Хоёр хуваагдаад буй АН-ынхан өчигдөр дотоод сонгууль зохион байгуулж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодрууллаа. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл даргатай хууль бус гэгдэж буй АН-аас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат нар Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэхээр өрсөлдсөн.

Х.Тэмүүжин уг сунгааныг хууль бус хэмээн үзэж нэрээ татсан бол, Д.Ганбат ч мөн нэрээ татав. Ингээд дотоод сонгуульд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар өрсөлдөж, хамгийн олон саналыг Н.Алтанхуяг авч, ялалт байгуулав. 

Харин хууль ёсны гэгдэж буй М.Тулгатын АН-ын нэр дэвшигчийн сунгаанд хамгийн олон саналыг С.Эрдэнэ авчээ.  Ингэснээр тэд өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороонд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлэхээр  нэрээ өгөх болж байх шиг байна. 

 

Дотоод сонгуулиар ялалт байгуулсан С.Эрдэнийн хувьд намын албан ёсны дарга хэвээр байгаа учир СЕХ-нд бүртгүүлэх боломж харагдаж байгаа юм. Харин нөгөө талд ялалт байгуулаад байгаа Н.Алтанхуягийн хувьд СЕХ бүртгэх эсэх нь эргэлзээтэй. 

 

Н.Алтанхуягийг 2019 онд АН-аас дөрвөн жилийн хугацаагаар хассан байдаг. Тиймээс тэрбээр УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсон. Үүнээс үзвэл 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас гарч, бие даан нэр дэвшиж байсан Н.Алтанхуяг энэ өдрийг хүртэл бие даагч хэвээрээ гэдгийг түүний харьяалагдаж байсан Сонгинохайрхан дүүргийн АН-аас гишүүнчлэлгүйг нотолсон албан бичгийг гаргасан нь хууль дүрмээрээ тэр одоо АН-ын гишүүн биш болж таарч байна.Тиймээс Н.Алтанхуяг АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй байсан гэсэн үг.  Тэгэхээр Н.Алтанхуяг АН-ын гишүүн биш, дээр нь хууль бус АН-аас Ерөнхийлөгчийн сонгууль нэр дэвшихээр гарч ирсэн нь үнэндээ бол үймээн самуун үүсгэж, ард түмнийг талцуулах гэсэн зорилготой гэх мэдээлэл тодорхой болж байх шиг байна.