Япон “Pfizer”-ын вакциныг бүртгэжээ
2021/02/15
Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, халамжийн яам Америкийн “Pfizer” компанийн коронавирусний вакциныг ням гарагт бүртгэснээ мэдэгджээ.
“Pfizer”-ын вакцин нь Японд хэрэглэхийг зөвшөөрсөн анхны вакцин болж буй юм. Өмнө нь баасан гарагт тус улсын Эрүүл мэндийн яамны дэргэдэх шинжээчдийн баг мөн “Pfizer”-ын вакциныг хэрэглэхийг зөвшөөрсөн байна.
Японд вакцинжуулалт хоёрдугаар сарын хоёрдугаар хагаст эхлэх төлөвтэй байгаа бөгөөд хэд хэдэн үе шаттайгаар явуулна.
Хамгийн түрүүнд эрүүл мэнд, нийгмийн 4 сая ажилтныг хамруулах бол хоёрдугаар ээлжинд 65-аас дээш насны 36 сая орчим хүн хамрагдана. Үүний дараа архаг хууч өвчтэй 8.2 сая иргэнийг вакцинжуулах бол үлдсэн хүмүүсийг тавдугаар сард хамруулахаар төлөвлөжээ.
Өнгөрсөн онд Японы эрх баригчид “Pfizer” компаниас гадна, Их Британи-Шведийн “AstraZeneca”, Америкийн “Moderna” компаниудтай коронавирусний вакцин худалдан авах гэрээ байгуулжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг