З.Төмөртөмөө: Угаарын хийн хяналтын төв байгуулагдсанаар эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг хамгаална
2020/11/07
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Онцгой байдлын газар болон Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье” нэгдсэн арга хэмжээг Чингэлтэй дүүрэгт эхлүүллээ.
Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө “Чингэлтэй дүүргийн хэмжээнд 1600 гаруй гэр хорооллын гудамж бий. Эдгээр гудамжны бүх айлуудаар Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн, “Тавантолгой түлш” ХХК-ний хэрэглэгчдэд үйлчлэх албаны хамт олон болон хорооны Засаг дарга, Хэсгийн ахлагчид гэх мэт баг бүрэлдэхүүн айл болгоны хаалга тогшиж, зөвлөгөө хүргэнэ. Энэ бол урьд нь болж байгаагүй арга хэмжээ юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Сумяабазарын өгсөн чиглэлийн дагуу салбар бүр хариуцсан орлогч дарга нар өөр өөрийн хариуцсан ажлыг эрчимжүүлж ажиллаж байна. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт түлшний цэгүүд болон айл өрхүүдээр орж угаарын хийн мэдрэгчийн аюулгүй байдлыг шалгаж ажилласан” гэлээ.
Түүнчлэн тэрбээр Угаарын хийн хяналтын төв байгуулагдаж байгааг дуулгасан юм. Энэхүү төв байгуулагдсанаар угаарын хийн нэгдсэн системээр холбогдож, угаарын хий гарч байгаа айлын байршил дээр дохиолол ирэх юм байна. Ингэснээр шуурхай штабын баг бүрэлдэхүүн тухайн айл руу очиж түргэн шуурхай арга хэмжээ авч эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах бүрэн боломжтой болж байгаа гэдгийг онцолж байлаа.
Зочин · 2020/11/07
Засгийн газар сайн ажиллаж байна аа. Хамгийн гол нь иргэдийн оролцоо чухал. Ямар галыг нь түлж өгөлтэй нь биш дээ