З.УРАНСҮХ

Эдийн засагч Х.Батсуурьтай ковидын үеийн болон дараах дэлхийн болон Монголын эдийн засгийн талаар ярилцлаа.

-Судлаачийн хувьд цар тахлын дараах үеийн дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал ямар өнгө төрхтэй байх бол?

-Цар тахал гарснаар дэлхий даяар эдийн засаг, улс төрийн тогтолцоонд өөрчлөлт орох үндэслэлийг тавьж өглөө. Ковидоос өмнөх болон цар тахлын үеийн ба дараах үеийн дэлхий, олон улсын харилцаа гэдэг тэс өөр хоёр зүйл. Олон улсын нийгмийн тогтолцоо өөрчлөгдөж байгаа бол эдийн засаг, улс төрийн тогтолцоо өөрчлөгдөх нь гарцаагүй. Наад зах нь хүн төрөлхтөн хотжилт гэдэг тийм ч зөв зүйл биш болохыг ухаарлаа. Хүмүүс тархмал, сийрэг байдлаар хөдөө тосгонд аж төрөхийг чухалчилж эхэллээ. Нэг доор бөөгнөрөн аж төрөх нь аюултай гэх ойлголтыг цар тахал өгчихлөө. Бизнесийн хувьд Д.Трампаас өмнө явагдаж байсан АНУ-ын бодлогоос эхлэлтэй даяаршлын бодлого төдийлөн зөв биш. Даруй зогсоох ёстой, улс орон бүр бие даасан байдлаар хөгжих ёстой гэсэн үзэл баримтлал эргээд ирж байна. Жо Байден даяаршлыг дэмжиж, дэлхий нэг удирдлагатай байх ёстой гэсэн бодлогыг явуулж магадгүй ч хол явахгүй л болов уу.

-Даяаршил болон “Ковид 19”- той холбоотойгоор дэлхий ямар зүйлд “хүч хаях”-аар байна вэ?

-Бараа солилцооны байдал хязгаарлагдмал байдалтай болж магадгүй байна. Өөрөөр хэлбэл, олон улсын худалдаа. Улс орон бүр өөр өөрийнхөө хэрэгцээг хангах чиглэлд анхаарна. Монгол Улсын хувьд бие даан, суурь хэрэгцээний бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх ёстойг ойлгууллаа. Энэ үзэл санаа өмнө нь буюу 90-ээд оны үед байсан ч алдагдаад 30-аад жил болсон. Суурь хэрэгцээгээ хангадаг болох ёстой гэж эдийн засагчид байнга хэлдэг ч үл тоодог байсан. Гэтэл хэчнээн чухал болохыг цар тахлын үеийн нөхцөл байдал нотолчихлоо. Бид юу ч хийж чадахгүй байгаа нь нууц биш. 

Хил хаалаа гэхэд Монгол Улс бие даагаад, Хойд Солонгос шиг асуудалгүй амьжиргаатай байх нийгэм, ялангуяа эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай. Хүссэн хүсээгүй энэ чигт явах ёстой. Ингэж хэлэхээр хэтрүүлж, гуйвуулаад Монгол Улс ганцаараа хилээ хаагаад амьдарна гэж яривал утгагүй хэрэг. Тодорхой түвшинд суурь хэрэгцээний бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг болъё.Тухайлбал, ус, цахилгаан, гурил будаа, хүнсний суурь бүтээгдэхүүнээ дотоодын нөөц бололцоогоор бүрэн хангах чадавхтай байх ёстойг үүссэн нөхцөл байдал шаардсан учраас хийх ёстой. Нөгөөтэйгүүр хүмүүсийн хувьд, худалдаа наймаанд биет буюу контакт үүсэх байдлаас зайлсхийх шаардлага тулгарлаа. Энд технологи том үүрэг гүйцэтгэнэ. Заавал дэлгүүр хэсэх албагүй. Онгоц, онлайн захиалга, дрон, машинаар гэхчлэн аль болох контакт үүсгэхгүй байдлаар бүтээгдэхүүнээ худалдаж авах тогтолцоонууд орж ирж байна. Жишээ нь, хүн дуртай кофегоо заавал “Стар бакс”-д ирж уулгүйгээр кофе бутлагч, чанагч худалдаж аваад гэртээ уух хөгжлийн чиг хандлага руу орно.

 

-Улс орнууд бие дааж хөгжиж байсан хуучин тогтолцоо руу орох нь ээ?

-Аль болох харилцаа багатай, зайлшгүй шаардлагатай зүйлээ л бусдаас авдаг хэлбэр рүү хүссэн хүсээгүй шилжинэ. Боловсролын тогтолцоо ч ялгаагүй, яваандаа онлайнаар суралцдаг асуудал түгээмэл болно. Сая тест буюу туршилтын байдлаар орлоо. Юуг өөрчлөх, нэмэх, хасах, юун дээр анхаарах, хэрхвэл зөв байх вэ гээд нэлээн хуримтлал дадал, туршлагатай боллоо. Энэ эрчээрээ улам боловсронгуй болж хөгжих нь гарцаагүй.

-Дэлхийд гарч байгаа тогтолцооны өөрчлөлтийг дагаж бид яг яах ёстой вэ?

-Дэлхийд гарч буй тогтолцооны өөрчлөлтийг дагаж бодлого явуулах шаардлага Монгол Улсын өмнө тулгарч байна. Төр засгийн удирдлагад байгаа, нийгэм, эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлж буй нөхөд энэ чиг рүү хандуулж бодлогоо өөрчлөх шаардлагатай. Өөрөөр хэлбэл өмнөх үзэл баримтлал өөрчлөгдөж, шинэ бодлого, чиг хандлагаар явах нь. Ахиад хэлье. 

Улс орон, ялангуяа Монгол орон бие даасан эдийн засгийн тогтолцоотой, суурь хэрэгцээний бүтээгдэхүүнээ дотоодын нөөц бололцоогоор бүрэн хангах шаардлагатай. Гаднаас хараат байхаа багасгах шаардлагатайг харуулсан он жилүүд байлаа. Дэлхийн хөгжлийн энэ чиг хандлагад зохицуулан төр, засгийн эрхийг барьж буй хүмүүс бодлогоо явуулах байх хэмээн найдаж байна.-Цар тахлын хүндрэлийг улс гүрнүүд өөр өөрсдийнхөөрөө даван туулж байна. Манай улсын Ерөнхийлөгч ч өрх бүрд сая төгрөг өгөх санал гаргасан ч дэмжигдээгүй. Энэ тал дээр таны байр суурийг сонирхоё?

-Цар тахлын үед мөнгө байсан. Өмнө нь байгаагүй их хэмжээний мөнгө байсан шүү. Гадаад валютын нөөц гэхэд л дөрвөн тэрбум ам.доллар даваад явчихсан. Цар тахлын асуудал Монголд маш их зүйлийг мэдрүүлсэн. Халдварын улмаас хилээ хааснаар Монголбанканд тушааж буй алтны хэмжээ зарим сард 10 дахин нэмэгдсэн. 2020 онд түүхэнд байгаагүй их хэмжээний алт тушаагдсан. Нийт 23.6 тонн алт тушаасан. Түүнээс гадна гол экспортууд явж байсан учраас эдийн засгийн гол тулгуур салбар ганхалгүй тогтож үлдсэн. Харин ард түмний амьдралд хамгийн их нөлөөтэй байдаг бизнесийн салбар үндсэндээ нурсан. Жижиг, дунд үйлдвэрлэлд 800 мянга гаруй хүн ажилладаг. Тэдний нэгний нь ард гурван хүн байгаа гээд тооцохоор Монгол Улсын нийт хүн амын 70-80 хувь нь жижиг, дунд үйлдвэрлэлээс хамааралтай. Гэтэл энэ салбарын бараг 60 орчим хувь нь дампуурсан. Цар тахлын хориг том бизнесүүдэд ашигтай туссан ч жижиг, дундад дэм болоогүй.

-Хэрэглээний төлбөр тэглэх, татвар, даатгалын хөнгөлөлт үзүүлэх гээд олон арга хэмжээ авсан. Одоо ч зарим нь үргэлжилж байна шүү дээ?

-Жижиг, дунд бизнес дампуурч алга болоход том бизнесүүд зах зээлийг нь булааж авсан. Том бизнест төр засгийн зүгээс явуулж буй эдийн засгийн хөнгөлөлтийн бодлого ашигтай туссаны учир нь бизнес нь зогсоогүй үргэлжилж байсан учраас тэр. 

Борлуулалтын орлогын татвараас чөлөөлөх, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт, нийгмийн даатгалын хөнгөлөлтийг томчууд нь эдэлсэн. Жижиг бизнес тэр чигээрээ зогссон юм чинь ямар юмныхаа хөнгөлөлтийг эдлэх вэ дээ. Товчхондоо, Засгийн газар, жижиг бизнесээ нурааж, зогсоох, том бизнесээ дэмжих бодлого л явуулсан.Гэтэл Япон, Хятад зэрэг улс манайхны хэрэгжүүлсний эсрэг бодлого хэрэгжүүлсэн. Үр дүнд нь жижиг, дунд бизнесээ авч үлдэж чадсан, дэмжсэн. Хүүгүй, эсвэл маш бага хүүтэй зээл олгосон. Япон улсын засгийн газар, 10-20 хүртэлх тооны ажилтантай аж ахуйн нэгжийн цалинг 3-4 сар 100 хувь, 100-гаас дээш ажилтай бол 50-70 хувь даасан гэхчлэн маш оновчтой, тусгалаа олсон, цар тахалт нэрвэгдэж буй хүмүүс рүүгээ хандсан бодлого явуулсан учраас эдийн засаг нь уналтад ороогүй. Хятад, Японы эдийн засаг сэргээд ирчихсэн байна. Манайд бол бүдэрсэн дээр нь гэдэг шиг түлхээд унагачихсан.

-Цар тахал Монголд их зүйлийг мэдрүүлсэн гэсэн. Тухайлбал гэж онцолбол та юу хэлэх вэ?

-Манай улсад хулгай дээрэм, луйвар ямар их байдгыг бодитоор харуулсан. Хилийн хориг тавьж юу ч гаргахгүй болонгуут Монголбанканд тушаагдсан алтны хэмжээ 10 дахин өссөн. Алтны тушаалт хулгай их байдаг, хяналт тавьдаггүй. Эсвэл хяналт тавьдаг байгууллагууд нь хамтарч ажилладаг, үгүй бол ажил хийх чадавхгүй юм байна гэх дүгнэлтийг хийхэд хүргэлээ. Монголд хулгай дээрмээ өөгшүүлж, тэдний хүчинд автсан бодлого л явдаг юм байна гэж бодсон. Алтны татварыг буулгая, 2-2.5 хувь болговол Монголбанканд тушаах алтны хэмжээ ихсэнэ гээд байдаг. Үүний оронд хил гаалиа чангатгаад, хулгайтай тэмцэх ёстой. Тэгвэл алтаа тушаадгаараа л тушаана. Ерөөс Монголд цар тахлын үед хамгийн их хохирсон бүлэг нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон дундаж орлоготой иргэд.

Дунд орлоготой нь ядуурал руу, ядуу нь нэн ядуу руу бүрмөсөн гулсаж орсон. Статистикаа зөв гаргаж чадвал хүн амын 70 орчим хувь нь ядуурал руу орсон байгаа. Хүн амаа яаж дэмжих вэ гэвэл маш ойлгомжтой байсан. Өрх бүрд нэг сая төгрөг өгөх Ерөнхийлөгчийн санаачлага маш том дэмжлэг болох байсан юм. Өрх бүрд өгөх сая төгрөг хэзээ ч эдийн засгаас гарч явахгүй. Эх орны хишиг шиг тансаг хэрэглээтэй нөхдөд очиж, импортын бараа худалдаж аваад, валют болж гадагшаа урсахгүй. Нэг сая төгрөг эдийн засагт 100 хувь шингэнэ. Цар тахалд хамгийн хүндээр нэрвэгдэж байгаа гэр бүлүүд, дотоодын жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүнийг худалдаж авах байсан юм. Хамгийн хүнд байдалд байгаа бүлэг рүүгээ хандсан бодлого байсан ч хийгээгүй. Улс төрийн зорилгоор хэрэгжүүлээгүй ч ард түмэн, эдийн засгаа хохироосон л үйлдэл болсон.

-Мөнгө байхгүй гээд байсан шүү дээ?

-Мөнгө байсан. Монгол Улс 917 мянган өрхтэй гээд бодохоор 917 тэрбум орчим төгрөг болно. Энэ хэмжээний мөнгийг гаргах чадал Засгийн газарт байсан. Монголбанкийг оролцуулаад гадаадын зээл тусламжаар зохицуулж болох байв. Нийт 330 сая хүрэхгүй ам.доллар гэдэг бага мөнгө. Ташрамд сануулахад, өнгөрсөн онд 5.5 их наяд төгрөгийг төсвөөс гадуур зарцуулахаар гаргасан гэдгээ тухайн үеийн Ерөнхий сайд нь хэлж, Сангийн сайд ч баталгаажуулж байсан. Тэр их мөнгө юунд зарцуулагдав. Тэрнээс гадна 600-гаад сая ам.долларыг гадаадаас зээл тусламжаар авсан. Мөн л зарцуулалтын тайлан тооцоо нь нууцлагдмал. Шаардлага тавьсан ч тоогоогүй. Одоо 10 их наяд төгрөгийг гурван жилдээ зарцуулна гэж байна.

-10 их наядын тодорхой хувийг гурван хувийн хүүтэйгээр ЖДҮ эрхлэгчдэд гурван хувийн хүүтэй олгоно. Олгохдоо арилжааны банкаар дамжуулна гэсэнд иргэд сэтгэл дундуур байх шиг санагдсан?

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлээ арилжааны банкаар дамжуулахдаа одоо банканд илүүдэл гэж хэлж болох тэр мөнгийг эргэлтэд оруулаад есөн хувийн хүү төлөх юм гэсэн. Товчхондоо, зургаан хувийг нь төр, гурван хувийг нь иргэн төлнө гэсэн үг. Засгийн газар жилд хүүний зөрүү гэж 100-120 тэрбум төгрөг өгөхөөр тооцоолсон байна лээ. Зүгээр сууж байхаар гэдэг шиг банканд маш ашигтай ажил болсон. Мөн Төвбанк 10 хувийн хүүтэй бонд гаргах гэж байна. 

Төв банкны үнэт цаас гарахаар арилжааны банкууд худалдаж авна. Төв банк бондоо зарсан мөнгөөрөө зээл гаргана. Зээлийн эх үүсвэр болгоно гэхчлэн 10 их наяд төгрөгийн эх үүсвэр Засгийн газар шууд гэхээсээ илүүтэй арилжааны болон Төв банкнаас санхүүжүүлэгдэх юм билээ.Уг нь Засгийн газарт нөөц хөрөнгө бий. Түүнийгээ зарцуулах боломж ч байгаа. Дээр хэлсэнчлэн гадаад валютын нөөц 4.5 тэрбум төгрөгөө гэх мэтчилэн эх үүсвэрээ ашиглаад бонд гаргаж, 10 их наяд төгрөгийн цогц хөтөлбөрийнхөө санхүүгийн эх үүсвэрийг босгох боломж бий. Ер нь сонгуулиас сонгуулийн хооронд амьдарч байгаа улс төрийн тогтолцоо Монголыг баллаж байна. Эдийн засаг өсөлттэй гарч, хуримтлал үүслээ гээд ашгийг нь маш цөөхөн хүн хүртчихээд ард иргэд падлийгүй болоод байна. Эдийн засаг сайн эсвэл муу байх нь ард түмэнд хамаагүй гэх дүгнэлт цар тахлын үеийн эдийн засгийн нөхцөл байдал үндсэндээ нотолчихсон.

-Төрийн өмчийн алдагдалтай ажилладаг компаниудыг нэгтгэх, хувьчлах асуудал хөндөгдөж байгаа. Ингэхэд төр өмчтэй байх нь зөв үү, буруу юу?

-Дэлхийд нэг ашиг сонирхлын бүлэглэл гарч ирээд төрийн эрх мэдлийг 100 хувь гартаа авах бодлого хэрэгжүүлэх гээд хэрэгжээгүй нуран унасан. Цаашид ч хэзээ ч хэрэгжихгүй. Мэдээж төр хүчтэй байх ёстой. Хүчтэй байхын тулд өмчтэй байх ёстой. Хүчирхэг, өмчтэй байх хэрээр тухайн улсын тусгаар тогтнол баталгаажиж байдаг юм. Төр, ард түмнээрээ хүлээн зөвшөөрөгдсөн, өмчтэй, хүчтэй байх ёстой гэсэн үг. Төр хэсэг бүлэглэлийн гарт орвол буруудна. Бүлэглэл төрийг хүчгүйдүүлэхийн тулд өмчийг нь авахыг санаархдаг. 

Өөрөөр хэлбэл, төрийн өмчлөлтэй компани, аж ахуйн нэгжийг ашиггүй ажиллуулдаг. Олон жилийн турш амжилттай хэрэгжсэн танил технологи байгаа биз. Төрийн өмч ашигтай ажиллаж чаддаг, төрийн өмчийн ашиг ард түмний үйл хэрэгт зарцуулагдаж болдгийг бусад улс орнууд аль хэдийн харуулчихсан. ОХУын Роснефтийг хар, Хятадын төрийн өмчит компаниудыг хар.Монголд ч харуулж чадсан. Аргагүйн эрхэнд Тавантолгойг ашигтай ажиллууллаа шүү дээ. Төрд стратегийн том орд байх ямар өндөр ач холбогдолтойг, ард түмэнд ямар их үр өгөөжтэйг харууллаа. Бас Эрдэнэт байна. Жилд тогтмол 500-600 тэрбум төгрөгийг татвар төлдөг. Татвараас гадна үйл ажиллагаагаараа эдийн засгаа асар их дэмжлээ. Өнгөрсөн жил гэхэд л 1.2 их наяд орчим төгрөгийн үр өгөөжийг улсад өглөө. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл төрийн өмчит компани ашиггүй ажилладаг юм биш, ашигггүй ажиллуулаад байгаа юм. Тэнд менежментийн буюу засаглалын тогтолцоо ярих ёстой болохоос биш, хувьчлах тухай яриа хэрэггүй. Дэлхийд жишигт, эдийн засгийн суурь бодлогоор тодорхой салбар, өмчүүд заавал төрд байдаг юм. Цахилгаан дамжуулах сүлжээ, цахилгаан станц, стратегийн ач холбогдол бүхий орд гэхчлэн үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлөх салбарууд. Түүнчлэн Үндэсний аюулгүй байдалд ач холбогдол бүхий гэдгээс өөр ойлголт бас бий. Тодруулбал, нийгмийн хөрөнгө, эх үүсвэрээр бий болсон өмч буюу сургууль, эмнэлэг, зарим нэг их дээд сургуулийг хувьчилж болохгүй.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН