Баянхонгор аймгийн Баянлиг сумын 3-р багийн Гүн сухай хавиар хаваржиж байсан 56 настай малчин Ж.Э энэ сарын 14-ний 13:00 цагийн үед малынхаа араас  мотоциклтой  яваад сураггүй болжээ. Улмаар сумын Онцгой комисс эрэн хайх ажиллагааг багийн малчдын хамт эхлүүлсэн байна. 

Эрлийн үйл ажиллагаа 27 цаг үргэлжилсний эцэст иргэн Ж.Э нь 2021 оны энэ сарын 15-ны 16:00 цагийн орчимд гэрээ олж иржээ. 

Иргэн Ж.Э нь үзэгдэх орчин бүрхэг, нүүр нүдгүй улаан шуурган дунд газрын баримжаа алдаж гэрээсээ даруй 50-иад км төөрч явсаар шөнө болгожээ. Шөнийн хүйтэнд биеийн дулаанаа хадгалах, амь насаа хамгаалах үүднээс гал түлэн дулаацаж, үүр цайлгаад газрын чигийг гарган хөдөлжээ. Замын дунд мотоциклын бензин дуусахад унаагаа орхин алхаж явсаар гэртээ ирсэн байна. 

Тус иргэний биеийн байдал хэвийн байгаа гэж Баянлиг сумын Онцгой комиссоос мэдээллээ.