Л.ТУЛГА

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАНАН-гийн ужгирсан, уламжлагдсан алдаан дунд “туучиж” явна. Тэрбээр “цурманд” ажиллаж гүйцэтгэх засаглалын тэргүүний суудалд удаан залрахыг хүссэн бол “гараараа гал барьж” авахгүй байх байсан. Бялууртал магтан гоё үгтэй мэндчилгээгээр булж өнгөрүүлдэг “Мартын 8”-наар ШШГЕГ-ын харьяа 401-р хаалттай хорих анги дээр очиж хилс хэргээр шийтгэгдсэн байж болох иргэн С.Чимгээтэй уулзаж эрхийг нь хамгаалах талаар тодорхой шийдвэрүүд гаргаж олон нийтэд мэдээлсэн нь оновчтой, шинэлэг ажил байсан гэдэгтэй олон хүн санал нийлэх байх.

Энэ нь түүний шударга бусын хонгил гэгчтэй тэмцэх томоохон зоримог алхмуудын нэг гэж ойлгогдлоо. Л.Оюун-Эрдэнэ мэдрэмжтэйдээ, эсвэл магадгүй “тэнэгтээ”, ямар ч байсан нэр хүндээ сэвтээхээс айхгүйгээр С.Чимгээ бүсгүйг биечлэн эргэж, түүнтэй хэвлэл мэдээллийнхнийг холбож өгөв. Энэ нь магтахад багадам хүний эрхийн мэдрэмж юм.

Харин үүнийг угтуулан “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах” сэдвийг гаргаж ирж жагсаалд уриалах явдал сүүлийн гурав хоногт харагдав. Улс орны нийтлэг эрх ашиг талаасаа энэ бол тун овлигогүй, оновчгүй алхам болно. Ерөнхий сайдыг, Засгийн газрыг огцруулж болно. Гэхдээ халдварын эрсдэлтэй, хүн ардын эрүүл мэнд нь төр, засгаас авч хэрэгжүүлж байгаа зохион байгуулалтын ажлаас шууд хамаарч байгаа энэ өдрүүдэд ёстой л огцруулах шалтгаан нь онц ноцтой, болгоомжлууштай байх ёстой. Гэтэл хэлсэн үгээс нь түүж эвлүүлээд хүний дургүй хүргэхүйц хэмжээнд хүртэл зүйж нааснаа ”Эмэгтэйчүүдийг цэрэгт явуулах” шахсан болгож ёстой л “будаач будаач гэхээр сахлаа будав” гэгч энэ болов. Түүнийгээ ч мэдээд энэ турхиралтын “жинхэнэ эзэн” нь олдохгүй байна. Сүүлийн гурван өдөрт коронавирусийн халдварын тархалт огцом нэмэгдэх боллоо. 

Монгол Улсын Засгийн газар “Эрүүл мэнд, эдийн засгийг сэргээх” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Иргэдийн амь нас, эрүүл мэнд, улс орны эдийн засаг, өрх айл, аж ахуйн нэгж бүрийг эрсдлээс аврах том зорилго өмнөө тавьсан энэ хөтөлбөр амжилттай, бүрэн хэрэгжих ёстой. Тэгж байж улс орон сэргэнэ. Улс орны энэхүү нийтлэг эрх ашгийг л Ерөнхий сайд Л.ОюунЭрдэнэ, түүний Засгийн газар өөр бусад эрх ашгаас өндөрт тавьж ажиллах учиртай. Өнөөдөр хүн амын эрүүл мэнд, амь насыг хамгаалах вакцинжуулалтын аян, халдвар хамгааллын дэглэмийг хатуу хөл хориогүйгээр давахыг хичээх эрсдэлтэй эрмэлзэл, хувийн хэвшлийнхний болон өрхийн орлогыг тасалдуулахгүй байх зэрэг юутай ч зэрэгцүүлэх аргагүй хамгийн чухал зорилгуудыг Засгийн газар хэрэгжүүлж байна. Энэ бол тоглоом биш. Нөхцөл байдал улс төрийн, Гүйцэтгэх засаглалын тогтвортой байдал, үг, үйлдэл бүрийн үр дүнг шаардсан өдрүүд үргэлжилж байгааг мэдэр! Засгийн газар “10 их наядын” гэх энэ зоримог хөтөлбөрийнхөө үр дүнг дангаараа үүрч, алдар гавьяа, хүлээх хариуцлагаа эдлэх ёстой. Түүнээс биш цаг нь ирвэл Л.Оюун-Эрдэнэ гэдэг хувь улстөрч албан тушаалтай зууралдахгүйгээр зорьсноо гүйцэлдүүлж чадах хүн гэдгээ өнгөрсөн хугацаанд харуулсан. Хамгийн гол нь тэр өнөөдөр дээрх амин чухал ажлуудыг монгол хүн бүрийн заяагдмал эрх хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны зарчимд нийцүүлэн хамтад нь шийдвэрлэхээр зоригложээ.

Ардчилсан орны хувьд олон нийтийн хамгийн дээд итгэх цэг шүүхийн салбар байтал тэндээс дуулдаж буй, иргэддээ үзүүлж буй мэдээ мэдээллүүд ямар хэмжээний тэсрэлт авчирч байгааг Ерөнхий сайд тэвчин сууж суудалтайгаа зууралдахыг хүссэнгүй. Ингээд Эрүүл мэнд, Эдийн засаг, Шударга шүүхийн тогтолцоо байхад зорьсондоо хүрнэ гэж тооцоолсон энэ Засгийн газрыг тогтвортой ажиллуулж үр дүнд хүргэх нь үүссэн нөхцөл байдлаас уяатай хүлээлт болоод байгаа юм. Энэ дундуур хэсэг бүлэг хүмүүсийн алсын хараагүй довтолгоо, өдөөн турхиралт, хожим нь хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй зохион байгуулалттай жагсаал цуглааны “үнэ цэн”, үр дүн ямар байх вэ гэдгийг олон нийт зөв дүгнэхүйц туршлагатай болсон. Тиймээс хамгийн том эрх ашгуудыг хамгаалахаар урьд хожид байгаагүй зоримог алхам хийж буй Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын эр зориг, эрэмгий төлөвлөгөөтэй энэ өдрүүд аль болох удаан үргэлжилж үр дүнд нь иргэд хожоосой гэж хүсэж байна. 

NPOST.MN