АЭК-ын ажиллагаа, баривчилгаа үргэлжилсээр...
2021/08/18
Сүүлийн нэг сард АТГ сүрхий ширүүсчээ. Хүн бүхэн мэддэг, ярьдаг ч “хүрч” чаддаггүй байсан нөхдийг шалгаад л, баривчлаад л..
Уржигдар гэхэд Мал эмнэлгийн ерөнхий газар /МЭЕГ/-ын дарга асан Д.Түмэндэмбэрэл, тус газрын Мал эмнэлгийн эрүүл ахуй, баталгаажуулалтын газрын дарга Б.Батсүх нарыг баривчилжээ. Тэд импортоор орж ирсэн малын вакциныг тав дахин үнээр улсад шахдаг байжээ. 2018 оноос хойшх ийм үйлдлүүдээрээ 800 мянган ам.доллар завшжээ. Ингээд нийлүүлэгч тал руу гарч одсон Монголын төрийн мөнгийг Энэтхэг улсаар дамжуулаад оруулж ирдэг байна. Тэр мөнгөөрөө үл хөдлөх хөрөнгүүд худалдаж авсан хэрэгт шалгагдаж эхэлсэн байгаа юм. 800 мянган ам.доллар өнөөдрийн ханшаар 2.3 орчим тэрбум төгрөг болж байгаа юм. Д.Түмэндэмбэрэл, Б.Батсүх нартай хамт МЭЕГ-ын зарим удирдах албан тушаалтныг ч шалгаж байгаа аж.
Мөн өчигдрөөс ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабораторийн албаны дарга С.Энхзаяа шалгагдаж эхэллээ. Түүнийг Нэгдсэн лабораторийн үйл ажиллагааны хүрээнд аж ахуйн нэгжүүдээс худалдан авалт хийхдээ удаа дараа авлига авсан гэж хууль, хяналтынхан үзэж байна.
Манайхан авлига гэхээр “акул”-уудыг боддог. Гэтэл төрийн дунд, доод шатны албан тушаалтнууд авлигыг жинхэнэ утгаар нь цэцэглүүлэн мандуулагчид аж.
Хэд хоногийн өмнө ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаяр, УСУГ-ын дарга Ц.Төрхүү, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь нарыг Эрүүгийн хуулийн “...Эрх мэдлээ урвуулсан” үндэслэлээр шалгаж эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээлсэн.
Долоо хоногийн өмнөх Засгийн газрын ээлжит хуралдаанаар дөнгөж сая ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Улмаар түүний албан үүргээ гүйцэтгэх хугацаанд холбогдсон асуудлуудыг шалгуулахаар АТГ-т шилжүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Л.Бямбасүрэн нь хамгийн сүүлд Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” нисэх буудалд буух “Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар” чиглэлд МИАТ ХК-ийн нислэгийн тоог цөөлж, бусад хувийн авиа компанид мэдэгдэлгүй “Изинис Эйрвэйз” ХХК-ийнхыг нэмэгдүүлэхээр нууцаар ажиллаж байгаад баригдсан гэдэг. Өмнө нь олон асуудалд нэр холбогдож байв. Тэр шалгуулж байгаа гэсэн үг. Хууль хяналтынхан Л.Бямбасүрэнгийн гэр, зуслангийн байшинд нь үзлэг хийжээ. Ингэхэд ХОМ-тээ мэдүүлээгүй компани, үл хөдлөх хөрөнгийн талаарх мэдээллүүд илэрсэн байна.
Нийслэлийн прокурорын газраас өмгөөлөгч Б.Баасанцогтыг Эрүүгийн хуулийн 12.6.1 дэх хэсгийн “...Бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, татан оролцуулсан”, 22.5.1-т заасан “...Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, 20-оод хоногийн өмнө яллагдагчаар татсан. Б.Баасанцогтын хэргийг шүүхэд шилжүүлсэн. Б.Баасанцогтын тухайд олон хэрэгт орооцолдсон. Улс төр, хууль хяналтынхны хууль бус сүлжээний “холбогч” нь гэх ойлголт нийгэмд суучихсан. Тэр сүлжээгээрээ банк дээрэмдэж, олон тооны томоохон хэргийг “нааш нь цааш нь” болгосон гэдэг. Мөн Нийслэлийн прокурорын газраас 14 хоногийн өмнө тус газрын ерөнхий прокурор асан Ш.Нямдоржийг Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсгийн “..Эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан, 18.6-д заасан “...Мөнгө угаасан” гэх эрүүгийн хэрэгт буруутгаж яллагдагчаар татсан. Хэрэг нь шүүхэд шилжихэд бэлэн болжээ. Ш.Нямдорж бас л сүүлийн жилүүдэд “хууль барьсан хаан” болчихоод байв. Зарим асуудлаараа өмгөөлөгч Б.Баасанцогттой холбогдоно. Харин Ш.Нямдоржийг ийм болоход гол нөлөө үзүүлсэн хүн нь “Алтайн хүдэр”-ийн Р.Базар гэсэн мэдээлэл яригдаж байна. Р.Базарын асуудал ч хуулийнхны анхаарлыг татаад эхэлсэн бололтой.
Замын-Үүд боомтоор ачаа бараа нэвтрэхээ больж, Ерөнхий сайд очиж зохицуулалт хийсэн. Үүний дараа тэнд төрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагын дарга нарыг чөлөөлж, заримыг нь шалгаж эхэлсэн. Тэр үеэр “...Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга асан Д.Зоригоог шалгах явцад 36 тэрбум төгрөгийн оффшор данстай нь нотлогдсон” гэх мэдээлэл цацагдсан. Хууль хяналтынхан Д.Зоригоогийн дансыг хааж, хадгаламжинд байсан мөнгийг улсын орлого болгохоор ажиллаж байгаа талаар хэвлэлүүд мэдээлсэн.
Харин шалгалтын явцад Д.Зоригоогийн энэ их хэмжээний оффшор дахь 36 тэрбум төгрөг өмнө нь сайдаар ажиллаж байсан эрхэмтэй холбогдсон гэх мэдээлэл бий.
Ер нь бол Монгол Улсын авлигын индексийг бууруулдаг гол үзүүлэлтийн нэг нь энэ нөхдийн хийдэг хэрэг гэсэн үг л дээ. Тэгэхээр Монгол Улс эдгээрээ хумьж байж олон улсад “...Авлигын индексийг бууруулсан” гэх албан ёсны үнэлгээтэй болно. Тиймээс Засгийн газар сарын өмнө Авлигын эсрэг комисс /АЭК/-ыг байгуулсан байгаа юм. Хууль зүйн сайдаар ахлуулсан энэ комисст АТГ, ЦЕГ, ТЕГ багтсан. Авлигын хэргийг өргөн хүрээнд шалгана гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ ажиллагаа, баривчилгаанууд ганц АТГ-ын ажил биш болж таараад байгаа юм.
Үүнээс гадна авлигын индексийг бууруулахад төрийн өмчит компаниудын худалдан авалтын явцад гардаг авлига бас онцгой нөлөөтэй.
Энэ хүрээнд өнгөрсөн долдугаар сарын 30-нд “Дулааны цахилгаан станц-III” ТӨХК-ийн захирал Ч.Чинбатыг яллагдагчаар татаж, баривчилсан. Түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн мөн авлигын хэргээр шалгаж буй юм. Мөн Ч.Чинбат нь нэгэн гишүүний нууц амрагийн тендерийн бизнесийг дэмждэг байсан гэх мэдээлэл бий.
Үүнээс гадна “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”, МИАТ гэсэн төрийн өмчит компанийн худалдан авалттай холбоотой ноцтой мэдээллүүд яригддаг. Хууль хяналтын байгууллагуудын хараа хяналтаас гадуур явсаар л байна.
Б.Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
рак · 2021/08/18
эрдэнэт.бадамсүрэн түргэн шалгаагүй бол монголд юм үлдэхгүй.
zochin · 2021/08/18
Ter mal emnelegiin Batsuh gedeg nohor dandaa hel amand urtuj yvah ym aa halj solij boldogui ym . Zi Enhboldiin hun gesen. Odoo zi bhgui yvuuldag gazar ni yvuul naad novsh BATSUH ee