УОК-ын Шуурхай ажлын хэсэг өчигдөр хуралдсан байна.

Нийслэлд гуравдугаар сарын 12-ны 19:00 цагийн байдлаар 16,481 иргэнийг вакцинжуулсан бөгөөд энэ хүрээнд нийт 80 мянга гаруй иргэдийг хамруулжээ. Ирэх долоо хоногт 50-аас дээш насны зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулж эхэлнэ.

Ковидын халдварыг хумих ажлын хүрээнд зарим аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг түр зогсоох саналыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг Улсын онцгой комиссын даргад уламжилжээ.

Эрүүл мэндийн яамнаас гаргасан энэхүү 28 хоногийн хөл хорионы саналыг УОК-ын Шуурхай ажлын хэсэг хэлэлцэж дэмжсэнгүй.

Цар тахлын үeийн шар буюу хоёрдугаар зэрэглэлд дагаж мөрдөх түр журмын хүрээнд зарим үйл ажиллагааг нэмэлт зохицуулалтаар зохион байгуулахаар заасан.  Энэ дагуу хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж танилцуулахыг Шадар сайд холбогдох албаныханд даалгалаа.

Буяны ажилд оролцож байгаа иргэдээс голомтот халдварууд нэмэгдэж байгаа нь тогтоогджээ

УОК-ын Шуурхай штабаас ковидын цар тахлын голомтыг илрүүлэх ажлын хүрээнд эрсдэлийн үнэлгээ хийсэн талаар танилцууллаа. 

Эрсдэлийн үнэлгээгээр буяны ажилд оролцож байгаа иргэдээс голомтот халдварууд нэмэгдэж  байгаа нь тогтоогдсон учраас оролцож буй хүний тоог цөөлөх, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих шаардлагатай байгааг хэлэв. 

Ковидын халдварыг хумих, цар тахлаас урьдчилан сэргийлэхэд иргэн бүрийн оролцоо чухал. Иргэн бүр хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөж дагахыг УОК-оос анхааруулсан байна.