НӨАТ-ын буцаан олголтыг долдугаар сарын 20-ны дотор өгөхөөр ажиллаж байна
2021/07/19
НӨАТ-ын 2021 оны хоёрдугаар улирлын буцаан олголтын урамшууллыг энэ сарын 20-ны дотор олгохоор баталгаажуулж байгааг ТЕГ-ын Татвар хураалтын удирдлага арга зүйн газрын Орлогын хяналт, буцаан олголтын хэлтсийн дарга Д.Тунгалаг хэллээ.
Түүнээс хэчнээн иргэн, хэдэн төгрөгийн буцаан олголт авахаар байгааг тодруулахад "Улсын хэмжээнд 1,166,880 иргэнд 45.4 тэрбум төгрөгийн буцаан олголт өгөхөөр баталгаажсан.
НӨАТ-ын буцаан олголтыг долдугаар сарын 20-ны дотор өгөхөөр хуульд заасан бөгөөд бид Төрийн сан руу шилжүүлэг хийхээр ажиллаж байна" гэлээ.
Энэ оны нэгдүгээр улиралд нийт 1,023,235 иргэнд 40.6 тэрбум төгрөгийг буцаан олгож байв.
Нэмэгдсэн өртгийн албан татвар(НӨАТ)-ын буцаан олголтыг өнгөрсөн оноос эхлэн улирал бүрд олгодог болсон. Тодруулбал, Тухайн улирлын баримтаа дараа сарынх нь 8-ны өдрийн дотор /I улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 8, II улирлын буцаан олголтыг долдугаар сарын 8, III улирлын буцаан олголтыг аравдугаар сарын 8, IV улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 8/ ebarimt системд бүртгүүлэн буцаан олголтоо авдаг билээ.