Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын үндэсний олимпын хороо хамтран Улсын онцгой комисс болон Засгийн газрын хэрэг эрхлэх газарт “Токио-2020” олимп, паралимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдыг вакцинд хамруулах хүсэлт гаргасны дагуу өнөөдрөөс Үндэсний шигшээ багийн тамирчдыг вакцинжуулах ажил эхэллээ.

 

 

Баг тамирчдаа уриалж БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц болон МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр нар АстраЗенека вакцины эхний тунг хийлгэлээ.

Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд олимпын 15, паралимпын долоо нийт 270 тамирчин, дасгалжуулагч харьяалагддаг. Үүнээс эхний ээлжид буюу хуваарийн дагуу өнөөдөр бадминтон, усанд сэлэлт, бокс, чөлөөт бөх, 3х3 сагсан бөмбөг, таеквондо, байт харваа, хүндийн өргөлт, нимнастик, пара таеквондо, пара байт, пара буудлага, пара пауэрлифтинг зэрэг спортын төрлийн 150 орчим тамирчин, дасгалжуулагч болон БТСУХ, МҮОХ-ны төлөөлөл зарим албаныхан вакцинд хамрагдсан байна. 

Үндэсний шигшээ багийн тамирчдын тухайд Олон улсын хүүхдийн найрамдал төв болон Техник спортын төвд тус тус тусгаарлагдан, ногоон бүс бүрдүүлэн бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлсээр байна.

Биеийн тамир, спортын улсын хорооны зүгээс баг тамирчдаа вакцинд хамруулах үйл ажиллагааг халдвар хамгааллын нарийн дэгийг баримтлан, тогтоосон журмын дагуу, нэг урсгалаар Спортын төв ордонд зохион байгуулав.