард түмний минь итгэл найдвар алдрах вий гэхээс би айж байна” гэж хэлээд ард түмнийг уйлуулах шахаж, алга ташилтыг харамгүй авч байлаа.

Тэгээд ажилдаа орсон. Гурван жил шахам ажиллаад сонгуульд орж, өөрийнхөө нэрээр ялалт байгуулж, УИХ-д намаа үнэмлэхүй олонхи болгосон. Сонгуулийн өмнө У.Хүрэлсүхийн нэр хүнд үнэнхүү өндөр, бас хүчтэй байлаа. МАН-ынхан түүний нэрийг дуудсаар байгаад эрхэм гишүүн болцгоосон. Тэгж өндөр нэр хүндэд өнөөх л хэл ярианыхаа хүчээр хүрсэн байдаг. Үүн дээр нь дөрөөлөөд шударгын туйл, цөстэй эр, хүчтэй лидер гэдэг PR-ыг сурталчилгааны баг нь хийж ирсэн.

Өөрөө ч  тэгж хэлүүлэхээр, бодогдохоор ярина. 2019 оны наймдугаар сард “...Хулгай хийнэ, хүн амины хэрэг, хүчингийн хэрэгт холбогдоно, концессдоно, ЖДҮ-днэ ер нь та нар бүх юмыг хийж байгаа. Ийм төр байж болохгүй” гэж хэлээд өндөр оноо авсан.  2020 оны сонгуульд яг орохдоо “...Задарсныг засагладаг, ядарсныг хайрладаг төртэй байх болно” гэж хэлээд “...Браво” авч, ялалт байгуулсан байдаг.

Түүний дараа 2020 оны долдугаар сарын 2-нд 31 дэх Ерөнхий сайдаар томилогдохдоо “...Эхлүүлсэн тэмцлээ үргэлжлүүлж, эхэлсэн ажлаа дуусгахад бидэнд цаг хугацаа олгосон ард түмэндээ гүн талархал илэрхийлье. Бид хичээн зүтгэн ажиллах болно” гэж бас л сайхан хэлсэн.

Гэхдээ тэр өдрөөс хойш Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн алга ташуулдаг үгүүд нь зүгээр л гоё сонсогддог байсан аж. Үүнийг тэр өөрөө өдөр бүр нотолж байна. Дуутай тэнгэр хургүй, цуутай хүүхэн хургүй гэдэг шиг өөрөө дагадаггүй, өрөөл биелүүлдэггүй, үр дүнгүй сайхан үг л яриад явдаг байсан бололтой.

Яг үнэндээ 2020 оны долдугаар сарын 2-ны тэр өдөр 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс ажил хүлээж авсан 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэлхий нийтийг хамарсан аюулт өвчин, цар тахал, түүнээс улбаалсан нийгэм, эдийн засгийн хүндрэл, давагдашгүй хүчин зүйлүүд, ирэх дөрвөн жилд төлөгдөх Мазаалай, Чингис, Гэрэгэ, Хуралдай зэрэг бондын 2.9 тэрбум ам.долларын өр хүлээж авлаа гэсэн утгатай зүйл хэлчихсэн байдаг. Өөрөө өөрөөсөө хүлээж аваад, өөрөө өөртөө хүлээлгэж өгсөн нь тэр.

Ерөнхий сайд сүүлийн хэдэн өдөр гол боомтууд, бас яамдад ажиллаж байна.

Тэрээр өнгөрсөн долоо хоногт Гашуунсухайт боомтод ажиллажээ. Тэр үеэрээ нүүрс тээврийн жолооч нартай уулзсан байна. ЗГХМА-наас бэлтгэсэн мэдээлэлд “...Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлт хэвийн үргэлжилж байна. Жолооч нар Засгийн газрын бие төлөөлөгч томилж ажиллуулах, хил нэвтрэх машинуудын тоог цаашид нэмэгдүүлэх хүсэлтийг тавилаа. Мөн төмөр зам ашиглалтад орсон тохиолдолд автозамын тээвэрлэлтийг зогсоох эсэхийг тодруулж байв” гэж бичсэн байна. Харин бодит байдал дээр нүүрс тээвэрлэлт хэвийн бус, зогсонги байдалд орчихсон, жолооч нар бөөн гомдол тавьж, сүүлдээ “...нохой сүүлээ, сүүл нь хонгорцогоо” гэдэг шиг Ерөнхий сайд нь Сангийн сайдаа, Сангийн сайд ГЕГ-ын даргаа, ГЕГ-ын дарга нь Гашуунсухайт боомтын даргаа, Боомтын дарга нь байцаагч нараа загнаад нэлээд юм болсон байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Гашуунсухайт дээрх байдлыг хараад ихэд уурлаж Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг загнажээ. “...Өрөөнд орж ирээд гоё юм яриад байдаг, бодит байдал дээр ийм муу байна” гэсэн байгаа юм.

Ерөнхий сайд хоёр жил гаруйн өмнө 2018 оны дөрөвдүгээр сард Гашуунсухайт боомтод ажиллаж байсан юм. Тэгж явж ирээд Хэвлэлийн албаараа “Гашуунсухайт боомтын тээвэр эргэлт нэмэгджээ” гэдэг гарчигтай мэдээлэл бэлтгүүлж цацсан. Тэнд “...Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногийн сүүлээр урд хөршийн Ганц мод боомт болон Өмнөговь аймагт байрлах Гашуун сухайт боомтод ажилласан билээ. Энэ үеэр нүүрсний тээврийн жолооч нартай уулзаж тэдний санал хүсэлтийг сонсож зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн. ...Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ, ӨМӨЗО, Өмнөговь аймагт тус тус томилолтоор ажиллах үедээ Гашуунсухайт боомтоор нэвтрэх нүүрсний тээвэр эргэлтийг нэмэгдүүлэх талаар  холбогдох албан тушаалтнуудтай яриа хэлэлцээ хийсний дагуу хилээр гарах тээврийн автомашины тоо эрс нэмэгдээд байна” гэж бичсэн байдаг.

Тэгвэл хоёр жилийн дараа очиход нь Гашуунсухайт, тэндэх тээврийн асуудал шал дордчихсон байгаа нь энэ. Ер нь бол мань эр өөрөө өөрийнхөө ажлыг л эргээд шалгаж явсан гэсэн үг шүү дээ.

Энэ долоо хоногийн эхээр Гадаад харилцааны яам, Эрчим хүчний яаманд ажиллав. Гадаад харилцааны яаман дээр очихдоо “...Зарим нэг компани гадаадад өр тавиад Монгол Улсыг чинь дампууруулах гэж байна. Засгийн газар мэдэхгүй, Гадаад харилцааны яам нь мэдэхгүй. Хэн ямар өр тавьж, ямар харилцаа үүсгэж байгааг мэдэхгүй. Энийгээ зах зээл гээд хаячихсан. Чөлөөт зах зээл гээд байгаа. Чөлөөт зах зээл гэж байхгүй гэж би ойлгож байгаа. Миний баримталж байгаа бодлого. Яагаад гэвэл би Засгийн газрын тэргүүн. Хүссэн хүсээгүй энэ засгийг би удирдаж байгаа. Одоо бол төрийн зохицуулалттай зах зээл гэж байна. Хүн болгон хүссэнээ хийдэг зах зээл байхгүй болсон. Одоо бол дэлхий дээр ч байхгүй” гэж хэлээд буруутаж байх шиг байна. Учир нь аж ахуйн нэгжүүдийн гадаад өрөнд Засгийн газар өөрөө баталгаа гаргаж өгдөг номтой. Тэгэхээр өөрийнх нь хараа хяналтгүй гадаад өр гэж үгүй гэсэн үг юм.

Уржигдар даа, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрчим хүчний салбарын үйл ажиллагаатай танилцах үеэрээ IV цахилгаан станц руу автобусаар явлаа. Автобусанд явж байснаа гэнэт эргэж хараад тэнд сууж явсан Эрчим хүчний яамны газрын дарга нарыг “...Та нарыг хэн яв гэсэн юм. Орондоо ганц хэвлэл мэдээллийн хүн суулгаач. Хэрэгцээгүй, ач холбогдолгүй хүмүүс сандал бөглөөд яваад байх юм. Хэрэгцээгүй дарга нар битгий авч явж бай за юу. Ажлаа хийх хэрэгтэй. Дарга нар ирэхээр дагаад салбагнаад гүйгээд байх юм. Хэрэгтэй хүмүүсээ суулгаж бай. Нэг сайд, дарга ирэхээр бөөнөөрөө дагаад далдганаад гүйлдэх юм. Ажлаа хийцгээ. Яг асуудал хариуцсан цөөн хүмүүс л байх хэрэгтэй. Хэвлэл мэдээллийнхнийг дагуулж болно. Олон түмэнд хүргэг” гэв. Урьдынхаараа гоё сонсогдсон шиг байгаа юм.  Цахим сүлжээнд амыг нь, алдрыг нь магтаад сүйд. Яг үнэндээ тэр хэдэн газрын дарга ажил байдлаа танилцуулахгүй бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрчим хүчний салбар дээр очоод яах юм бэ. Ерөнхий сайд өдөр бүр тэр яаманд очихгүй. Тиймээс очсон дээр нь болох болохгүйгээ ярьж, ажил хэргээ шийдүүлэх хүсэлт тэдэнд байж л байгаа. Хэн ч түүнийг дагахгүй байя гэж бодъё л доо. Яамаар орлоо, хэдэн хүн ширээн дээр ажлаа хийгээд сууж байгаатай таарна. Юу асуух уу, ямар шийдэл гаргах вэ гээд мэдэхгүй юм их гарч ирнэ. Цахилгаан станц оръё. Бодлого, төлөвлөлтийн талаар тэр хэдэн газрын дарга л түүнд хэлж өгнө.

Ичсэн хүн хүн алах, айсан хүн айл эвдэх гэдэг шиг өмнө нь гадаад өрийн талаар хэтрүүлснийгээ “...Дулаан, цахилгааны үнэ нэмэгдээгүй, гурилын үнэ нэмэгдээгүй байхад яагаад талх, нарийн боовны үнэ нэмэгдээд байна вэ. Үүнийг чөлөөт зах зээл гэх үү. Энд төрийн зохицуулалт байх ёсгүй юу” гэж Хотын даргын үүрэг гүйцэтгэгчээс асууж, түүнд тайлбар өгч байна лээ. Хамгийн гол нь ингэж хэлснийг нь Ерөнхий сайд бантахдаа Ерөнхийлөгчийн бизнес рүү халдах нээ гээд л яригдаж байна.

Ингээд л Монгол Улсын 30 дахь, 31 дэх Ерөнхий сайдын галтай цогтой үгнүүдийг үр дүнтэй нь харьцуулбал их л сонин хариу гарч байна. ЖДҮ-гийн нөхдүүдийг үзэн ядаад л байсан. Одоо хосоор нь дэргэдээ авч, албан тушаалд томилчихоод олны уурыг барж байх жишээтэй. Эдгээрээс нь болсон уу, яасан, УИХ-ын сонгуулиас хойшхи судалгаануудын дүнг харахад У.Хүрэлсүхийн нэр хүнд өндрөөс шүхэргүй үсэрсэн юм шиг л доошилж байна.

Ерөөсөө л Ерөнхий сайд У.Хүрэлсүх window shopping буюу мөнгөгүй дэлгүүр хэсч байгаа хүн шиг л ажиллаж байна. Window shopping хийж буй хүнд өөртөө ямар ч хохиролгүй. Хамгийн гол нь window shopping хийсэн хүний стресс тайлагддаг. Бас Хүн харахад дэлгүүр “буулгаж” харагддаг гэдэг.

Ер нь бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ мэтээр бусдыг чанга дуугаар загнаж, эрх мэдлээ, бяраа гайхуулсан шиг, өөрөө өөрийгөө шалгаж өө сэв илрүүлсэн шиг алхаж явна. Нэг үгээр, тэр window shopping хийсээр 30, 31 дэхийн албыг өнгөрөөж мэднэ. Энэ янзаараа тэр хэзээ ч “худалдан авалт” хийхгүй.

 

 

Б.Гарьд

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин