“Аmure” зочид буудлын барилгын өргөтгөлөөс төмөр унаж найман настай охиныг хүнд гэмтээжээ
2014/04/26
Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж буй “Аmure” зочид буудлын барилгын өргөтгөлөөс дээрээс ердөө цаг гаруйхны өмнө хичээлээ тараад ээжийнхээ хамтаар явж байсан охины толгой дээр төмөр унан хүнд гэмтээжээ.
“Аmure” зочид буудлын өргөтгөлийг хэсэгт барилгын ажил явуулж байгаа ч ямар ч хамгаалалт хийгээгүй байна. Дөнгөж хажуу талд нь цэцэрлэг, сургууль байсаар байтал ийнхүү барилгын ажил явуулахдаа маш хайхрамжгүй ханджээ.
Охины ээж “Гэмтлийн эмнэлэгт хүүхдийнхээ толгойд оёдол тавиулж байна, шарх нь маш гүн гэж эмч нар хэллээ. Барилгын ажил явуулж байж ямар ч хамгаалалт байхгүй. Охин маань хичээлээ тараад явган хүний явах ёстой замаараа явж байгаад л ингэж гэмтлээ” гэж ярьлаа.
2013 оны 10 дугаар сард мөн “Аmure” зочид буудлын өргөтгөлийн барилга дээрээс уг барилгын гэрээт ажилчин 46 настай, эрэгтэй Э хоёрдугаар давхарт цахилгааны ажил хийж байгаад хонгилд унаж баруун хөлөө хугалж гэмтээсэн хэрэг гарч байсан.
Барилгын салбарынхны хайхрамжгүй байдал хэдэн хүний аминд хүрч байж эцэслэх вэ. Холбогдох газрууд, салбар нь энэ асуудалд анхаарал хандуулахгүй бол барилгын ажил эхэлж буй энэ үед нийслэлчүүд амьд явах ямар ч баталгаагүй болж байна.