В.Нэргүй

Нийслэлийн баруун хойд захыг зүглэн явахад суудлын тэрэгний тоо цөөрч хог ачсан машины тоо нэмэгдэнэ. Хог гэдэг төсөөллөөс ч болоод тэр үү зам дагуу машинаас унасан шуудайтай, үнс, хайрцагтай хог гээд арай л их. Зарим айлын хашааны нөмөр дагаад хэтэрхий их гялгар уут хураагдаж, уулын энгэр цэцэг гэж эндүүрэх нь холгүй хогоор дүүрчээ.

Хог хаягдлын тухай ярьдаг, ажил үүрэг гүйцэтгэдэг албаныхан хотын төв хэсгээр л цэвэр цэмцгэр байлгахыг хичээдэг  бололтой. Нөгөөтэйгүүр хог хаягдлыг боловсруулж устгаж, дахин бүтээгдэхүүн болгодог үйлдвэр нь хаана ч байгаа юм бүү мэд. Ийнхүү бид явсаар Улаанчулуутын хогийн төв цэгт ирж зогслоо. Энд хүн битгий хэл амьтан удаан тэсэхээргүй эхүүн үнэр ханхална. Гэвч хаа сайгүй шуудай барьсан эсвэл гялгар уут, ундааны сав тэвэрсэн хүмүүс харагдана. Ядуусын амьдрал энд л өрнөж байна. 

“Улаанчулуут” нэг үгээр хэлбэл, буйдхан хот мэт. Хатуу хөл хорио тогтоож, Засгийн газраас иргэдэд 300 мянган төгрөг олгосон. Энэ үеэр оршин суугаа хаяггүй, бичиг баримтын зөрчилтэй Улаанчулуутын хогийн цэгээс амьдралаа залгуулдаг иргэдэд  газар дээр нь очиж 300 мянган төгрөг олгож буй мэдээлэл цацагдаад байсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар тус хогийн цэг дээр ажиллаж буй хүмүүсийн дөрөвтэй нь уулзахад бүгд  мөнгөө аваагүй гэнэ. Төрийн зүгээс хэрэгжүүлж буй ажил, ам хоёр зөрөөд байна уу эсвэл тус хогийн цэг дээр ажиллаж буй хүмүүс ямар нэгэн шалтгаанаар мөнгөө авч чадахгүй үлдчихсэн үү бүү мэд. Салхины аясаар хаа сайгүй  өнгө, өнгийн хаягдал цаас хийсэх Улаанчулуутын хогийн цэгт гэр оронгүй, нийгмээс “гээгдсэн” хүмүүс амьдардаг. Тэдний зарим нь Улаанбаатар хотынхоо төв талбайг ч бараг мэдэхгүй.  Нүдэн баримжаагаар харах юм бол 400 гаруй хүн  лав энд байна.  Тус цэгээс түүхий эд цуглуулж буй Н. Гэрэлмаатай уулзлаа. Тэрбээр “Энэ хогийн цэгт 700-800 хүн ажилладаг. Нэг хэсэг их цөөхөн болсон байсан. Одоо дахиад нэмэгдчихсэн. Хөл хорио гарснаас хойш хог түүх гэж ирдэг хүн бүр ч их нэмэгдсэн. 

Ихэнх нь ах дүүгүй, гэр орон­гүй, хөдөөнөөс ирсэн хүмүүс байдаг.  Миний хувьд зэс, гууль, гялгар уут, хуванцар сав гээд мөнгө болох юу л байна бүгдийг нь  цуглуулж, хоёрдогч түүхий эдийн ченжид өгөөд өдөртөө 50-80 мянган төгрөг олдог. Нөхөртэйгөө хоёулаа ажилладаг. Манайх машинтай болохоор эртхэн ирээд л нар жаргатал ажил­лана. Түүж олсон түүхий эдээ өдөрт хоёроос гурван удаа явж нөхөр маань тушаа­даг” гэж ярьж байлаа. Н.Гэрэлмаагийн ярианаас сонсоход энд амьдрал тийм ч муу биш юм шиг санагдлаа. Өдөрт нэг хүн 50 мянган төг­рөгийн түүхий эд тушаадаг бол 400 хүнээр бодоход өдөрт Улаанчулуутын хогийн цэ­гээс 20 сая төгрөг олж байна гэсэн үг. 
Улаанчулуутын хогийн цэгийг үйлдвэр гэж бодвол өдөрт 20 сая төгрөгийн ашигтай ажилладаг юм байна. Ингээд бодохоор хогийн цэг, хог түүгчид гэж муу муухайгаар төсөөлөөд баймааргүй санагдана. Уг нь 2020 онд хогийн цэг дээр ажиллаж буй хүмүүсийн нийгэмших тал дээр салбар яамны зүгээс анхаарал хандуулж хүүхдүүдийг нь сургуульд сурах нөхцөл бо­лолцоог бүрэн хангах та­лаар салбарын сайд нь ярьж байсан. Эргэн сана­вал “Хогийн цэг дээр ажиллаж байгаа хүмүүсийг найдвартай ажлын байртай болгох замаар хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох эрхийг хангах, иргэдийг бичиг баримтжуулаад бүртгэлд хам­руулахад төрийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх. Цаашлаад амьдралын буруу хэв зуршлаас салгах зэрэг ажлыг шат дараатай хэрэгжүүлнэ. Амьдралын буруу хандлагыг нь засах, тогтмол ажил орлоготой болгох талаар нийслэлийн удирдлагуудтай хамтраад ажиллаж байна. Энд ажиллаж амьдарч байгаа иргэдийг бичиг баримтжуулаад бүртгэлийн ажил хийгдсэнээр төрийн үйлчилгээ авах боломж бүрдэнэ. Үүний дараагаар ажлын байраар хангах, амьдралын буруу хэв зуршлаас салгах зэрэг ажлыг шат дараалан хэрэгжүүлнэ” хэмээж байлаа. Гэтэл энэ яриа нь цаасан дээр л үлдсэн бололтой. Өнөөх л хуучин амьдрал нь үргэлжилсээр л. 
 

Хогийн цэг дээр хог түүж буй хүмүүсийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа нь ядуурлын тоо өсөж байгааг шууд илэрхийнэ. Амьдрал ийм л байна. Энэ цэг дээр хог түүдэг хүмүүс хоорондоо зодолдох, юмаа булаацалдах бол энүүхэнд. Зарим хүний харьцааг харахад, хүн амины хэрэг гарч мэдэх аюултай санагдаж байсан. Тухайлбал, сүүлийн арваад жил хогийн цэг дээр “татварын байцаагч” нэрээрээ алдаршсан Ганаа гэж хүн байна. Энэ хүн өөрийн гэсэн эдлэнтэй. Бас ч гэж хог ачдаг машины жолооч нартай гайгүй дотно гэнэ. Түүний эдлэн дээр ирж буусан хогийг дөрөв тавхан хүн л очиж, ялган ангилж хэрэгтэй түүхий эдийг нь авах эрхтэй. Өөр хүмүүс түүний мэдлийн бүс рүү орвол татвар нэхнэ. Тэр бүү хэл бүтэн орлогогүй ч болж мэднэ.  Хэрэв түүнийг хэлснийг хэрэгжүүлэхгүй бол шууд л хүрз, жоотуутай зодоон болно.  Хог түүж яваа хүмүүс “Хар Ганаа” л гэх юм бол олсон олзоо хаяад зугатаачихдаг аж. Нэг л баригдвал насаараа татвар төлөгч болдог гэнэ. Энэ мэт дарамтлах зүйл тухайн орчимд энгийн үзэгдэл аж.  
Энэ үеэр С.Цогоотой цөөн хором хөөрөлдлөө. Тэрбээр Архангай аймгийн Хашаат сумын уугуул аж.
 

-Түүхий эд түүгээд хэр удаж байна вэ?
-Зургаан жил гаруй болж байна.
 

-Өдөрт хэдэн төгрөгийн орлого олох уу. Танайх хаана байдаг вэ?
-Гэр ойрхон. Сайн бол 40 орчим мянган төгрөг олдог. Хүн их болчихоод хэцүү бай­на. Бүгд л амьдрах гэж байж булаацалдаад байлтай биш.
 

-Нэг машин ирээд хог буулгаад явахад бараг­цаагаар хэр их хаягдмал бү­тээгдэхүүн гардаг юм бол?
-Мэдэхгүй. Бид нар өөрийн цэгтэй. Манай энэ хавьд бараг 60-70 удаа хог ирж асгадаг байх. Тэгээд л бид бараг гучуулаа шүү дээ. Машинтай хүмүүс их амар шууд л ачиж аваачаад тушаачихна. Би машингүй болохоор цуглуулна. Түү­ний­гээ үүрээд бараг хоёр ки­лометр шахуу явж тушаадаг.
 

-Машинтай  хог түүдэг хүмүүс байдаг юм уу?
-Бараг ихэнх нь шүү дээ. Өглөө гэрээсээ эхнэр хүүхэдтэйгээ ирээд хог түүж байгаад орой буцаад явчихдаг. Тэр хүмүүсийн амьдрал ч боломжтой. Орлого нь сайн.
 

-Өөрөө өдрийнхөө орлогыг хэрхэн зарцуулж байна вэ?
-Хүнсэндээ хэрэглэнэ. Ээжийнхээ эм тарианы мөнгийг өгнө. Архи уугүй бол амьдралд хүрээд байдаг. Хааяа  архи уувал бүх ажил нурна.  Ээжийгээ л цайны сүүгээр таслахгүй шиг байх сан гэж боддог.
 

-Төрөөс өгсөн 300 мянган төгрөгөө авсан уу. Ер нь төрөөс дэмжлэг туслалцаа авдаг уу?
-Үгүй ээ. Ээжийн минь л мөнгө орсон. Би банкны картгүй. Төрөөс дэмжлэг авдаггүй. Энэ хогийн цэг дээр ажиллаж байгаа хүмүүс ер нь тусламж дэмжлэг авдаггүй. Өөрсдийгөө л тэжээгээд явдаг байх.
 

-Өөр ажил хийх боломж байхгүй юу. Яагаад хог түүх болсон бэ?
-Би барилга дээр ажиллаж үзсэн. Цалин мөнгөө өгдөггүй хэцүү юм билээ. Тэгээд бичиг баримт янз бүрийн юм шаардана. Уг нь сайхан цэвэрхэн хувцаслаад ажил хиймээр санагддаг.
 

-Ах, дүү нар нь хог түүдгийг нь мэдэх үү?
-Олон ах, дүү байхгүй. За­­рим нь зайгаа аваад явчихсан.
 

-Хог түүх хэцүү биз?
-Хүмүүс буруу яриад байдаг юм. Бид баячуу­дын хаясан хаягдал бүтээг­дэхүүнийг л цуглуулж, зарж амь­дарч байгаа шүү дээ. Хүйтэн өдөр хэцүү. Заримдаа хүн амьтанд дээрэлхүүлнэ. Зодуулна. Гэхдээ өөр хийх ажил олдохгүй болохоор яах вэ.
Энэ залууд сайхан мөрөө­дөл байгаа. Гэхдээ хамгийн түрүүнд ээжийгээ гэсэн сэтгэл нь сайхан санагдсан. Хог түүдэг хүн бүхнийг бид яагаад буруугаар харж, муугаар бодох ёстой гэж. Хог ачсан машин ирэнгүүт том цагаан шуудай барьсан хүмүүс гүйлдэн очиж овоорно. Зарим нь хоорондоо маргалдаж үзэгдэнэ. Бидний цөөхөн монголчуудын нэг хэсэг хүмүүсийн амьдрал ийм байна. Гэхдээ тэнд хог түүж буй бүх хүмүүс амны хаалт зүүсэн нь ухамсрынх нь төвшинг төвөггүй илтгэж байв. Хог түүж амьдардаг гэхээр архины хамааралтай гэх ташаа ойлголт нийгэмд их байдаг. Гэтэл иргэдийн хаясан хогоор амьжиргаагаа залгуулах нь нэг талаараа тийм ч их муухай зүйл биш санагдана. Мөн хогийн цэгээс хог түүж амьдралаа эхлээд бизнесийн салбарт амжилт үзүүлсэн хүн ч манай улсад олон бий. 
Хогийн цэгийн хогийг хараад энэ их хогийг ядаж ангилан ялгадаг болоосой гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг. Хог түүгээд явж байгаа хүнийг бид яагаад архичин гэж харах ёстой гэж. Уг нь бидний хаясан  хогийг түүж байгальд учруулах хор хөнөөлийг бага ч гэсэн бууруулж байгаа. Хаврын салхины үзүүр жаахан л ширүүсэх юм бол дагаж хөөрөн эргэлдэх гялгар уутнууд, олсон олзоо шуудайлан үүрч алхах хүмүүсийн дүр зураг Улаанчулуутыг хогийн цэгийг илүү их амь оруулна. Өглөө гэрээсээ гараад ээждээ эмний мөнгө олох гэж байгаа хүү шуудай сугавчлаад зорин ирдэг оюутан хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх эх үүсвэрээ олох гэж яарч буй аав энд бий. 
Үүлс бүрхэж ганц нэгхэн цас хаялна. Энэ цаснаас өрсөж олз хайсан хүмүүс ийш тийш гүйж, овоолсон хог дээр очиж, хөлөөрөө өшиглөж, гараараа малтах хийгээд ундааны сав, гялгар уут, цоорч муудсан ус зөөдөг сав  ер нь хэрэгтэй гэсэн бүхнээ  шуудайлах нэг л ядруухан дүр зураг. Гэхдээ энэ хүмүүс хотын хаа нэгтээ таардаг шуудай үүрсэн архичид, түүхий эд цуглуулж байшин хорооллын хогийн бункер ухдаг хүмүүсээс арай өөр санагдана. Учир нь, архины мөнгө олох гэж зөвхөн архи уух гэж бүтэн өдрийн турш бохир орчноор амьсгалж, хог ухдаггүй санагдлаа. Тэдэнд амьдрал байгаа. Магадгүй бидний цамаан зан тэр хүмүүст таалагддаггүй байх. Тиймээс ч бидний хаясан хаягдлын дахин боловсруулах түүхий эд болгон ангилж, ялгаж тушааж амьдралаа залгуулдаг. Нийслэлийн минь баруун хойд хязгаарт “Улаанчулуут” нэртэй нэгэн ядуусын хотхон буй болоод удаж байна.  Энэ хотхоныг зорин очиж тусламж, дэмжлэг, хандив өргөдөг хүмүүс ч их бий. Нийгэм энэ цэг дээрээс амьдралаа залгуулдаг хүмүүсийг хэзээ гэрэл гэгээтэйгээр харж, хэзээ зөв талаас нь ойлгох бол гэх бодол ч ээрч байна. Улаанчулуутын хогийн цэг Улаанбаатарын удирдлагаас илүү ядууст ээлтэй тэднийг тэжээдэг бүс болоод удаж байгаа ажээ.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН