Ц.Нямдорж: Хонгил үүссэн түүх ба яргын хэрэг
2021/04/24
Монгол Улсын иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт “захиалгаар С.Зоригийг алсан” гэж ял шийтгэл оногдуулснаас хойш 5 жил 7 сарын хугацаа өнгөрлөө. Эрүүдэн шүүж хууль бус ял тулгасан энэ хэрэгт АТГ, ТЕГ, ЦЕГ, ШШГЕГ, нийслэлийн болон Улсын ерөнхий прокурор, гурван шатны шүүх гээд Монголын хуулийн бүх байгууллага, тэдгээрийн гол удирдлагууд оролцож, тэд санал нэгтэйгээр дээрээс өгсөн даалгаврыг гүйцэтгэсэн.
Энэ хэргийн анхан шатны шүүх хурлын шийдвэр 2016 оны 12 дугаар сарын 21-нд, Давж заалдах шатны шүүхийн шийдвэр 2017 оны 3 дугаар сарын 14-нд, Дээд шүүхийн шийдвэр 2017 оны 8 дугаар сарын 2-нд тус тус гарсан. Өөрөөр хэлбэл, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхад бүх шатны шүүх шийдвэрээ гаргасан гэсэн үг. Хүн мөчилж алан цаазаар авах ял шийтгүүлсэн Ц.Амгаланбаатар 2013 оны 7 дугаар сард “С.Зоригийг би алсан” гэдэг мэдээлэл Говьсүмбэр дэх хорих ангийн даргад бичиж, Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат, Авлигатай тэмцэх газрын дэд даргаар ажиллаж байсан Батын Хурц нарын удирдлага дор Тагнуулын ерөнхий газрын ажилтан Ж.Мөнхбал, С.Баяраа нар энэ зохиолыг гардан бичсэнээр эмгэнэл эхэлнэ.
Ялтан Ц.Амгаланбаатар гэж хэн байв: С.Зоригийг алагдах үед 16 настай байсан, бага байхдаа иргэн Гаравсүрэнд үрчлэгдэж, түүний ээж Цэвэлмаагийн дэргэд өссөн, 4 дүгээр ангийн боловсролтой нэгэн. Гэр нь Б.Содномдаржаагийн аав, ээжтэй хамар хашаанд байдаг тул Б.Содномдаржаа түүнийг хааяа хадланд дагуулж явна. Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэнгийн ээж Сэсэрмаа, Ц.Амгаланбаатарыг өргөж авсан Цэвэлмаа, энэ хэрэгт 10 сар хоригдсон А.Ганхуягийн ээж Сэржмядаг нар эгч дүүс, бүгдээрээ Гомбо гэдэг овогтой. Өөрөөр хэлбэл, Б.Содномдаржаа, Т.Чимгээ, А.Ганхуяг нарыг Ц.Амгаланбаатар багаасаа танина. Хожим нь Ц.Амгаланбаатар таньдаг байсан гэдэг нэг л шалгуураар С.Зоригийг тэд алсан хэрэгтэн болж шоронд тарчилна. Ц.Амгаланбаатар багаасаа зожиг, хашаанаасаа бараг гарахгүй танил багатай нэгэн. 2007 оны үед тэр эхлээд хүчингийн хэрэгт холбогдож, мөрдөнд хоригдож байхад таксины жолооч мөчилж алсан хэрэг нь илэрч, энэ хэргийг Ц.Амгаланбаатар үйлдсэн болох нь тогтоогдож шүүхээс дээд хэмжээний ял авна. Тэгэхдээ зүгээр ял аваагүй. Эхлээд өөрийн багын найз, нэг гудамжинд зэргэлдээ хашаанд амьдардаг Шнок хочит Эрдэнэбаяр энэ хэргийг үйлдсэн гэж гүтгэн бараг 5 сар шоронд хориулсны дараа энэ хэргийг Ц.Амгаланбаатар өөрөө үйлдсэн болох нь нотлогдож ял авсан. Ц.Амгаланбаатар энэ хэрэгт мөрдөгдөж байхдаа 2007 онд Эрдэнэтэд гэртээ хутгалуулж нас барсан Ганбатыг “би алсан” хэмээн мэдэгдэж, сайн хоол өгч зугаацуулбал хэргийн талаар мэдүүлэг өгнө хэмээн тулгасан ч худал мэдүүлсэн нь нотлогдсон тул хэрэгсэхгүй болгосон. Тэрээр ял эдэлж байхдаа өргөж авсан ээж Цэвэлмаатайгаа уулзахын тулд Архангай аймгийн Цэнхэр суманд 2003-2004 оны үед гурван хүн сэжигтэйгээр нас барсан хэргийг “би үйлдсэн” хэмээн мэдүүлсэн тул 2013 онд Улсын мөрдөн байцаах газраас ажлын хэсэг гарч газар дээр нь цөөнгүй хоног ажиллаж хууртсан. Энэхүү ээлжит хэрэг хүлээлт нь бүтэлгүйтсэн тул буцаж явахдаа “тэгвэл би С.Зоригийн хэргийг хүлээчих үү” гэж цагдаагийнханд үг алдсан гэдэг. Ингэж тэр С.Зоригийг алсан хэргийг өөр дээрээ авсан. Энэ хэргийг хүлээх явцдаа 2007 онд Отгонбаатарыг гэр бүл, үр хүүхэдтэй нь (4 хүн) шатааж алсан гэж хэрэг хүлээсэн. Ингэж ганцхан жилийн дотор тэрбээр 8 хүний амь хохироосон хэрэг хүлээсэн. Төв аймгийн Мааньтад үндсэн ялаа эдэлж байсан Ц.Амгаланбаатарыг 2013 оны 7 дугаар сард гэнэт Говьсүмбэр аймгийн хориход шилжүүлсний дараа тэрээр С.Зоригийг алсан тухай өргөдөл гаргаж, үүний дараахан Тагнуулын ерөнхий газраас Ж.Мөнхгал, С.Баяраа гэх хүмүүс очиж түүнтэй уулзсан. Ц.Амгаланбаатар үүний дараа “хоёр сайхан ахтай болсон тухайгаа” өргөж авсан эх Гаравсүрэндээ мэдээлсэн байдаг.
Тун удалгүй тагнуулынхан Ц.Амгаланбаатарыг нийслэлд авч ирж хүүхдийн хориход тусгай өрөө бэлтгэж, хоол унд, хувцас хунараар тордон таалагдах мэдүүлэг өгвөл гадуур зугаацуулан шагнаж, таалагдахгүй мэдүүлэг өгч өмнөхөөсөө буцвал хоолыг нь хасаж нөхцөл чангаруулна. Тагнуулынхан Ц.Амгаланбаатартай ингэж зууралдаж, түүнд зохиолоо нутагшуулж байх үед АТГ-ынхан 2014 оны 2 дугаар сараас Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар дээр гүйцэтгэх ажиллагаа явуулна.
АТГ-ын гүйцэтгэх ажилтан “Сайнбилэг”-ийг Т.Чимгээтэй танилцуулж, тэд хувийн харилцаатай болно. Эрдэнэт, Улаанбаатарт хааяа уулзана. Тэр үед нь бичлэг хийнэ. Нэг удаа Т.Чимгээг Улаанбаатарт ирүүлж, буудалд үлдээгээд Сайнбилэг гарч нэлээд удна. Энэ хооронд гэнэт утас нь дуугарахад цаанаас нь Ц.Амгаланбаатар шоронгоос ярьж, “С.Зоригийг алсан хэргээ хүлээ” гэж баахан дарамтална. Үүний дараа “Сайнбилэг” орж ирэхэд, Т.Чимгээ “шоронгийн хоригдол хэргээ хүлээ гэж ярьж дарамталлаа” гэж үнэнээ хэлэхэд би зохицуулж өгье гээд дагуулж хорих анги дээр очно. Ингээд 2014 оны 6 дугаар сарын 14-нд Т.Чимгээг Ц.Амгаланбаатар дээр оруулж гаднаас нь хаалгыг түгжинэ. Ц.Амгаланбаатар нь “Бат-Үүл явуулсан уу, хэргээ хүлээ” гэж баахан дарамталж, энэ үеэр Ж.Мөнхгал, С.Баяраа нар хар масктай өрөөнд орж ирнэ. Ийнхүү 2 цаг дарамталсны дараа “Сайнбилэг” нь Т.Чимгээг Тэрэлжид аваачиж хэрхэн бичлэг хийж, хурууны хээ авсан нь олон нийтэд ил болсон. 2014 оноос Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар луу “С.Зоригийг алсан хэргээ хүлээ” гэсэн баахан мессэжүүд явуулна. Б.Содномдаржаад 262, Т.Чимгээд 23 орчим мессэж бичсэн. Энэ мессэжүүдийг Ц.Амгаланбаатар биш, тагнуулынхан Тэгшбаяр гэдэг нэрээр нууцалсан утсаар бичээд хожим нь уг утсыг устгана. Ц.Амгаланбаатар 4 дүгээр анги төгссөн, латин үсэг мэдэхгүй. Бүх мессэж нь латинаар үг, үсгийн алдаагүй бичигдсэн байдаг.
БОЛОВСОН ХҮЧНИЙ ТОМИЛГОО
Зохиомол хэргийн боловсруулалт ид хийгдэж байх үед 2014 оны 11 дүгээр сарын 5-нд Н.Алтанхуягийн Засгийн газар огцорч, 6 жилийн хугацаатай 2011 онд Ерөнхий прокуророор томилогдсон Д.Дорлигжав Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Хууль зүйн сайдаар томилогдоно. Д.Дорлигжав Улсын ерөнхий прокурор байх үед 2014 оны 1 дүгээр сарын 9-нд УИХ-ын олонхын бүлгийн Ш.Түвдэндорж, цөөнхийн бүлгийн Д.Хаянхярваа тэргүүтэй гишүүд Прокурорын мөрдөн байцаах албыг татан буулгах хуулийн төсөл өргөн барьж, энэ хууль 2014 оны 1 дүгээр сарын 24-нд гэрлийн хурдаар батлагдаж, уг албыг орон тоо, төсөвтэй нь АТГ-т шилжүүлсэн ба энэ ажлыг Б.Хурц дээрх гишүүдийг ятган санаачлуулж тэр албанд ажиллаж байсан О.Бархасбадь, Бямбажав нар Т.Чимгээ нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалт явуулж шүүхэд шилжүүлсэн. С.Зоригийн амь хохироосон хэрэгт АТГ-аас Эрдэнэтэд хууль бус гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан нь Д.Дорлигжавт баригдаж, УЕПГ-т нэгэн маргаан гарсны дараа болсон үйл явдал энэ. Нууц ажиллагаанд нь саад болсон Ерөнхий прокурорыг дэвшүүлэн зайлуулах, Прокурорын мөрдөн байцаах албыг татан буулгах энэхүү операцийг Б.Хурц зохион байгуулж, түүний тухай цуглуулсан материалыг Р.Чингэс шалгасан баримт бий. Ч.Сайханбилэгийн Засгийн газар 2014 оны 11 дүгээр сарын 21-нд байгуулагдсаны дараа 2014 оны 11 дүгээр сарын 26-нд Б.Хурц ТЕГ-ын даргаар, Р.Чингэс ЦЕГ-ын даргаар, Б.Билэгт ШШГЕГ-ын даргаар томилогдож, тун удалгүй АТГ-ын дарга Н.Ганболд гэнэт халагдах өргөдлөө өгч, 2015 оны 2 дугаар сарын 15-нд Улсын ерөнхий прокуророор М.Энх-Амгалан томилогдоно. Ийнхүү тагнах, мөрдөх, хянах, хорих бүх байгууллагын гэнэтийн шинэ томилгоо хийгдсэнээс хойш Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар дээр хийгдэж байсан гүйцэтгэх ажиллагаа илт идэвхжиж, 2015 оны 3 дугаар сард АТГ-ын ажилтан Амартүвшин Эрдэнэтэд очиж Б.Содномдаржааг олж гудамжинд өдөж зодоон үүсгэж, 3 дугаар сарын 28-нд Эрдэнэтийн цагдаа Б.Содномдаржаад эрүү үүсгэж, үүнээс 2 сарын дараа 5 дугаар сарын 13-нд Т.Чимгээг эмнэлэгт хэвтэж байхад түүний хашаанд хүний цогцос аваачиж хаяна. Ингэж АТГ болон тагнуулынхан Т.Чимгээ, Б.Содномдаржаа болон тэдний гэр бүл, хамаатан садныхан дээр бараг хоёр жил гүйцэтгэх ажиллагаа явуулсны эцэст 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр тэднийг сүр дуулиантай нэгжиж баривчилснаар зохиолын эхний хэсэг дуусна. Яг энэ өдөр буюу 2015 оны 8 дугаар сарын 31-нд дээр нэр дурдсан А.Ганхуягийг мөн баривчилж, Төв аймгийн мөрдөнд хорино. Ингэж садан төрлийн холбоотой гурван хүн “С.Зоригийг алсан” хэрэгт холбогдоно.
ШОРОН ДОТОРХ ЯРГАЛАЛ
Б.Хурц ТЕГ-ын дарга, Б.Билэгт ШШГЕГ-ын даргаар томилогдсоны дараа нэгэн хачирхалтай томилгоо хийгдэв. ТЕГ-ын ахлах дэслэгч цолтой, Шихихутуг сургууль төгссөн Үржнээгийн (Хурцын эхнэртэй овог нэгтэй) Отгонбаяр 2015 оны 1 дүгээр сарын 29-нд ШШГЕГ-ын Гүйцэтгэх (тагнах) хэлтсийн дарга болж, олон цол алгасаж дэд хурандаа болов. Шинээр ажил авч, цол нэмсэн Ү.Отгонбаяр ТЕГ-ын шууд удирдлага дор (ШШГЕГ-ын дарга Билэгт нь ТЕГ мэдэж байгаа гээд энэ асуудалд огт ойртдоггүй байсан гэдэг) Төв аймгийн мөрдөнгийн 2000 оноос хойш ашиглагддаггүй байсан подвальд засвар хийлгэж, 5-6 хүн хорих өрөөнүүд бэлтгэж, тэнд бичлэг хийх тоног төхөөрөмж суурилуулж, хоёр давхарт нь подвальд зассан өрөөнүүдийг хянаж байх тусгай төхөөрөмж суурилуулсан. Гол үүрэг гүйцэтгэх албан тушаалтнуудыг томилж, ийнхүү яргалал үйлдэх газраа бэлтгэж дуусмагц 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хар масктай өвч зэвсэглэсэн тусгай албаныхан баривчилж, нууцаар Төв аймгийн мөрдөнд хорьсон, ар гэрийнхэн нь цөөнгүй хоног хөөцөлдсөн боловч эхний үед хаана хорьсныг хэлэхгүй байсан гэдэг. Ийнхүү цагдан хорьсон маргааш нь ялтан Ц.Амгаланбаатар, хүн амины хэрэгт 15 жилийн хорих ял шийтгүүлсэн ялтан Б.Итгэлтөгс, хянагч О.Бямбажав нарыг Б.Содномдаржаа дээр оруулж, С.Зоригийг алсан хэргийг хүлээлгэх гэж 6 хоног нойр хоолгүй яргалуулсан, энэ тухай бичлэг олон нийтэд нэгэнт ил болсон. Ц.Амгаланбаатар нь “хэрэг хүлээ” гэж зодож жанчин дарамтлах, Б.Итгэлтөгс нь “хамаатан садангууд (Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар, А.Ганхуяг нар садан төрлийн холбоотой гэдгийг Б.Итгэлтөгс мэдэх ямар ч үндэсгүй, үүнийг тагнуулынхан зааж өгсөн) нийлчихээд чамайг гүтгэж байгаа учраас Амгаланбаатарын хэлснээр хэргээ хүлээ, хариу гүтгэ тэгвэл хөнгөн ял өгнө” хэмээн ухуулж сэнхрүүлэх, Б.Содномдаржаа эсэргүүцэл үзүүлбэл “номхруулах” хөдөлмөрийн хуваарьтайгаар уг яргалах ажиллагаанд оролцсон. 2015 оны 9 дүгээр сарын 1-нд Б.Содномдаржаа дээр оруулсан Ц.Амгаланбаатарыг 6 хоногийн дараа тэндээс гаргаж, Б.Итгэлтөгс нь ятгах ажлаа үргэлжлүүлэхээр үлдсэн. Ийнхүү бүтэн 6 хоног бараг 150 орчим цаг яргалуулсны эцэст Б.Содномдаржаа нэг удаа өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхдөө “Амгаланбаатарын дарамталж, Б.Итгэлтөгсийн ятгасны” дагуу хэрэг үйлдсэн гэж зөвшөөрсөн мэдүүлэг (2015 оны 9 дүгээр сарын 18-нд) өгсөн боловч дараагийн мэдүүлэгт үүнээсээ буцаж, хэрэг шийдвэрлэгдэж дуусах хүртэл энэ мэдүүлгээсээ буцаагүй. Ийнхүү яргалж байхдаа уух ус, эсхүл хоолонд нь сэтгэцэд нөлөөт бодис өгч бие нь муудсан тул олон хоног зөвхөн 00-д орохдоо ус ууж байсан гэж Б.Содномдаржаа ярьдаг бөгөөд энэ нь үндэслэлтэй байх магадлал өндөр. Учир нь Б.Хурц нарын дөрвөн хүн иргэн Д.Энхбатыг 4 улс дамжуулан хулгайлж ирэхдээ түүнд мансууруулах бодис тарьсан, Т.Чимгээгийн биед үзлэг хийхдээ бас ийм арга хэрэглэсэн. Б.Содномдаржааг ийнхүү ялтнуудаар дамжуулан яргалж байх үедээ 2015 оны 9 дүгээр сарын 8-ны шөнө 24 цагийн үед Т.Чимгээ дээр ялтан Ц.Амгаланбаатарыг оруулж дарамтлуулсан бичлэг ил болсон.
Т.Чимгээ ийнхүү хоригдож байхад том охин нь авто ослоор нас барсан бөгөөд мөрдөн байцаах хэлтсийн дарга О.Бархасбадь охиныг нь оршуулдаг өглөө буюу 2016 оны 8 дугаар сард Т.Чимгээ дээр мэдүүлэг авах нэрийдлээр очиж, “охин чинь нас барсан, өнөөдөр оршуулж байгаа, үйлийн үр чинь ингэж гарч байна” хэмээн хүний ёсноос гадуур сэтгэлийн дарамт үзүүлж байсан нь бий. Энэ тухай өмгөөлөгч нь тодорхой ярьдаг. Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэнг Төв аймгийн мөрдөнд 14 хоног цагдан хорьж, мөн л элдвээр сэтгэлийн дарамт үзүүлж байгаад мэдүүлэг авсан нь бий. Тухайлбал, “Чимгээ 1998 оны цагаан сарын үеэр Эрээн явахдаа бор өнгийн ардаа үдээстэй гутал авч ирснийг санаж байна” гэсэн мэдүүлэг гаргасан. Энэ нь зочид буудлын манаач байсан Маруся гэдэг хүний мэдүүлэгтэй ойролцоо. Ингэж хэрэгт ямар ч хамааралгүй хүнийг эхнэрийг нь хорьж байсан газарт хорьж урьдчилан төлөвлөсөн мэдүүлэг авсан. Сэтгэл санааны дарамт шахалт үзүүлэх, хорих байрны стандартад үл нийцэх нөхцөлд хорьж биеийн шаналал үзүүлэх энэ бусармаг аргыг Б.Содномдаржаа, Т.Чимгээ нараас гадна Б.Булган, А.Ганхуяг, Ц.Амгаланбаатар нарт ч адилхан хэрэглэж байсан. Тухайлбал, Ц.Амгаланбаатар мөрдөгчдийн хүссэн мэдүүлэг өгвөл сайн хоол өгч, кино үзүүлж гадуур зугаалуулж, хүсээгүй мэдүүлэг өгвөл “чамайг энд чинь ална, чиний хойноос хэн ч явахгүй, хүүхдийн чинь хурууг нэг нэгээр нь мөчилж өмнө чинь тавина” гэх зэргээр дарамталдаг байсан тухай тэр мэдүүлэг өгсөн. Б.Булганыг 2015 оны 11 дүгээр сарын 13-нд ТЕГ дээр бүтэн өдөржин байцааж, орой нь гэрт нь хүргэнгүүт гэнэт баривчилж буцаан ТЕГ дээр авч ирж тусгай өрөөнд оруулж дээрээс нь Ц.Амгаланбаатарыг оруулахад тэрбээр сандал өшиглөж, хашхичиж, харааж “би Зоригийг алчихаад чамайг хүчиндсэн биз дээ, үнэнээ хэл” гэж дарамталсан бичлэг бий. Энэ үед мөрдөн байцаагч О.Бархасбадь хажууд нь байж, Ж.Мөнхгал нь Ц.Амгаланбаатарыг “00”-д ороход нь үг зааж өгч байсан гэдэг. А.Ганхуяг, Б.Булган нарыг 8-10 сар ямар ч халаалтгүй өрөөнд бүтэн намар, өвлийн турш хорьсон. Энэ бол ил далд явагдсан бүхий л хууль бус ажиллагааны өчүүхэн хэсэг.
ГҮЙЦЭТГЭХ, МӨРДӨХ, ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ЯВЦАД ГАРСАН ЗАВХРАЛУУД
1. Хоёр алуурчин дөрөв болсон нь: Энэ хэргийг эрэгтэй, эмэгтэй хоёр хүн үйлдсэн гэдгийг Б.Булган анхнаасаа тууштай ярьж, үүнийг коридорт зогсож байсан Даваахүү, Барсбаатар нар баталж, дуудагдаж С.Зоригийн гэрт анх орсон Рагчаа, Доржсүрэн төдийгүй хотын цагдаагийн дарга Н.Ганболд, хамт явсан С.Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд асан Ши.Батбаяр нар Б.Булганы хэлснийг давхар нотолсон мэдүүлэг өгсөн. Гэтэл хуулийн байгууллага 15 жилийнхээ ажлын дүнг нотолгоотой нь үгүйсгэж, С.Зоригийг дөрвөн хүн алсан гэж алуурчдын тоог хоёр дахин өсгөж, үүнийгээ ямар ч баримтаар нотолж чадалгүй өдийг хүрлээ.
2. Цорын ганц гэрч Б.Булганыг шүүх хуралд оролцуулаагүй: Энэ хэрэгт Б.Булганыг 10 сар цагдан хорьж 3 удаа мэдүүлэг авч улмаар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай нүүрэлдүүлэхэд тэрбээр “энэ хоёр хүн С.Зоригийг алсан хүмүүс биш” гэж мэдүүлэг өгсөн тул түүнийг шүүх хуралд оролцуулаагүй. Цорын ганц гэрчийг ийнхүү шүүх хуралд оролцуулаагүй атлаа 1998 онд түүний хэлж зуруулсан ам зургаар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг ялласан.
3. Ц.Амгаланбаатарын өмгөөлөгчийг сольсон тухай: Энэ хэргийн анхан шатны шүүх хурал болохын өмнөхөн Ц.Амгаланбаатарын анх авсан өмгөөлөгчийг гадаадад сургуульд явах нэрийдлээр гэнэт сольж, АТГ-т ажиллаж байсан Дашдорж гэгчид өмгөөлөгчийн эрх олгож, Хууль зүйн туслалцааны төвийн захирлын тушаал гараагүй байхад шүүх хуралдаанд оролцуулсан бөгөөд энэ өмгөөлөгчийг ажлын хэсгийн Ж.Мөнхгал олж өгсөн гэж хожим нь Ц.Амгаланбаатар өргөдөлдөө дурдсан. Тодорхой даалгавар, заавар, чиглэлтэйгээр шүүх хуралд оролцсон энэхүү “өмгөөлөгч” нь Улсын дээд шүүхэд гаргасан гомдолдоо “миний өмгөөлүүлэгч энэ хэргийн захиалагч Э.Бат-Үүл, хамтрагч А.Ганхуяг, хамжигч Б.Булган нарыг илчилсэн тул ялыг нь хөнгөрүүлж өгнө үү” гэсэн утгатай өргөдөл гаргасан бөгөөд энэ гомдол нь Ц.Амгаланбаатарын “Миний бие захиалагч Э.Бат-Үүл, зуучлагч А.Ганхуяг болон хамтран зүтгэгч Б.Булган нарын хэргийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Захиалагч Э.Бат-Үүл, зуучлагч А.Ганхуяг, нуун далдалсан Б.Булган нарт хуулийн дагуу ял оногдуулж өгнө үү” гэсэн давж заалдах гомдолтой агуулгаараа таардаг.
4. Шинэ гэрчийн тухай: Энэ хэрэгт өмнө нь буюу 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдрөөс хойш 2015 оны эхний хагас жил хүртэлх хугацаанд огт байцаагдаж байгаагүй гэрч шинээр илэрч энэ хүн “хэрэг гарахаас 3-4 хоногийн өмнө С.Зориг, Э.Бат-Үүл нарыг талийгаачийн байрны гадаа маргалдаж байсан, хажууд нь зогсож байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг одоо ч гэсэн таньж байна. Хэрэг гардаг орой Э.Бат-Үүл миний хажуугаар гүйж өнгөрсөн, малгайгүй байсан” гэх утгатай мэдүүлэг гаргасан. Энэхүү шинэ гэрч нь эрүүдэн шүүх ажиллагааг гардан зохион байгуулсан Ж.Мөнхгал гэгчтэй 1976 оноос хойш С.Зоригийн байрны хажуугийн 5 дугаар байрны нэг орцод бараг нэг давхарт амьдарч байсан хуучны танил нь байсан бөгөөд 2017 оны 8 дугаар сарын 2-нд Дээд шүүхийн шийдвэр гарснаас хойш 12 хоногийн дараа эх үүсвэр тодорхойгүй шинэ орон сууцтай болсон.
5. Отгонбаатарыг энэ хэрэгт холбогдуулах гол мэдүүлэг гаргасан гэрч: 2007 онд эхнэр, хоёр хүүхдийн хамт гэртээ шатаж нас барсан Отгонбаатар (Паар гэх хочтой)-ыг энэ хэргийн нэг гол холбогдогч болгох мэдүүлгийг ялтан Ц.Амгаланбаатар болон гэрч Тунгалаг гэдэг хүн гаргасан. Тэрбээр “1998 оны 12 дугаар сарын сүүлчээр Амгаа бид хоёр Паарынд архи ууж байхад Амгаа “би Зоригийг нухсан. Сая яваад Бат-Үүлээс нэг сая, Булганаас 3 сая төгрөг авсан” гэж мөнгө гаргаж ирээд Паарын хүүхдүүд тус бүрд нь 5000 төгрөг, эхнэрт нь 30000 төгрөг өгсөн” гэж мэдүүлсэн. Гэтэл Отгонбаатарын охин 1999 оны 11 дүгээр сарын 4-нд, хүү нь 2002 оны 6 дугаар сарын 21-нд төрсөн. Өөрөөр хэлбэл, 1998 оны 12 дугаар сард Отгонбаатарын эхнэр төрөөгүй байсан. Энэ гэрч гэх Тунгалаг нь олон жил архины хамааралтай амьдарч, албадан эмчилгээнд явж байсан, тагнуулын ажлын хэсэг түүнээс мэдүүлэг авахдаа архи өгч согтоогоод өөрсдөө мэдүүлэг бичиж, гарын үсэг зуруулдаг, таалагдахгүй мэдүүлэг өгвөл гавлаж айлган сүрдүүлдэг байсан тухай хожим нь мэдүүлэг өгсөн.
6. Э.Бат-үүлийн та-лаарх Амгаланбаатарын мэдүүлэгт: “…Жаагий (Б.Содномдаржаа)-ийн утас дуугарч бид гарч нэг машинд орсон. Бат-Үүл байсан…Жаагий түүнээс мөнгө авсан гэсэн. Гэхдээ ил харагдах мөнгө байгаагүй. Бид дөрвийг гадагш гарахад Бат-Үүл нэг давхрын өгсдөг шатан дээр бид дөрвийг хараад зогсож байсан. Бид дөрвүүлээ түүнийг харсан. Бид буудалд ирчихээд нэлээд хэдэн цаг суусан. Гэтэл Жаагийгийн утас дуугарч бид хоёр гарсан. Бат-Үүл хар хөх өнгийн жийп машинтай ирсэн. Жаагий машинд орж суугаад хэсэг хугацааны дараа чемодан шиг хэлбэртэй хар өнгийн цүнхтэй зүйл авч буусан. Цүнхэн дотор боодолтой мөнгө байсан. Буцаж орж ирээд Жаагий “Энэ Бат-Үүл гай болох юм. Зоригийн авгайг амьд үлдээ гэчихээд гэрт нь юмаа орхичихсон (малгай) байх юм” гэж байсан…(өмнө Ганхуяг хар арьстай залуутай ирж уулзсан. Хар арьстай залуу Жаагийд дугтуйтай мөнгө өгсөн гэж өөр мэдүүлэг өгсөн)…Жаагий Бат-Үүлээс авсан мөнгөөрөө барааны зах дээр наймаа хийж эхэлсэн. С.Зоригийг алдаг өдөр Бат-Үүл С.Зоригийн гэрийн хаалга онгойлгож өгөхөд Жаагий бид хоёр орж авгайг нь хүлж, ариун цэврийн өрөөнд үлдээсэн.
Ингээд гараад ирэхэд Бат-Үүл, Чимгээ хоёр коридорт зогсож байсан ба Бат-Үүл нөгөөдөх чинь ирж байна, би явлаа гээд явсан (2015.10.02-ны өдрийн мэдүүлэг) гэж мэдүүлжээ. Ц.Амгаланбаатар ийм ноцтой зайлшгүй шалгаж мутарлах мэдүүлэг өгсөн байхад. Э.Бат-Үүлээс ганц ч мэдүүлэг авахгүйгээр хэргийг шүүхээр шийдвэрлэсэн.
7. Э.Бат-Үүлийг яллаг-дагчаар татсан тухай: Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсийн дарга О.Бархасбадь 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр “Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Э.Бат-Үүл, А.Ганхуяг, Б.Булган, Б.Отгонбаатар нар нь бүлэглэж, С.Зоригийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна” гэж тэмдэглээд, “Э.Бат-Үүл бусадтай бүлэглэн С.Зоригийг алах гэмт хэргийг зохион байгуулсан” гэж үзэж,
1986 оны Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлд заасан гэмт хэрэг /улс төрийн зорилгоор аллага хийх/-т зааснаар түүнийг яллагдагчаар татсан боловч прокурор Б.Батжаргал нь 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр “Э.Бат-Үүл нь… С.Зоригийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдохгүй байна” гэж тэмдэглээд, түүнийг яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосон байна.
8. Шагналын тухай: Энэ яргын хэргийг шийдвэрлэхэд оролцсон хүмүүс албан тушаал, алдар цол, эд хөрөнгө, бүр цаашилбал ял завшилгаар хэрхэн шагнагдсан нь онцгой анхаарал татдаг. Тухайлбал, нэг удаа Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилох хууль /Х.Тэмүүжингийн/-тай байхад Ц.Элбэгдорж Ц.Зоригийг 2016 оны 12 дугаар сарын 5-нд (анхан шатны шүүх хурал явагдаж байхад) улируулан хоёр дахь удаа томилсон, Дээд шүүхэд энэ хэргийг танилцуулсан Б.Цогтыг Эрүүгийн хэргийн танхимын даргаар, Нийслэлийн шүүхийн давж заалдах шатны шүүх хурал даргалсан С.Соёмбо-Эрдэнийг Дээд шүүхийн шүүгчээр, нийслэлийн прокурор Б.Амгаланбаатарыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор тус тус томилж, Б.Хурцад 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дэслэгч генерал, АТГ-ын даргаас бууж ТЕГ-т шилжсэн Н.Ганболдод бригадын генерал цол олгож, прокурор Ж.Сандагсүрэнг Алтангадас одонгоор, тагнуулын Ж.Мөнхгалыг Сүхбаатарын одонгоор шагнан Ц.Элбэгдорж өөрөө ажил дээр нь аваачиж гардуулсан. Тэр бүү хэл энэ ажиллагаанд оролцсон “Сайнбилэг”-ийг 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдөр (бас л шүүх хурал явагдаж байх үеэр, 12 дугаар сарын 5-нд Ц.Зориг Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр хоёр дахь удаагаа томилогдсоныг дээр дурдсан) Б.Хурц тушаал гаргаж орон сууцаар шагнаж, дээр дурдсан “шинэ гэрч” түрээсийн байранд амьдарч байснаа 2017 оны 8 дугаар 2-нд Дээд шүүхийн шийдвэр гарсны дараа 8 дугаар сарын 14-нд гэнэт орон сууцтай болж, 2017 онд Төв аймгийн сум дундын шүүх Б.Итгэлтөгсийн 10 жилийн хорих ялыг хоёр удаагийн шүүхээр оруулан хасч сулласан байх ба шүүгч нь Ц.Элбэгдоржийн найзын дүү байсан.
Дүгнэлт
1. Хуулийн байгууллага энэ хэргийн “захиалагч” нь Э.Бат-Үүл, “хамтрагч” нь А.Ганхуяг, “хамжигч” нь Б.Булган, гүйцэтгэгч нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар гэж үзэн (Ц.Амгаланбаатарын мэдүүлэг гэгчийг үндэслэн) цөмөөрөнг нь яллагдагчаар татаж, дийлэнх хүмүүсийг урт хугацаанд цагдан хорьж шалгасан атлаа хэргийг шүүхэд шилжүүлэх шатанд “захиалагч”, “хамжигч”, “хамтрагч” гэх хүмүүсийн хэргийг нотлогдоогүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон атлаа “гүйцэтгэгч” гэх иргэдийг “захиалгаар хүн алсан” гэж ял төлөвлөж, шүүх энэ саналыг ёсоор болгосон. Прокурор Батжаргал Давж заалдах шатны шүүх хуралд, Г.Эрдэнэбат Дээд шүүхийн хуралд оролцохдоо “Э.Бат-Үүл, Б.Булган, А.Ганхуяг нарыг яллагдагчаар татаж шалгасан боловч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгосон” гэж мэдүүлсэн. Э.Бат-Үүл, А.Ганхуяг, Б.Булган нарын үйлдлийг нотолж чадаагүй нь Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарын үйлдлийг бас нотолж чадаагүй гэсэн үг. Ийм л энгийн зүйл. Хуулийнхан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байгаа бол цаашид Э.Бат-Үүл, Б.Булган, А.Ганхуяг нарыг “Ц.Амгаланбаатарын мэдүүлгээр” энэ хэрэгт холбогдуулан ял оногдуулах, үгүй бол Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг цагаатгах ганц л зам үлдсэн, өөр ямар ч гарц байхгүй.
2. Энэ хэргийг шалгах, шүүхээр шийдвэрлэх явцад Монгол Улсын Үндсэн хууль болон цагдан хорих, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, ял эдлүүлэх ажиллагааны тухай гол хуулиудын бүх гол зарчим, үзэл санаа, заалтууд хайр найргүй зөрчигдсөн. Энд зөрчигдсөнийг тоолсноос зөрчигдөөгүйг тоолох нь хамаагүй хялбар. Нэг үгээр энэ бусармаг ажиллагааны явцад 1937 онд хэрэглэж байсан харгис хэрцгий арга (буудан хороохоос бусад)-ууд бүрэн хэмжээгээр хэрэглэгдэж, Монголын хууль, хяналтын зургаан гол байгууллага, тэдний удирдлагууд энэ хэрэг явдалд санал нэгтэйгээр оролцсон.
3. Цахиагийн Элбэгдорж 2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон өдрөөсөө эхлэн томилгооны эрхээ урвуулан ашиглаж, АТГ, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурорыг Үндсэн хууль, хууль тогтоомжид заасан зургаан жилийн хугацаанаас өмнө хөөж явуулах шахалт дарамт байнга үзүүлж, АТГ-ын дарга, орлогч нарыг шоронд явуулж, УДШ-ийн Ерөнхий шүүгч, УЕП-ын өргөдлийг гаргуулж, оронд нь үгнээсээ гардаггүй, улс төрийн зорилгод нь захирагддаг хүмүүсийг дээрх албан тушаалуудад томилсон. Ингэж хууль, хяналтын гол байгууллагууд “улс төрийн цагдаа”-гийн үүрэг гүйцэтгэх хөрс суурь тавигдсан. Тухайлбал, 2010 оны 5 дугаар сарын 14-нд Д.Дорлигжавыг УЕП-оор (2015 оны 1 дүгээр сарын 15-нд түүнийг М.Энх-Амгалангаар сольсон), 2010 оны 11 дүгээр сарын 5-нд Ц.Зоригийг УДШ-ийн Ерөнхий шүүгчээр 2011 оны 11 дүгээр сарын 17-нд Н.Ганболдыг АТГ-ын даргаар, Б.Хурцыг дэд даргаар, 2012 оны 8 дугаар сарын 17-нд Х.Тэмүүжинг Хууль зүйн сайдаар, 2013 оны 1 дүгээр сарын 8-нд Г.Эрдэнэбатыг УЕП-ын орлогчоор, 2013 оны 5 дугаар сарын 07-нд Н.Лүндэндоржийг ШЕЗ-ийн даргаар тус тус томилж, 2014 оны сүүлчээр Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилж, Засгийн газрын харьяа хуулийн бүх гол байгууллагын удирдлагыг сольсон бөгөөд энэ тухай дээр дурдсан. Хуулийн байгууллага дахь хонгилын бүрэлдэхүүн үүссэн түүх энэ. Ийнхүү өөрийнхөө хүмүүсийг томилсны дараа 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө Н.Энхбаярыг (намайг баривчилсан гэж одоог хүртэл гүтгэдэг. Хуулиар баривчлах саналыг АТГ гаргаж, прокурор зөвшөөрч, шүүгч шийдвэрлэдэг. Үүнийг Н.Энхбаяр өөрөө ч мэддэг. Харин цагдаа шүүхийн шийдвэрийг биелүүлсэн нь үнэн), сонгуулийн үеэр Анандбазарыг, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль явагдаж байхад Улсын мөрдөн байцаах газрын дарга Ц.Батсүх Ё.Отгонбаярын эхнэрийг “328.0 сая ам.долларын хадгаламжтай” хэмээн зарлаж баривчлахаас эхлээд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль дуусталх хугацаанд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт 20-25 жилийн хорих ял оногдуулах хүртэл чилийсэн зургаан жилийн хугацаа өнгөрч олон ч хүн шоронд орсон. Хар дарсан зүүд шиг он жилүүд ингэж л өнгөрсөн. Муу юм модон улаатай гэдэг ардын үг байдаг, одоо ч хаялга нь явж л байна.
4. Хууль, хяналтын байгууллагыг улстөржүүлэх, мөнхүү зорилгоор чадваргүй, мэргэжлийн биш хүмүүсийг томилох, ашиглах нь ямар хор уршиг “тарьдаг”-ийг энэ хэргийн жишээнээс харж болно. Энэ хэргийг тагнах, мөрдөх, хянах, шүүхээр хэлэлцүүлэх бүх ажлыг УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат хариуцсан бөгөөд энэ хүн Цэргийн дээд сургууль төгсөж багшилснаас өөр ажил хийж үзээгүй, Х.Тэмүүжинтэй найзалж байгаад Ц.Элбэгдоржийг түшиж суга дэвшсэн нэгэн. Б.Хурц барилгын техникум төгссөн, зохиол бичих, эрүүдэн шүүх, тамлах гол ажлыг зохион байгуулсан Ж.Мөнхгал нь дүрслэх урлагийн дунд сургууль төгссөн, С.Баяраа нь мэргэн бууч байсан. Ийм л мэргэжил, чадвартай хүмүүс албан тушаал, нэр алдарт хүрэх хүсэл шуналдаа хөтлөгдөж, шоронгийн ганц ялтны үгээр “С.Зориг алагдсан хэрэг”-ийг гэмгүй иргэдэд “тохож хаах” үүрэг гүйцэтгэж яваад үнэнд гүйцэгдлээ. Гэхдээ албан үүргийн хувьд ч, мэргэжил олон жилийн туршлагын хувьд ч тэр энэ завхралыг зогсоож чадахаар хоёр гол хүн байсан. Нэг нь насаараа шүүхэд ажилласан Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг, нөгөөдөх нь Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан. М.Энх-Амгалан гэхэд энэ хэрэг гарах үед буюу 1998 онд УМБГ-ын газрын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, дараа нь УМБГ-ын дарга, ЦЕГ-ын тэргүүн дэд дарга (намайг сайд байхад) гээд цагдаад хашиж болох бүх албаар дамжсан, яалтчгүй бэлтгэгдсэн хүн. Эд нар цагаандаа гарсан шоронгийн ялтан ямар заль мэх гаргадаг, яаж худал хэрэг хүлээдэг, хэрхэн буцаж будлиулдгийг мэдэхийн дээдээр мэддэг хүмүүс. Тэр тусмаа М.Энх-Амгалан С.Зориг алагдсан хэргийн цаад наад юмны учрыг гарсан өдрөөс нь Ерөнхий прокурорын ажлыг өгөх хүртлээ мэдэх цорын ганц хүн. Түүнд мэргэжил, чадвар дутсанаас ийм алдаа гараагүй. Тэр 2015 оны 2 дугаар сарын 15-нд Улсын ерөнхий прокуророор томилогдохдоо “С.Зоригийн амь насыг хохироосон хэргийн шалгалтад үл оролцох, Г.Эрдэнэбатын удирдсан ажлын хэсгийн хийсэн болгоныг нь үг дуугүй өнгөрүүлэх” даалгавар авсан, тэрийгээ ч биелүүлсэн гэж харагддаг. М.Энх-Амгаланг Ерөнхий прокуророор томилогдоход Б.Хурц гишүүдийн өрөөгөөр хэсэж, дэмжихийг ятгаж явсны учир энэ байж. Энэ хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэний дараа Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа “Энэ хэрэг ингэж шийдвэрлэгдсэнд Э.Бат-Үүл баярлах ёстой” хэмээн мэдэгдэл хийж, Э.Бат-Үүл нь өөрийнхөө яллагдагчаар татагдаж байсан энэ хэрэг ийнхүү шийдвэрлэгдсэнд бүрэн итгэж байгаагаа зарлаж, Эбидээ их баярласан гэдгээ хэлсэн” нь 25 дугаар сувгийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт бичигдэж түүх болон үлджээ.
5. Энэ хэргийн шалгалт анхнаасаа будилж хэргийн газарт 70-аад хүн орж гарсан, шалгалт бараг эхлээгүй байхад маргааш өглөө нь Ц.Элбэгдорж “энэ бол улс төрийн аллага” хэмээн зарлаж, тагнуул, цагдаа дээр бие даасан хоёр ажлын хэсэг гарч, хэн түрүүлж илрүүлэх вэ гэдэг далд тэмцэл өрнөж, зайлшгүй хорьж шалгах Б.Булганыг гэрт нь үлдээж, хэргийн газрын үзлэгийг нөхөн хийсэн, Улсын мөрдөн байцаах газрынхан өмнөх дарга Бадамдорж хурандааг үдэж Хандгайтад салхинд гарган найрлаж байх үеэр энэ хэрэг гарсан гээд олон нууцлаг зүйл бий.
ҮАБЗ-ийн хуралд Ц.Элбэгдорж Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч байхад 1998 онд анх удаа, 14 жилийн дараа 2012 онд Ерөнхийлөгч байхад дахин нэг удаа энэ хэргийн талаар танилцуулга хийгдэж, ажлын хэсэг байгуулах, хэргийг маш нууцын журмаар шалгах зөвлөмж гаргасан ба энэ л горимоор шалгасаар байгаад дуусгасан.
Нэг талаас 1998 оны 7 дугаар сард Ц.Элбэгдорж Ерөнхий сайдаас огцорч, тэр уурандаа Эрдэнэт үйлдвэрийн захирал Ш.Отгонбилэгийг ажлаас нь халж, нөгөө талаас Ерөнхийлөгч асан Н.Баганбанди дараагийн Ерөнхий сайдын саналыг олон удаа буцаасан, Эгийн голын усан цахилгаан станц, Бойнг онгоцноос үүдэлтэй “Ардчилсан холбоо” эвслийн дотоод тэмцэл нь дээд цэгтээ хүрсэн үед энэ хэрэг гарсан. Улс төрийн ийм хямралт байдлын үед С.Зориг алагдсан учраас энэ хэргийн захиалагч нь АН дотроос байх ёстой, эсхүл тэр үеийн МАХН, Н.Багабандийн талынхан байх ёстой гэдэг сэжиг таамаг одоо хүртэл бий. Энэ хэргийг 18 жил ийнхүү шалгахдаа нийт 50 гаруй хүнийг “С.Зоригийг алсан” гэж сэжигтэн, яллагдагчаар татаж шалгасан гэж прокурор Ж.Сандагсүрэн 2016 онд Давж заалдах шатны шүүх хурал дээр мэдэгдсэн бөгөөд тэдгээрийн хоёр нь Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар.
6. Сүүлийн үед намайг захиалагч нь байсан учраас хэрэг будилуулж байна гэдэг хардлага бий болгох гэж их зүдэрч байх шиг байна. Нэг талаас ҮАБЗ маш нууцын зэрэглэлтэй хэлэлцэж зөвлөмж гаргасан, тагнуул, прокурор энэ горимоор шалгаж хянаж байсан, нөгөө талаас ямар нэг байдлаар энэ хэргийг сонирхоод эхэлбэл “өөрийнхөө намын захиалагчийг нуух гэлээ” гэсэн хардлага дагах учраас би хувьдаа 2016 оны 3 дугаар сар хүртэл энэ хэргийн талаар бараг дуугардаггүй байсан. 2015 онд Б.Булганыг энэ хэрэгт холбогдуулан баривчлахад нь хуулийнханд баттай баримт байгаа учраас ийм “зоримог” шийдвэр гаргасан байх гэсэн горьдлого надад байсныг нуухгүй. Гэвч ажлын хэсгийнхэн эхлээд “Ш.Отгонбилэгийн жолооч, тогооч хоёр энэ хэргийг үйлдэж хоригдож байгаа” гэсэн мэдээлэл хэвлэлд гаргаж, дараа нь Э.Бат-Үүлийг яллагдагчаар татсанаа чимээгүй болж, улмаар Б.Булганыг сулласан зэрэг ямар ч авцалдаагүй үйлдэл хийгээд эхлэхээр “хэрэг биш боллоо” гэдгийг мэдэрч эхэлсэн. Нөхцөл байдал ингэж эргэсэн тул миний бие 2016 оны 3 дугаар сард Жавзмаа гуайн өргөдлийг УЕП, ТЕГ-т шилжүүлэхдээ “алдаа гарч болзошгүйг” сануулж, 2016 оны 9 дүгээр сард хэвлэлийн хурал зохион байгуулж олон нийт, сэтгүүлчдэд мэдээлэл хийж, УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр 2016.12.26 (№28), 2017.02.06 (№35), 2017.04.10 (№39)-ны өдрүүдэд гишүүдэд мэдээлэл өгч, эрх баригч хүчний хувьд энэ асуудалд анхаарал тавьж, хэлмэгдүүлэлтийг таслан зогсоох шаардлагатай гэдгээ хэлж байсан боловч ямар ч дэмжлэг авч чадахгүй ганцаардсан. Тухайн үеийн УИХ-ын удирдлага, Ерөнхий сайд, хууль, хяналтын байгууллагын бүх удирдлага энэ хэрэг болон Эрдэнэтийн 49 хувийг хуйвалдан хулгайлсан асуудал дээр хөдөлж өгөхгүй нь дэндүү ойлгомжтой болсон учраас 2017 оны дунд үеэс тэдгээрийг сольж байж чулуу хөдөлгөх байр сууринд шилжсэн. Тэмцэл ер бусын хүнд хэцүү байсан ч үр дүн гарч бүх гол албан тушаалтнууд солигдсон. Үүний дараа Эрдэнэтийн 49 хувийн хулгай, энэхүү ярганы хэргийг шалгах ажил бага багаар хөдөлж эхэлсэн. “49 хувийн хэрэг”-ийн зарим хүн шүүхэд шилжиж, ял авч, зарим нь шалгагдаж, “яргын хэрэг”-ийнхэн ял шийтгүүлсэн үед 2020 оны УИХ-ын сонгууль явагдаж би болон энэ хэргийн хойноос хөөцөлдөж байсан Л.Болд, Ж.Батзандан нар “унаж шархадсан”. Дахиад асуудал бүдгэрч энэ сэдвээр ярьдаг хүнгүй болж ярганы хэргийнхэн суллагдсан.
Намайг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт томилогдсоны дараа энэ хэрэг Дээд шүүхээр орж эцэслэн шийдвэрлэгдсэн тул дахиад гол дайралт над руу ирж байна. Ийм дайралт надад сонин биш, харин “хуульчид”-ын нөр их хөдөлмөрийн үр дүнд гэмгүй мөртлөө зургаан жил шоронд хоригдсон иргэдийг суллуулж, амьдаараа дээлэн дотроо хатаж яваа хөгшчүүдийг амьд мэнд байхад нь хүүхдүүдтэй нь уулзуулах нь миний зорилго.
7. Хууль, хяналтын байгууллага сүүлийн жилүүдэд энэ хэргийн холбогдогч нарыг олохоосоо илүү уг хэрэг гарах үеийн нөхцөл байдлыг ашиглан МАН, АН-ын удирдлагуудад “захиалагч нь танай хүн байсан” гэж худал мэдээлэл өгч айлгаж үүнд дөрөөлөн албан тушаалд хүрэх, эсхүл түүнийгээ хадгалах хэрэгсэл болгох бусармаг аргад шилжсэн нь нууц биш. Лав л Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг шүүхэд шилжүүлэх үеэр Б.Хурц ордонд тааралдахад нь “захиалгаар хүн алсан” гэж шүүхэд шилжүүлж байгаа юм бол захиалагчийг нь зарлаач, эсхүл шүүхэд шилжүүлээч” гэхэд сонгуульд танай намд ашиггүй гэсэн. Тэр ямар хамаа байна, манайх байсан ч зарлаач гэж тулгахад 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа зарлана гэсэн. Сонгуулийн дараа дахиад асуухад бултаад алга болсон.
2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль ид явагдаж М.Энхболд сурталчилгаагаар хөдөө явсны хойгуур Прокурорын хууль УИХ дээр хэлэлцэгдэж байсан. Одоогийн Сүхбаатар танхимд УЕП М.Энх-Амгалан тааралдахад нь “Захиалагч илрүүлэх ажлын хэсэг байгуулсан тушаал чинь гараад бараг жил боллоо. Одоо түүнийгээ зарла. Та нар Э.Бат-Үүл, Ш.Отгонбилэг хоёрыг л харддаг биз дээ, заримыг нь яллагдагчаар (Э.Бат-Үүлийг) татаа биз дээ, наад хоёр чинь хөдөөний 16 настай хүүхэд, хөхүүл хүүхэдтэй эмэгтэйд С.Зоригийг алах захиалга өгч баригдах тэнэгүүд биш. Нотолгоо нь байгаа юм бол зарлаач, бариач” гэхэд бас л дүйвүүлээд өнгөрсөн. Гэхдээ их эвгүй байдалд орсон.
8. Одоо зарим хүн Хурцыг хэлмэгдүүллээ гэж гомдол тэмцэл болж байх шиг байна. Цахиагийн Элбэгдоржийн “хөрөө рам”- д Батын Хурцтангуудаар хэрчүүлж, амьдралынхаа зургаан жилийг шоронд хилсээр тамлуулж байгаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар ардаа өндөр настай эцэг, эх болон хань ижилтэй, үр хүүхэдтэй, адилхан хүн гэдгийг энэ ярганд оролцсон хүмүүс, тэдний ар гэрийнхэн нэг хором ч болов бодож үзээсэй билээ. Гэмгүй мөртлөө “С.Зоригийг алсан” гэж хэдэн үеэрээ гүтгэгдэж,шоронд ганц хоног хилсээр сууж толгойн дээрээ бусдын өтгөн шингэнийг асгуулаад үз,өөрт чинь ямар сэтгэгдэл төрөх бол.
Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар ямар ч хэрэг хийгээгүй мөртлөө 20-25 жилийн хорих ял шийтгүүлж, зургаан жил шоронд тарчилж байхад тэднийг яргалсан, эрүүдэн шүүсэн этгээдүүд 1-2 жилийн ял авч байгаа нь ариун явдал мөн үү гэж өөрийн эрхгүй бодогдох юм.
Төгсгөл
Энэхүү яргын эсрэг дуугарсан хүн болгон багагүй дарамт шахалт, сүрдүүлэг, гүтгэлэг, доромжлол амссан. Д.Гэрэл ТЕГ-ын дарга болчихоод яргын хэрэгт оролцсон этгээдүүдийг хариуцлагад татаж хөөж явуулахын оронд “С.Зоригийн аминд халдсан хэргийг шалгах тасаг” гээч юм байгуулж, даргаар нь нэг гол этгээд болох О.Бархасбадь гэгчийг тавьсан. Энэ тасаг яргын ул мөрөө дарахын тулд Эрүүгийн цагдаагийн дарга асан Д.Энхбаяр, түүний ажлыг авсан хурандаа Б.Даваажав, ШШГЕГ-ын дэд дарга Д.Дамдинцэрэн, гүйцэтгэх ажлын хэлтсийн дарга Д.Одсүрэн гээд олон хүн дээр хэрэг үүсгэж, гүйцэтгэх ажлын арга хэмжээ зохион байгуулж, Солонгост үхэх, сэхэхийн зааг дээр эмчлүүлж байсан хурандаа Д.Энхбаярын хүүхдийн сургууль дээр нь очиж “аав чинь хаана байна” гэж хоргоон сүрдүүлсэн, үүнийг сонссон аав нь нэг хоногийн дараа бурхан болсон. Ийм дайрлагад УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар өртөж, нэр төр, сэтгэл санаа бүр цаашилбал улс төрийнхөө карьераар хохирсон доо. Гэр бүл, үр хүүхдүүдэд нь тун амаргүй байсныг ойлгохын дээдээр ойлгож байна. Монголын төрийн гурван дээд институцийн удирдлага, хуулийн хонгилжсонбүх байгууллагын дарга нарын эсрэг боссон энэхүү “Бослого”-д намын харьяалал, үзэл бодол, хувийн амьдрал, карьераа умартан надад түшиг болж хамтарч тэмцсэн эрхэм хоёр нөхөртөө баярлаж явдгаа энд дурдъя. Хонгилынхон нь эрх мэдэл, албан тушаал, хөрөнгө мөнгө, сүлжээндээ хэт аархаж, жирийн борог амьдралтай үй олон хүний амьдралыг там болгож, гэмгүй хоёр иргэнд С.Зоригийг алсан хэргийг тохон дээрэлхэж, Монголын хуулиар, монгол хүнээр тоглоом тохуу хийгээд байхаар нь энэ этгээдүүдтэй яс тэмцэж, үүсгэн байгуулсан хонгилыг нь нураах гэж оролдсон зургаан жилийн адармаат амьдрал минь ард үлдлээ. Ямар ч байсан “Хонгил”-ын гол бүрэлдэхүүн төр, хуулиас холдож, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар бүтэн найман жил амьдаараа тамлуулсны эцэст эрх чөлөөтэй болох дөхөж байх шиг байна. Тал, талаасаа боорлуулж, УИХ-ын даргын албыг өгч байхдаа “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцдэг гэсэн ардын үг байдаг. Туулай гүйцэгдэж л таарна” гэж хэлээд суудлаасаа буусан нь миний л амьдрал. Ямар ч байсан “Яргын хэрэг” нэг туулай үнэнд гүйцэгдэж л байна.
Цэндийн Нямдорж
Зочин · 2021/04/25
Болоод өнгөрсөн үйл явдлуудыг "тэгнэ ингэнэ" гээд ирээдүй цаг дээр биччихсэн, ойлгоход яасан төвөгтэй найруулгатай юм бэ дээ...
Зочин · 2021/04/25
та мундаг байсан шүү.улам сайн хичээгээрэй
иргэн · 2021/04/25
2017 оноос хойш л ярьсаар байсан.
иргэн · 2021/04/25
би ч гэсэн 1998 онд залуу байхдаа саяыг аваад Зоригийг алах л байсан. Зоригийг ТВ ээр л хардаг. таних ч гуй байсан.
Иргэн · 2021/04/24
Энэ Нямдорж гэгч бүх зүйлийг мэдэж байсан юм бол шуурхай шалгаж, илчлэх бүх эрх нь ,ХЗДХ ийн сайд, байж л байсан шүүдээ. Сонгууль дөхөхөөр л янз бүрийн юм ярьж иргэдийн тархийг угаах юм.
Зочин · 2021/04/24
Shudraga mundag hun shuu ta ardiin huuhduudiig umuurj sullah tal deer ih uuregtei baisan unen tanid bolon shudraga hamtran temtcsen bold batzandan oyunerdene ayursaihan nymbaatar busad shudraga bugded sain saihniig husiy odoo damringiin enhbatiin neriin tcewerleed egjuul bur sain bn ter bol huihtai er hun bsn bn shuu huuhduudiihen bijseng unshsan tcagaan shonhoriin entaiwang zahialsan gej hel gej zodoj baij alsan bn bas l ed nar
Togoo · 2021/04/24
Нямдоржоо, юуны урд болгоомжтой байгаарай. Ийм хэрэг үйлдэгчид. үйнийг далимдууж ашиг хайгчид, ашиг хүртэгчид бүгд цөм сүүлийнхээ суманд дөхөж буй байхаа маш осолтой. Ялалт бол хөдөлшгүй баримттай үнэнээр үйл явдлыг гүйцэх. Чамаас ийм үнэн үг сонсогдох байх гэсэн горьдлого тасрахгүй байсан юм, баярлалаа. Үүл баатар болсон нь дээр хэлсэн шагналд багтахгүй юү?
zochin · 2021/04/24
enchiin tsagaan tagtaa yaavch bisch ene Nymdorj !!!! tegechdee l olon nuurtei boon zali , albaar ynz ynziin avir ,aasch gargaj tsag chugachaag alduuldag, terench oort n odooch buur ich aschig ogdog,