МҮХАҮТ-аас сүүлийн хэдэн арван жилд тохиолдоогүй хямрал эдийн засагт нүүрлэж, компаниуд маш хүнд байдалд орсон тухай мэдээлж, шийдвэртэй арга хэмжээ авахыг засгийн газарт анхаарууллаа.

Дэлхийн банкнаас манай улсын эдийн засгийг энэ онд 6.8 хувь, ирэх жил 7.2 хувиар өснө хэмээн таамаглаж байгаа. гэтэл бодит байдал дээр эдийн засгийг тэтгэх голлох салбарууд уналтад ороод байгааг хэлэв.

2019 онд нийт экспортын 84 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж, нэхмэл эдлэл болон бусад салбарын экспорт үлдсэн хувийг бүрдүүлж байжээ. Тэгвэл 2020 онд нийт экспортын 93 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзлэх болсон байна. Өөрөөр хэлбэл, олон жилийн турш өсөн өндийж, гадаад зах зээлд хүрээгээ тэлэх гэж хичээж байсан бизнесүүд бүхэлдээ уналтад орсон гэсэн үг юм. гэвч төр засаг нөхцөл байдлыг бодитой үнэлж чадахгүй байгаад бизнес эрхлэгчид бухимдаж байна.

Тодруулбал, 2020 онд ажилгүйдлийн түвшин 4.3 хувь хэмээн гаргасан. Энэ нь бодит байдалтай огт нийцэхгүй байгааг МҮхаҮТ-ын удирдлагууд хэлэв.

Тус онд ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 94.4 тэрбум төгрөг болж, 2019 оноос хоёр дахин нэмэгдсэн байна. ийм байхад ажилгүйдэл буурсан мэтээр тайлбарлаж, уг тоонд суурилж бодлого боловсруулж байгаа нь төр бодит байдлыг огт үнэлж, цэгнэж чадахгүй байгаагийн илрэл хэмээсэн юм.

Улмаар татварыг нэмж байгаа нь тун ойлгомжгүй байдал үүсгэж буйг хэлэв. Монголын бизнесийн орчны судалгааны 2020 оны дүнг 2017 оныхтой харьцуулахад эрс муудсан байна.

Үүнд хүний нөөц, санхүүгийн зах зээлтэй холбоотой асуудал хамгийн хүндрэлтэй болохыг хэлснээс гадна татварын орчинд муу гэсэн үнэлгээг тавьсан аж. Ялангуяа, бизнес эрхлэгчид гаалийн албан татвар, НӨАТ, нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээнд 2.50-иас дээш үнэлгээг өгсөн байна. Энэ нь татварын орчинг муу хэмээн үнэлсэн гэсэн үг аж. Хамгийн сүүлд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх шийдвэр цаг үеэ олоогүй болохыг хэлсэн. Одоо уг нэмэгдэл шимтгэлийг төлөх нь бүү хэл өмнөх өрийн дарамтаасаа хэрхэн гарах вэ хэмээн компаниуд шаналж байгаа аж. Нийгмийн даатгалд төлөх өр нь 2019 оныг бодвол өссөн ба тэр дундаа 120 хоног хүртэлх төлөөсний өр нь гурав дахин өссөн байна. Үүнээс гадна өнгөрсөн гуравдугаар сарын 10-ны байдлаар 21 мянган аж ахуйн нэгж (160 мянган даатгуулагч), даатгалын шимтгэлийн 120.3 тэрбум төгрөгийн өртэй болжээ. Энэ мэтээр цар тахлын хүнд үед татварын өндөр ачааллуудыг компани, иргэд даахаа больж байгааг хэлэв. Манай улс нэг хүнд ногдох ДНБ ойролцоо орнуудтай харьцуулахад татварын хувь хэмжээ өндөр. Тухайлбал, Индонез улсад ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлд 2, ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэлд 5.74, нийт шимтгэл 7.74 байдаг бол Монголд энэ харьцаа 12.5, 15.5, нийт 28 хувь байгааг хэлсэн. Хичээн зүтгэж олсон мөнгөнөөсөө ийм өндөр хувиар шимтгэл төлж байгаа ч эргээд өгөөжийг нь дорвитой хүртэж чадахгүй дуусч буй нь эмгэнэл аж. Нэмээд татварын өндөр ачааллаас гадна торгууль шийтгэл их байгааг дурдсан. 2020 онд 2.2 сая гаруй зөрчилд 66 тэрбум төгрөгийн торгууль тавьсан аж.

Хатуу хөл хориог ухаалгаар зохицуулаагүй гэв

Нөгөөтэйгүүр, цар тахлын улмаас хүндрэлд орсон компани, бизнес эрхлэгчид хөнгөлөлттэй зээлээс хувь хүртэх боломж хязгаарлагдмал байгааг хэлэв. Зээл авч чадаагүй иргэд 10 их наядын хөтөлбөрийн хэрэгжилтийг хянах Олон нийтийн зөвлөлөөс явуулсан судалгаанд оролцож, дараах шалтгааныг хэлсэн байна. Тэдний 51 хувь нь зээлийн нөхцөл хатуу, 32 хувь нь барьцаа хөрөнгийн шаардлага хангаагүй хэмээн хариулжээ. Өнөөгийн байдлаар Монголбанкны мэдээллийн санд 8000 аж ахуйн нэгж, 300 мянган иргэнийг чанаргүй зээлдэгч хэмээн бүртгэсэн байна. Эдгээр иргэн, компанид ямар ч төрлийн зээл олдох боломжгүй байгаа юм. Энэ мэт хүндрэлүүдтэй зэрэгцээд хатуу хөл хорио бизнесийн салбарт асар том дарамт авчирсан байна. Тодруулбал, “Oxford Martin”-аас нийтэлсэн хатуу хөл хорионы индексийг харахад Монгол Улс тэргүүлж байгаа аж. Өөрөөр хэлбэл, уг индекс нь 0-100 гэсэн үнэлгээг өгдөг. Харин Монгол Улсын хувьд 100 гэсэн үнэлгээг авсан бөгөөд хатуу хөл хорионы үед эдийн засгийг үйл ажиллагааг бүрэн зогсоосон гэсэн үг юм. Гэтэл олон улсад хатуу хөл хорионы үед хүн амын эрүүл мэндийг бодохоос гадна бизнесийн үйл ажиллагааг тасалдуулахгүй байхад анхаарч иржээ. Үүнд Орос, Хятад, АНУ зэрэг орнууд багтаж байна. Тэд 70-80 гэсэн үнэлгээ авсан байна. Нэг үгээр хэлбэл, хатуу хөл хорио тогтоосон ч бизнесийн үйл ажиллагааг тодорхой түвшинд эрхлэх боломжийг бүрдүүлж өгсөн гэсэн үг. Харин манайд хатуу хөл хорио гэхээр бүх зүйлээ нам хаагаад, эдийн засаг, компаниудаа уналтад оруулж “тэмцсэн” байна. Харамсалтай нь бүхий л бизнесийг боомилсон уг шийдвэрийн ачаар цар тахлыг дарж авч чадсан уу. Хариулт бидний өмнө бэлээхэн байна хэмээсэн. Танхимын зүгээс шаардлагатай судалгаа, тоонд үндэслэж "covid-19"-ын улмаас үүссэн эдийн засгийн хямрал нь 1990 оны системийн уналтаас хойших хамгийн том хямрал хэмээн дүгнэсэн байна.

Их сэргэлтийг эхлүүлэх хэрэгтэй гэв

Одоо энэ хүндрэлтэй цаг үед төрөөс бодлоготой, зоригтой алхам хэрэгжүүлж, их сэргэлтийг хийх шаардлагатай байгааг хэлэв. Өнөөгийн байдлаар уул уурхай, банк санхүү, мэдээллийн технологи, төрийн албанаас бусад салбарууд хямралд өртсөн. Хямралд гүнзгий өртсөн 548 мянган ажлын байр, хүндрэлд орсон 399 мянган ажлын байр байгаа аж. ДНБ-ий 43 хувийг бүрдүүлдэг салбарууд гүнзгий уналтад орсон, 25.2 хувийнх нь орлого тасалдаж, хямрал руу гулсаж байна. Хямралд гүнзгий өртсөн бизнесийн 80-аас дээш хувь нь 1-9 ажилчинтай жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид байгаа аж. Иймд эдийн засагт их сэргэлтийг хийхдээ аргацаасан төдий бус, том агуулгаар нь хүндрэлүүдээ шийдэх ёстой хэмээв. Их сэргэлтийн хүрээнд дараах алхмуудыг хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн үзэж байгаа аж. Үүнд цар тахлын улмаас хүнд байдалд орсон аж ахуйн нэгжүүд, иргэдэд эдийн засгийн өршөөлийг нэг удаа үзүүлэх, мөн НӨАТ-ын хувь хэмжээг бууруулах, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн засаглал, удирдлагын тогтолцоонд эрс шинэчлэл хийх, хувьчлах хэрэгтэй гэв. Мөн Зөвшөөрлийн тухай хуулийг батлан гаргаж, зөвшөөрлийн тоог цөөлөх, зөвшөөрөл олгох үйл явцыг хялбаршуулах, ил тод болгох, Эдийн засгийг эрчимжүүлэх тусгай нэгжийг байгуулах шаардлагатай гэлээ. Түүнчлэн, Нийгмийн даатгалын шимтгэл, татварын өр төлбөр, алданги торгуулиас чөлөөлөх, Зөрчлийн хуулиар тавьсан торгууль, алдангиас чөлөөлөх, Монголбанкны мэдээллийн санд сүүлийн таван жилд ангилал буурсан буюу хэвийн бус, эргэлзээтэй, муу зээлдэгч аж ахуйн нэгж, иргэдийн ангиллыг сайжруулах шаардлагатай аж. Эцэст нь төр данхайх бус хувийн хэвшлийн манлайлалд суурилсан бүтцийг бий болгох хэрэгтэйг онцолсон юм. Төр бүтцээ данхайлгаж, бие дааж асуудлыг шийдэх гэж зүтгэх нь үр өгөөжгүй байж, ямар хүндрэл бэрхшээлийг авчирч байгааг бид харж байна. Одоо эдийн засгаас гараа татаж, хувийн хэвшилд нь даатга хэмээсэн юм.

Г.БАТЗОРИГ