Саяхны нэг өдөр хуучин танил маань манай ажил дээр ирж, чухал ажил амжуулчихаад гарсан юм. Манай ажил дээр нэг их удаагүй л дээ, 10-15 минут л болсон байх.

Гэтэл эргээд ороод ирлээ. Юмаа мартчихав уу гэж бодтол машинаа ачуулчихсан байжээ. Ингээд найздаа туслах болж, интернэт ухан байж Замын хөдөлгөөн, удирдлагын төвийн 70004455 гэж дугаарыг олж өглөө. Ярих гэтэл болдоггүй ээ, өөр хэн нэгэнтэй яриад байна. Ядаж байхад ганц оператортой юм байх. 40 минут тасралтгүй залгасны эцэст нэг юм утсаа авч, машины дугаарыг нь хэлж шүүлгээд ачуулсныг нь олж мэдэв. Тэрхүү оператор машинаа зохих төлбөрийг банкинд тушаасны дараа Гурвалжингийн гүүр даваад байрлах "Хөсөг трейд"-ээс ирж авахыг сануулаад утсаа тасалсан.

 

    Журам зөрчсөн найзыгаа учиргүй өмөөрөх гэсэнгүй. Хотын замын хөдөлгөөнийг бууруулж ачааллыг багасгахын тулд нийслэлийн Засаг дарга өнгөрсөн оны наймдугаар сарын 20-нд "Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, хураамж авах тухай" А/769 тоот захирамж гаргасны дагуу дүрэм зөрчигсдийн машиныг ачих ажил хэрэгжиж эхэлсэн. Гэхдээ энэ ажил Улаанбаатарын хөрсөнд буухгүй байгаа нь нууц биш юм. Анхны ерөнхий төлөвлөгөөгөөр Улаанбаатарт 500 мянган хүн суурьшина хэмээн тооцоолжээ. Харин нийслэл эдүгээ 1.3 сая хүн амтай болж, тэдний гуравны нэг нь буюу 350 мянга нь төмөр хүлэг хөлөглөж байна. Хүн амын тоо анхны тооцооноос нэг дахин өссөн тул машин тэрэг нь багталцахаа больсон нь арга" ч үгүй. Өөрөөр хэлбэл, жолооч нар дүрэм журмаа хүндэтгэн, автомашинаа нэгдүгээр эгнээнд тавихгүй байхыг хичээдэг ч зогсоол байхгүйгээс алба, амины ажлын шаардлагаар яалт ч үгүй ингэх болдог. Харин азгүй, басхүү том тэрэггүй нэгнийх нь машин ачигдаж, хохироод авдаг юм. Үнэхээр зай талбай нь чөлөөтэй байхад дүрэм журам зөрчсөн жолоочийг өмөөрье гэвч үг олдохгүй. Гэтэл замынх нь нэгдүгээр эгнээнд зогсохоос өөр аргагүй төрийн үйлчилгээний байгууллага, олон нийтэд үйлчлэх газар олон байгаа нь асуудал юм биш үү. Зогсоолын асуудлаа эхэлж шийдээд дараа нь нэгдүгээр эгнээнд байрлуулахгүй байх шаардлага тавиасай билээ.

 

    Дээр дурдсан найз маань нерв, цаг хугадаа, мөнгөөр багагүй хохирч, тэр өдрийн ажлаа алдсан даа, зайлуул. Машинаа ачуулсан жолооч нар моторын хэмжээнээс шалтгаалж 70-80 мянган төгрөг төлдөг. Тодруулбал, 900-2500 мотортой бол 70 мянга, 2501- 3000 мотортой бол 75 мянга, 3901-ээс дээш мотортой бол 80 мянган төгрөг төлж байж хөл залгуулах унаатайгаа золгоно. Үүн дээр журмын хашааны 5000 төгрөг болон банкны шимтгэл нэмэгдэнэ. Эдгээр төлбөрийг тушаахын тулд банкинд олон цагаар дугаарлан зогсох шаардлагатай. Найз маань "Хөсөгт трейд"-ийн наахна байх "Улаанбаатар" банкинд хоёр цаг дугаарласны эдэст нийт 76300 төгрөг тушааж, цааш журмын хашаанд очиж баримтаа үзүүлээд машинаа авснаа ярьсан. Гэхдээ машинаа авах гээд зогсч байхад журмын хашааны ажилтнууд руу дарга нь бололтой нөхөд утсаар ярьж, дуртай машинаа гаргуулж байхыг хоёр нүдээрээ харснаа ч өгүүлсэн.

 

    Өдгөө мапшн ачих ажлыг ЗХУТ-өөс гадна ЗЦГ-аас зөвшөөрөлтэй "ОЧУТ", "Хас транс", "Авто Гранд Мастер", "Тэнүүн-Огоо", "BMML-2", "Ачит Сэлэнгэ" гэх зургаан компани, нийт долоон байгууллага хийж байна. Манай найз ЗХУТ-ийнхөнд "баригдсан" нь нэг бодлын азтай. Яагаад гэвэл машин нь хааш очсоныг шууд хэлж өгснөөр хулгайлагдсан байж магадгүй гэсэн эргэлзээ нь тайлагдсан юм. Харин нөгөө хувийн зургаан компани нь нэгдсэн мэдээллийн сангүй болохоор жолооч нар хувийн өмчөө хэрхэснийг мэдэх гэж хэрэндээ ажил уддаг юм билээ. Энэ хугацаанд тайван байж чадах нь хэд билээ. "Хулгайлагдсан" машинуудыг "Хөсөг трейд"-ээс гадна ЗЦГ-ын зүүн талын болон Чулуун-Овоо дахь журмын хашаанд аваачдаг. Ачлаа гэхэд ингэж хол аваачиж, гудамж талбай, цаг хугацаандаа хавчигдсан хэдэн муу жолоочийн үйлийг үзэх хэрэг баймааргүйсэн. Адаглаад тэр зургаан компани төвийн зургаан дүүргийг нэг нэгээр нь сонгож авч, ажиллаж болдоггүй юм байх даа. Машинаа "гээсэн" жолооч аль дүүргийн нутаг дэвсгэрт тавьснаасаа шалтгаалж хаана очихоо мэддэг, ойрхон болохоор торгуулийн мөнгө нь ч арай бага байвал зүгээрсэн.

 

    Автомашиныг өнгө үзэмж, хэлбэр загвар, улсын дугаараар нь ялгаварлан ачиж байгааг олон хүн хэлж байгаа. Ачигч нар том дугаартай, том тэргэнд гар хүрэхээс эмээдэг тухай цөөнгүй сонссон. Саяхан фэйсбүүкийн найз маань их л гомдолтой бичсэн байсан. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт зайлшгүй шалтгаанаар машинаа нэгдүгээр эгнээнд байрлуулжээ. Удалгүй буцаад ирэхэд урд талд нь байсан "Lexus 570", хойно нь байсан "BMW" маркийн автомашин хөдлөөгүй байж. Харин энэ хоёрын дунд байсан түүний "Prius 11”-ийг журмын хашаа руу аваад явсан байжээ. Энэ мэтчилэн жишээ олон бий. Ачигч нар "Аварга загас" барьсан тохиолдолд жолооч дарга нар руу нь ярьж, "Байсан газар нь буцааж аваачиж тавь" хэмээн дарамталдаг гэнэ билээ.

 

    Дээрх явдлаас хойш ажилдаа ирэхдээ машинаа "нуух"-аас гадна гудамжинд хэн нэгэн жолооч "азгүйтэж" байхыг анхааралтай ажиглах болов. Саяхан Чингэлтэй дүүргийн тавдугаар суруулийн өмнө нэг машиныг ачиж байхтай тааралддаа. Ачдаг машин сүртэй гэгч нь гарч ирж, Анкарагийн гудамжныхныг бужигнуулаад авах нь тэр. Жолооч нар ч машинаа түргэн түргэн асааж, харагдсан зүгрүүгээ талийж өгөв. Харин жолооч нь орхиод явсан нэг жижиг тэрэг говийн ганц айл шиг торойгоод үлдсэн дээ. Машины урд талын цонхон дээр жолоочийнх нь утасны дугаар байсан ч ачигчид үүнийг юман чинээ санасангүй. Чанга яригчаараа хоёр зарласан болоод л ажилдаа орсон. Уг нь дугаар руу нь залгаад нэг сануулсан бол жолооч нь яарч сандраад л гараад ирэх байсан даа.

 

    Нийслэлийн Засаг даргын энэхүү журмыг баталсан гол зорилго нь замын түгжрэлийг бууруулах байсан. Харин ачигч компаниудын зорилго нь энэ биш, мөнгө олох болчихоод байна. Өөрөө хэлбэл, замын хөдөлгөөний ачаалал, нягтралыг бууруулах биш, машин ачих бизнесийг дэмжих, шалтгаантай нь биш үр дагавартай нь тэмцэж мөнгө олдог гажиг тогтолцоо бий болчихоод байна. Өдгөө ийм бизнес хийдэг машин ЗХУТ-д 12, бусад зургаан компани нийт 29 ширхэг байдаг юм билээ. Нэг машин нь өдөрт хэд хэдэн рейс хийж байгааг тооцох юм бол чамгүй их мөнгө олж байгаа нь гарцаагүй. Ер нь машин ачих үйлчилгээг хувийн хэвшлийнхэнд өгдөг туйлын буруу юм. Хотын удирдлага энэхүү шийдвэрээ эргэж нэг хараасай билээ. Зогсоолгүй хотынхны зовлонг нэгээр нэмсэн машин ачих үйлчилгээг цэгцлэх цаг болжээ. Халаас, нимгэн иргэдийг хайр найргүй шулдаг тогтолцоогоо болиосой билээ.