Сэтгүүлч Э.Долгион Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэтэй түүний тэргүүлсэн Засгийн Газрын 200 дахь хоног тохиож буйтай холбоотойгоор ярилцжээ.

 

Вакцинжуулалтаараа дэлхийд тэргүүлж байгаа эхний 15 улсын тоонд Монгол Улс багтсан

 

-Та амаргүй үед Ерөнхий сайдын ажлыг хүлээж авсан. Цар тахал дотооддоо тархчихсан, эдийн засгийн хямрал гээд л. Гэхдээ та энэ бүх асуудлын өмнө тэвдэх хэмжээний  буюу засагт шинээр орж ирсэн хүн бол биш. Ажлаа аваад  өмнөө тавьж байсан зорилтоос тань ярилцлагаа эхлэх үү? 

 

-Нэгдүгээр сарын 27. Би энэ өдрийг ерөөсөө мартдаггүй, Ерөнхий сайдаар томилогдох гэнэтийн шийдвэр гарсан. Гадаа төв талбай дээр Оюутолгойн сөрөг нэхэмжлэл гаргахыгшаардсан жагсаал болж байсан. Ерөнхийлөгчийн сонгууль дөхчихсөн улс төр нэлээд тогтворгүй, нийгмийн сэтгэл зүй бухимдалтай ийм цаг үед Ерөнхий сайдаар томилогдсон. Маргааш өглөө нь хоёр уулзалт хийсэн. Мэдээж нэг нь эдийн засаг, хоёр дахь нь цар тахлын нөхцөл байдалтай холбоотой уулзалт байсан. ДЭМБ-ын удирдлагууд, Эрүүл мэндийн яамны  мэргэжилтнүүд,  манай эрдэмтдийн зөвлөл тооцоолол хийчихсэн байсан. Бидний хувьд яаралтай, вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэхгүй бол хүн амын 70 орчим хувь нь халдвар авах эрсдэлтэй байв. Хэрвээ хүн амын 70 хувь нь халдвар авбал багадаа 15 мянга, түүнээс дээш хүн нас барах бодитой эрсдэл үүсэхээр байсан. Тийм учраас Ерөнхий сайдын хувьд үүнд онцгой анхаарах ёстой гэж надад тэд тайлбарласан. Бидэнд нэг давуу тал байсан нь халдварыг арван сар дотооддоо алдалгүй барьсан явдал. Вакцины үйлдвэрлэлийн эхний үе шатууд тэр хугацаанд хийгдчихсэн байсан. Гэхдээ вакцинжуулалт өөрөө гадаад талдаа их удаашралтай байсан. Ялангуяа “Ковакс” хөтөлбөрийн хувьд  нэлээд  удаашралтай. “Астра Зенека” болон “Синофарм” вакцин ДЭМБ-аас  зөвшөөрөгдөөгүй байсан. Зөвхөн “PFIZER”   вакциныг ямар ч үнээр хамаагүй, цаг алдахгүй олж ирж болзошгүй эрсдлээс иргэдээ хамгаалах ийм хүнд байдал нэг талдаа үүссэн.

 

Нөгөө талдаа Монголбанкны ерөнхийлөгч болон Сангийн яамны удирдлагуудтай, мөн Үндэсний статистикийн газрын удирдлагуудтай тухайн өдөр уулзсан. 1992 оны нийгмийн шилжилтийн үед түүхэндээ нэг удаа Монгол Улсын эдийн засаг хасах руу унаж байсан. Ковидын нөхцөл байдлаас болж хоёр дахиа буюу ерөөсөө 30 жилийн түүхэнд унасан ийм хүндхэн нөхцөл байдал үүссэн. Хатуу хөл хорио тавиад байвал аж ахуйн нэгжүүдэд туйлын хүнд учраас хөл хориог нээхгүй л бол “Ковид”-оос дутахааргүй эдийн засгийн хүндрэл бий болохоор байсан. Арилжааны банкууд эрсдэлтэй гэж үзээд Төв банкин дээр аваачаад үнэт цаас болгочихсон зах зээлд урсах ёстой 8.9 их наяд төгрөг түгжигдчихсэн зэрэг статистик мэдээллүүдийг тэр үед надад танилцуулсан. Сангийн яам 23 хувиар төсөв тасарсан, цаашдаа бас хүндрэх ийм нөхцөл байдал үүсэж байна гээд л. Үнэхээр төвэгтэй л дээ, нэг талдаа цар тахлаа бодвол иргэдийн хөдөлгөөнийг барих нь амархан. Тэгээд хөл хорио тогтоох гэхээр эдийн засаг хүндэрчих гээд байдаг. Үүнийг даах хэмжээний нийгмийн уур амьсгал бүрдэхгүй болчих гээд байдаг. Эдийн засгаа нээгээд явъя гэхээр  вакцин байхгүй учраас халдварын тохиолдол ихсээд  олон хүн нас барах эрсдэл рүү явчих гээд байдаг. Ийм нөхцөл байдалтай л нүүр тулсан даа. Яах вэ, өнөөдөр манай улсын хувьд бас ч гэж тэр үеийг бодвол хүн амын вакцинжуулалт 61.7 хувь болсон байна. Засгийн газраас хоёрдугаар сарын 18-нд 10 их наядын хөтөлбөр зарлаад эрүүл мэнд, эдийн засаг нэг зүйл юм. Аль нэг нь чухал биш, хоёулаа чухал гэдгээ зарласан. 10 их наядын энэ цогц төлөвлөгөө эрүүл мэнд, эдийн засгийн хамтарсан төлөвлөгөө. Нэг үгээр хэлбэл, хос жигүүртэй ийм төлөвлөгөө гэж хэлж болно. Эргээд бодоход, 200 хоног нүд ирмэхийн зуур өнгөрсөн байна. Юутай ч хөл хориогүйгээр өнөөдөр хувийн хэвшлийнхэн маань халдвар хамгааллын дэглэмээ бариад хүн бүхэн өөрийнхөө бизнесийг хийгээд амьдралын дадал хэвшлээ өөрчлөөд дасан зохицож амьдрах шинэ зүйл рүү Монгол Улс ороод эхэлчихсэн байгаа нь чамлахааргүй амжилт юм. 

 

-Яг бодитой хариулбал цар тахлын одоогийн нөхцөл байдал ямархуу байна. Ер нь Монгол Улс олон улсын хаана яваа юм. Вакцинжуулалт яг төлөвлөсний дагуу явж чадсан уу?

 

-Хоёрдугаар сарын 18-нд зарласан тэр слайдыг би эргэж хараад баярласан л даа. Тэр нь юу вэ гэхээр, тухайн үед хоёр вакцины статус тодорхойгүй байхад 23-ны өдрөөс эхэлж иргэдээ вакцинжуулаад зургаан сарын дотор зорилтот иргэдийнхээ 60 хувийг вакцинжуулж дуусгана гэсэн маш эрсдэлтэй зорилтыг бид өмнөө дэвшүүлсэн явдал. Вакцинжуулалтын ажилд ажлын хэсэг гараад идэвхтэй ажилласан. Үндсэндээ бид 1.9 сая буюу нийт хүн амынхаа 60 хувийг вакцинжуулах төлөвлөгөөг танилцуулж байсан. Ямар ч байсан 60 хувьдаа хүрнэ. Нас баралтыг 15 мянгаас дээш гаргахгүй байх, тохиолдлын тоог багасгах энэ зүйл рүү явахаас өөр аргагүй байсан. Үнэнийг хэлэхэд Ерөнхийлөгчийн сонгууль ч тухайн үед надад сонин байгаагүй. Энэ зорилтдоо хүрэх л хамгийн чухал байсан. Бүх улс нэгдүгээрт цаг хугацаатай, хоёрдугаарт бас бие биетэйгээ уралдаж байсан болохоор  вакцины татан авалт тийм ч амар байгаагүй. Одоо ч гэсэн байдал амаргүй л байгаа байх. 

 

-Вакцины татан авалтыг ер нь яаж зохион байгуулсан юм бэ? 

 

-Монгол Улс нийтдээ 5.631.670 ширхэг вакцин гаднаас авсан байна. Үүнийг авчрахын тулд 36 удаагийн татан авалтын нислэгийг МИАТ компани хийсэн. Нийтдээ МИАТ компани 123 тонн вакцин тээвэрлэж авчирчихаад байгаа юм. Хэрвээ зөвхөн “Ковакс” хөтөлбөрөөр вакцинжуулалт явсан бол Монгол Улс 4.3 хувь буюу үндсэндээ 239.160 мянган тун вакцинтай л байх байсан. Засгийн газар санаачилга гаргаж, нэмэлт хэлцлүүд хийж ажиллаагүй бол зөвхөн манай эрүүл мэндийн салбарынхан, онцгой байдлынхан, хилийн боомтынхон л вакцинд хамрагдах хэмжээний вакцинтай сууж байх байсан. Монголд оруулж ирсэн нийт вакцины 72 хувь нь Засгийн газрын хэлэлцээрийн дагуух худалдан авалтаар хийгдсэн. Яг үнэндээ  бас тийм ч амар ажил биш байсан. Манайх вакцин үйлдвэрлэгч биш. Мөн Монгол Улсын хувьд вакцин үйлдвэрлэлтийн хөрөнгө оруулагч биш шүү дээ. Бусад улсуудын хувьд зарим нь вакцин үйлдвэрлэхэд хөрөнгө оруулчихсан учраас давуу эрхтэй авчихдаг. Манайх бол аль нь ч биш учраас хэлцэл хийхэд бас тийм ч амар байгаагүй. Ингээд Энэтхэгээс “Астра Зенека” авсан. Гэтэл Энэтхэг дотооддоо нөхцөл байдал нь хүндрээд худалдааны хэлцэл зогссон.Ингээд бид “Синофарм” компанитай хэлцэл хийсэн. БНХАУ ч гэсэн дотоодын хэрэгцээнээсээ илүүчилж вакциныг гаргасан. Ерөнхийдөө вакцины нөхцөл байдал яг эхний төлөвлөж байсан тэрхүү хоёрдугаар сарын 18-ны төлөвлөгөөгөөр явж чадсан. Илүү ч үгүй дутуу ч үгүй. 

 

-Хэрвээ Монгол Улсад вакцинжуулалт хийгээгүй байсан бол тархалт, өвчлөл ямар хэмжээнд хүрэх тооцоолол байв?  

 

-Хүн амынхаа 60 хувийг биш 4.3 хувийг вакцинжуулах хэмжээнд байсан бол хамгийн багадаа 15,600 орчим хүн нас барах эрсдэл байсан. Үүнийг манай эрдэмтэн судлаачид, эрүүл мэндийн салбарынхан тогтоосон. Дээд хязгаар нь 46,000 хүнд хүрэх байсан. Нийт халдварт өртөх магадлал 2.3 сая буюу нийт хүн амын 70 хувьд хүрэх байсан. Ингээд бодохоор манай эрүүл мэндийн салбарын цагаан нөмрөгтэй баатрууд маань үнэхээр мундаг ажилласан. Өнөөдөр үүнийг ингэж ярих нь тийм ч даруу биш байж магадгүй. Гэхдээ тоо үлддэг, эмоци арилдаг. Тийм учраас цаг алдалгүй иргэдээ вакцинжуулсан энэ гавьяа хожмын нэг өдөр дурсагдаж үлдэх болов уу гэж бодож байгаа. 

 

Цаашдаа бүүстер тунгийн асуудлууд яригдана. Магадгүй улиралд нэг удаа ч юм уу жилд нэг удаа ч юмуу вакцин хийдэг ийм нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Нэг үгээр хэлбэл “Ковид-19”  вирус цаашдаа бидний дунд мөнхөд байна.

 

Гэхдээ хүний амь насанд эрсдэлтэй хэлбэрийн аюул нь багасаад жил бүхэн тусдаг ханиадтай адил хэмжээнд очиж хүн төрөлхтөн дасах тухай асуудалтай дэлхий нийтээрээ тулгараад байна. Ковид дэлхийгээс бүрмөсөн алга болно гэж хэн ч хэлж, тооцож чадахгүй байна. 

 

-Ковидоор манай улсад 800 гаруй хүн нас бараад байна. Олон улсын дундажтай харьцуулахад нас баралт хэдийгээр бага байгаа ч гэсэн харамсалтай. Ер нь нас баралтыг бууруулах, магадгүй бүр огт байхгүй болгох, урьдчилан сэргийлэх тал дээр Засгийн газраас ямар бодлого баримталж байна вэ? 

 

-Манайх хүн ам цөөхөн учраас энэ маш харамсалтай тоо. 800 гаруй хүн нас бараад байна. Нас баралтын статистикийг өдөр бүхэн Ерөнхий сайдын хувиар би нарийвчилж үздэг. Нас баралтын эзэлж байгаа гол хувь  нь 60-аас дээш настай, архаг суурь өвчтэй хүмүүс дээр хамгийн их тохиолдож байна. Дархлаажуулалтад хамрагдаагүй бөгөөд вакцины бүрэн тун аваагүй хүмүүс нас баралтын 80 хувийг эзэлж байна. Энэ нь дархлаажуулалтад зайлшгүй хамрагдах ёстой гэдгийг анхааруулж хэлж байгаа статистик. Дараагийн хүчин зүйл болбол архаг хууч өвчтэй хүмүүс. Ялангуяа 60 ба түүнээс дээш насныхан нийт нас баралтын 70 гаруй хувийг эзэлж байгаа. Нас баралтын түвшин дэлхийн дунджаар бол 2.5 байгаа. Монгол Улсын хувьд энэ үзүүлэлт 0.5 гэсэн маш тогтвортой үзүүлэлттэй байгаа. Энэ бол мэдээж дэлхийн дундаж түвшин болон бусад улстай харьцуулсан үзүүлэлт. Нас баралт бага байгаа гол шалтгаан нь бид хүн амынхаа 60 хувийг вакцинжуулалтанд хамруулж чадсантай л холбоотой. Вакцинжуулалтад хамруулахдаа бас нэг гол үзүүлэлт бол богино хугацаанд хамруулсан явдал. Нөгөө талаар Монголын эрүүл мэндийн салбарын эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмч мэргэжилтнүүдийн маань сайн ажиллаж байгаатай салшгүй холбоотой. 

 

-Анзаараад байхад вакцинжуулалт сайн яваа орнууд нь мөнгөтэй хөрөнгөтэй, өндөр хөгжилтэй улс байна. Энэ дунд Монгол Улс багтсан байна шүү дээ, тийм үү? 

 

-Ер нь бол тийм. Вакцинжуулалт явж байгаа улс орнуудыг анзаарвал тийм л байгаа. Вакцинжуулалтаар дэлхийд тэргүүлж байгаа эхний 15 улсын тоонд Монгол Улс багтаж байгаа. Үүнийг маш сайн гэж хэлэхээс аргагүй. Яагаад гэхээр үүнийг бид биш дэлхий зөвшөөрч байна. Ирэх аравдугаар сард дэлхийн шилдэг гурван туршлагаар Монголын Эрүүл мэндийн яамыг нэрлээд ДЭМБ дээр илтгэл тавих гэж байна. Өнөөдөр ДЭМБ-ын суурин төлөөлөгч надтай уулзаад баяр хүргэсэн. Тэр нь юу вэ гэхээр зөвхөн вакцинжуулалт хийгээд халдварын тохиолдлыг бууруулахаас гадна эдийн засгаа хамт авч явснаараа Монгол Улс анхаарал татаж байна. Монгол Улсын нийгэм эдийн засаг болон эдийн засгийн өсөлт бол сайн түвшинд байгаа. Нэг үгээр хэлбэл, цогцоор нь харсан энэ бодлогыг бид бусад улс орнуудад үлгэр жишээ болгож байгаа гэдэг зүйлийг надад хэлсэн. 

 

Манай эрдэмтдийн хувьд тооцоолол сайтай. Цаашдаа тэдний тооцооллоор вакцинжуулалт ихсэх тусам халдварын тохиолдол буурна. Гэхдээ есдүгээр сард бид нэг эрсдэлтэй нүүр тулж байгаа юм. Тэр нь юу вэ гэхээр одоо вакцингүй байгаа иргэд дээр бөөгнөрөл үүснэ гэсэн үг. Тийм учраас давлагаа үүсэх магадлалтай. Энэ давлагаанаас аль болох хохирол багатай гарахын тулд одоо “5/9” гэдэг стратегийг  хэрэгжүүлэх бэлтгэлийг хангаад байна. Үүнийг Боловсролын яам биш эрдэмтэд санал болгосон.

 

-Удахгүй есдүгээр сарын 1 боллоо. Эцэг, эхчүүдийн хүлээлт  ч өндөр байгаа ийм үед хүүхдийн вакцинжуулалт ямархуу байна вэ?

 

-Манай иргэд энэ тал дээр идэвхтэй байгаа. Үүнд ихээхэн талархаж байгаа. 12-15 насны хүүхдүүдийн 82 хувь, 16-17 насны хүүхдүүдийн 83 хувь нь нэгдүгээр тунд хамрагдсан. Энэ их сайн үзүүлэлт. Зургаадугаар ангийнхан сая нэгдүгээр тунгаа хийлгэчихлээ. Хичээлийн шинэ жил эхлүүлэхэд энэ бол манай Боловсролын яаманд нэлээд итгэл үнэмшил өгч байгаа. Багш нарын вакцинжуулалтын хувь  ч өндөр байгаа. Иргэд юун дээр бухимдаж байна гэхээр “Яагаад танхимаар, бас цахимаар гээд байгаа юм бэ” гэдэг асуудал үүсэж байгаа. Есдүгээр сард хөдөлгөөний эрчимжилт нэлээд ихэснэ.Улаанбаатар хотод байгаа тохиолдлын тоо нэмэгдэж, шинэ давлагаа үүсэх магадлалтай. дельта вирусийн ази номхон далайн бүсэд тархаж байгаа тархалтын давлагаатай холбоотой ийм нөхцөл байдал үүсэж болзошгүй. Тийм учраас бид аль болохоор есдүгээр сарын 1-нд  их хүн цуглаад тэр нь том хэмжээний шок үүсгэхээс сэргийлж байгаа юм. 

 

-Таны хувьд саяхан Япон, Өмнөд Солонгост айлчилсан. Тэнд ажиглаж байхад Монголтой харьцуулахад цар тахлын эсрэг бидний хэрэгжүүлж буй менежмент удирдлага тал дээр юун дээр сул байх шиг байна. Бас юун дээр давуу талтай байх шиг байна? 

 

-Япон,Солонгос улсын хувьд нэлээд хатуу хязгаарлалтууд хэвээрээ байна. Үндсэн ганцхан ялгаа байна. Тэр нь юу вэ гэхээр вакцинжуулалт 60 хувь болон түүнээс дээш хувьд хүрсэн улс, хүрээгүй улс гэдэг  ялгаа өнөөдөр дэлхий дээр байгаа. Тийм учраас ямар ч сайн менежмент хийлээ гээд вакцинжуулалтын эзлэх хувиа л хүлээж байна. Бид юутай ч тэдний урд байна, энэ дээр ямар ч эргэлзээ байхгүй. Харин вирус дэлхий даяар тархчихсан учраас бусад улсын вакцинжуулалт сайн байгаасай гэдэг асуудал  өнөөдөр Монгол Улсын ч асуудал. Яагаад гэхээр зарим улсад вакцинжуулалт жишээлбэл 3.4 хувьтай, 5 хувьтай, 10 хувьд хүрээгүй олон орон байна. Удах тусмаа мутаци илүү их болох эрсдэл байна. Өөрөөр хэлбэл вакцинжуулалт бага байгаа улсаас буцаад вакцинжуулалт өндөр байгаа улс руу орж ирж халдварын шинэ тохиолдол үүсгэх, мутацилагдах эрсдэл өндөр болох юм. Тийм учраас хүн төрөлхтөн 60 хувьдаа хурдан хүрээсэй, хүүхдийн вакцинжуулалт хурдан гараасай гэдэг нь бидний ч асуудал болчихоод байна. Яагаад гэхээр? Энэ өвчин өөрөө хил хязгааргүй. Нэг үгээр хэлбэл дэлхийн ирээдүй өөрөө туйлын тодорхойгүй гэдгийг бүх судлаачид хэлж байгаа. Тийм учраас бид нар тодорхойгүй ирээдүйг яаж тодорхой болгох вэ? гэдэгт л дэлхий анхаарал хандуулж байна. Олимпын үеэр олон улсын төр, засгийн тэргүүнүүд Японд очсон. Тэнд ерөөсөө хоёрхон сэдэв л яригдсан. Танай улсад вакцинжуулалт хэдэн хувьтай явж байна. Танайд одоо цаашлаад ямар стратеги барьж байна, хоёрдугаарт, яаж эдийн засгаа нээхийн тулд вакцинжуулалтаа хэрхэн хурдан явуулж байгаа стратеги юу байна гэдэг л хоёр сэдэв дэлхий даяар өрнөж байна.  

 

 

Бид цар тахлын дараах эдийн засаг руу шилжих ёстой

 

 

-Засгийн газар “Эрүүл мэнд-эдийн засгаа тэтгэх 10 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд 220 гаруй мянган ажлын байрыг хадгалж чадсан гэж та яриандаа дурдсан. Хэр бодитой тоо вэ. Шатахуун болон өргөн хэрэглээний бараа, барилгын материалын үнийн өсөлт гээд иргэдийн нуруун дээр ачаа ирж байна. Энэ хүндрэлүүдийг давахад ямар бодлого баримтлах юм бэ? 

 

-Манай эдийн засаг 1992 онд нийгмийн шилжилтийн дараа их хүнд байдалд орж хасах 9.3 хувьд хүрч байв байв. Эдийн засаг хасах руу орж байсан тохиолдол ерөөсөө байхгүй. Өнгөрсөн 30 жилд мэдээж хүнд, амаргүй сорилтууд байсан. Эдийн засаг хасах 9.3 хувьтай болж байхад дэлхий дахинд зүгээр байсан. Монгол Улсад л энэ шилжилт болсон. Тийм учраас хандивлагчид тухайн үед маш их тусалж байсан. Гэтэл цар тахлаас болж эдийн засаг хасах 5.3 хувь болов. Ийм үед бухимдал үүсэх нь аргагүй. Тэлсэн эдийн засаг огцом унахаар шок үүсэж байгаа юм. Хоёрдугаарт, дэлхий тэр чигээрээ хямарчихсан. Тиймээс экспорт, импортод тээвэр логистикийн том хүндрэлүүд үүсээд, дэлхий даяар инфляц үүсээд эхлэхээр шок болж байгаа юм. Энэ хүндрэлийг бид вакцины хүчээр хасах 5.3 хувьтай байсан эдийн засгийг өнөөдөр 6.3 хувь болгож, 2018 оны мөн үе дээр авчирсан. Нэг үгээр хэлбэл, цар тахалгүй байх үеийн мөн үе рүү эдийн засаг өөрөө шилжиж байна гэсэн үг. Энэ бол хөл хориогүй байгаагийн давуу тал. Хатуу хөл хориогүй явж байгаа учраас эдийн засаг сэргэсэн юм байна.

 

Төсвийн алдагдал ДНБ-д эзлэх хувь 12 байсан бол одоо 5.4 хувийн алдагдалтай. Гэхдээ нэг дахин багассан үзүүлэлт рүү орсон. Хөл хорионоос болоод 130 орчим мянган ажлын байр эрсдэлд орсон байсан. Өнөөдөр 225 орчим мянган ажлын байрыг хадгалж үлдсэн, 10 их наядын хөтөлбөр ингэж үр дүнгээ өгч байна. Энэ хөтөлбөр 34 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Засгийн газар мөнгө байхгүй. Төв банкинд хөрөнгө оруулагчид банкны салбарын эрсдэлээс айгаад хадгалчихсан байсан мөнгийг бид зах зээл рүү гаргахдаа зургаан хувийг Засгийн газар төлье, та нар эдийн засаг руу буцааж мөнгөө гарга гэдэг л механизм барьсан. 10 их наяд төгрөгийн зээлийг Засгийн газар гаргаад байна гэж бодоод байгаа юм. Энэ Засгийн газрын мөнгө байгаагүй. Засгийн газар нийт зах зээлд урсах ёстой байсан мөнгөн урсгалын судасны эргэлтийг нь гаргахын тулд бодлогын хүүгийн болон зээдийн хүүгийн дэмжлэгийг л арилжааны банкуудад үзүүлсэн гэсэн үг. Маш сайн үр дүн гарсан. 

 

-Жишээлбэл?

 

-Ажлын байрыг дэмжих зээл. Бид хоёр их наяд гэж төлөвлөөд гурван жилийн хугацаанд зарласан. Зарлагдсанаас хойш зургаан сарын хугацаанд 1.8 их наяд төгрөгийн зээл гарсан. Гурван жилийн хугацаанд хийнэ гэж бодсон зүйл нэг жил хүрэхгүй хугацаанд хийгдээд дуусаж байна гэсэн үг. Одоо бид энэ зээлийг дахиад нэг их наядаар нэмэхээр арилжааны банкуудтай хэлцэл хийж байна. Ипотекийн зээл энгийн үеэс хэд дахин илүү буюу 599 тэрбум төгрөгийн зээл зах зээл рүү гарсан. Хөдөө аж ахуйг дэмжих зээл 320 тэрбум төгрөг гарсан. Нэг зүйл хөдөө аж ахуйн салбарт ажиглагдаж байгаа нь бид ковидын цаг үе ч гэсэн 30 жилийн хугацаанд аваагүй ургац авах гэж байна. Бид зах зээлээ нээгээд вакцинжуулалтыг эхлээд, хөдөө аж ахуй болон улирлын чанартай бизнес эрхэлдэг иргэд рүү түлхүү анхаарсан нь зөв болсон. Нэг үгээр хэлбэл, бид цаг алдаагүй учраас энэ зээл үр дүнгээ өгч, сүүлийн 30 жилд байгаагүй ургац авах гэж байна. 

 

Сонирхолтой тооцооллыг Сангийн яам, Монголбанк мөн статистикийн байгууллагын удирдлагууд гаргаж өгсөн. Хэрвээ вакцин болон 10 их наядын хөтөлбөр байгаагүй бол 2.4 хувийн хасах эдийн засагтай өнөөдрийг хүртэл үргэлжилж байх байсан гэсэн үг. 10 их наядын төлөвлөгөө хэрэгжээд вакцин байгаагүй бол эдийн засаг хасах 1.6 байх байжээ. Засгийн газрын 200 хоногийн дотор вакцинжуулалт, 10 их наядын төлөвлөгөө хоёр нэлээд жин дарах оновчтой бодлого байсан. 

Үүний нөгөө талд бид үнийн өсөлттэй нүүр тулж байгаа. Ингээд бодоход эерэг, сөрөг хоёр талыг хоёуланг нь авчирч байгаа юм. Жишээ нь, зэсийн үнэ 9280 ам.долларт хүрч өслөө. Бидэнд одоо цонх үе ирж байна гэсэн үг. Энэ өсөлт 1.5-2 жилийн хугацаанд үргэлжилнэ. Үүнтэй адил түлш, газрын тосны үнэ 13 хувиар өсчихлөө. Алт 19, зэс 50 хувиар, төмрийн хүдэр, нүүрсний үнэ хоёр дахин өссөн.

 

Манайх экспортын голлох бүтээгдэхүүн нь төмрийн хүдэр, алт, зэс, нүүрс. Түүхий эдүүдийг дагаад шатахуун бас нэмэгдэж байгаа учраас үүнтэй холбоотой хүнсний зах зээл дээр ч инфляци үүсэх нөхцөл байдал бий болж байгаа. Вакцинжуулалт 60 хувьд хүрэх хүртэлх хугацаанд нийгмийн хариуцлагын хүрээнд компаниуд хөл хориотой, эдийн засаг хасахтай үед үнэ нэмэхгүй байх бодлогыг шатахуун импортлогч компаниуд дэмжсэн. Энэ дээр талархах ёстой. Нэгэнт дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өсөж байгаа учраас бидний хувьд одоо зэс, нүүрс дээр байгаа давуу талыг бензин болон инфляцид үүсэж байгаа энэ асуудалд менежмент яаж хийх вэ гэдэг Засгийн газар болон Монголбанкны гол асуудал болж байгаа юм. 

 

-Одоо тэгэхээр яана гэсэн үг юм бэ?

 

-Бид судалгаа хийж байгаа. Ер нь дэлхийн бараа эргэлт бүхэлдээ удааширч эхэлж байна. Ялангуяа урд хөршийн хувьд дэлхийд том хэмжээний нийлүүлэлт хийдэг улс. Он гараад хоёрдугаар сарын 4-нөөс өвлийн олимп эхлэх гэж байна. Тийм учраас сая Токиогийн олимп болсон шиг халдвар хамгааллын дэглэмээ маш сайн барих төр засгийнх нь бодлого бас бий. Ачаа барааны бөөгнөрөл зөвхөн манай Гашуунсухайт, Замын-Үүдэд болоод байгаа юу гэвэл бас үгүй. Гэхдээ энэ дээр бид хурдтай байхын тулд маш яаралтай Замын-Үүд, Гашуунсухайт боомт БНХАУ-ын хүсээд байгаа стандартад очих шаардлага бий. Шинжилгээгээр эерэг гарчихаад байхад түүнийгээ сөрөг гэсэн бичиг хийлгээд авч очих, эсвэл вакцинжуулалтын бичиг хуурамч үйлдээд очих, халдвар хамгааллын дэглэм бариад 14 хоног тусгаарлагдсан гэсэн мөртөө тусгаарлагдаагүй гэх мэт маш олон зөрчил Замын-Үүд, Гашуунсухайтад гарснаас болж асуудал үүсэж, үл итгэх нөхцөл байдал  үүссэн. Энэ бол манай төрийн байгууллагуудын анхан, дунд шатны одоо байж байгаа байдал, хариуцлагагүй үйлдэл. Дээрээс нь нэмээд шулуухан хэлэхэд,  авлигатай холбоотой асуудал. Хяналтын баг Гашуунсухайт боомтод ажиллаад  сайжирсан, Замын-Үүдэд ч нөхцөл байдал өмнөхөөсөө хамаагүй дээрдсэн. 

 

Төмөр замаар дамжуулж ачаа бараа татах ажлыг хийж байгаа. Мөн бусад боомтуудыг ашиглалтад оруулах тал дээр нэлээд ажиллаж байна. Жишээлбэл, Ханги-Мандалын боомтыг нэрлэж болно. Шатахууныг дотооддоо үйлдвэрлэдэг болвол бид хараат байдлаас бүрэн гарна.

 

Үүнд Засгийн газар бодлогоо чиглүүлж байна. Хүнсний бүтээгдэхүүн нэг боомтоос хамааралтай байна. Цаашдаа бид урт хугацаанд нэгдмэл байдлаар асуудлыг цогцоор нь авч үзэж, шийдэхийн тулд явахгүй бол хамааралтай байсаар байна. Тиймээс цар тахлын дараах эдийн засгийн төлөвлөгөөний гол зүйл бол бид Монгол гэдэг айлын гадагшаа зардаг бүтээгдэхүүний урсгалыг яаж нэмэгдүүлэх вэ гэдэгт анхаарах нь чухал байна. Гаднаас худалдаж авч байгаа бүтээгдэхүүнээс дотооддоо үйлдвэрлэж, валютын урсгалыг гадагшаа алдахгүй байх вэ гэдэг асуудлын нэг том хэсэг нь бензин мөн. Барилгын материал, эрүүл мэндийн үйлчилгээнд бид их хэмжээний валют алддаг. Энэ валют дотооддоо үлдэх стратегийн шилжилт рүү төр, хувийн хэвшил, иргэд нь ч  сэтгэл зүйн хувьд нэг болсон өдөр л бид үүнийг даван туулж чадна гэсэн үг. Одоо дасан зохицож амьдрах хэмнэл рүү оръё. Гэхдээ мэдээж халдвар хамгааллын дэглэмээ бариад, вакцинжуулалтаа эрчимжүүлээд явъя. Засгийн газрын 200 хоногийг тэмдэглэж байгаа юм биш. Зургаан сарын хугацаанд хүн амынхаа 60 хувийг вакцинжуулсан учраас онцолж өнөөдөр миний бие ярилцлага өгч байгаа юм. Одоо цаашдаа бид цар тахлын дараах эдийн засаг руугаа шилжих хэрэгтэй. 

 

 

Рио Тинто алдаагаа хүлээн зөвшөөрч, асуудлаа өөрсдөө хариуцах ёстой

 

 

-Олны анхааралд байдаг сэдэв бол Оюу Толгой. Хамгийн том төсөлдөө хэт хатуу хандаад байгаа юм биш үү гэх шүүмжлэл гардаг. Харин нөгөө талд энэ төсөл Монгол Улсад ашигтай байх ёстой гэдэг шүү дээ. Харин танай Засгийн газрын байр суурь ямархуу байна вэ? 

 

-Оюу Толгой төсөл хэрэгжсэн нь зөв. Энэ төсөл хэрэгжсэнээр эдийн засаг тэлсэн нь үнэн. Гэхдээ энэ төслийг хэрэгжүүлэх тал дээр алдаа гаргасан нь үнэн. УИХ-ын чуулган, Засгийн газрын хуралдаанаар оруулаагүй хөрөнгө оруулагч талд хэтэрхий ашигтай шийдэл гаргаад, тэр нь өнөөдөр олон нийтийн шүүмжлэл дагуулаад цаг хугацаа явах тусам өр үүсгээд байдаг, ногдол ашиг авахгүй, дандаа өртэй байх тогтолцоо өнөөдөр бий болчихоод байгаа нь үнэн. Засгийн газар маш энгийн зүйлийг хэлэлцээрийн явцад шаардаж байгаа юм. Нэгдүгээрт, Монголын талын эзэмшдэг 34 хувьтай холбоотой, далд уурхайн бүтээн байгуулалтыг ашиглалтад оруулах ТЭЗҮ Засгийн газрын алдаа биш ээ гэж байгаа юм. Энэ бол хөрөнгө оруулагч тал болон Рио Тионто компанийн техникийн алдаа. Тийм учраас алдаатай холбоотой асуудлаа та бүхэн өөрсдөө хариуцах нь зүйтэй гэж байгаа.

 

Анхны ТЭЗҮ дээр ийм байсан бол бид зөвшөөрнө. Гэтэл ТЭЗҮ өөрчлөгдөөд зардал хэтэрнэ гэдэг бол Засгийн газрын алдаа биш байхгүй юу. Тиймээс үүнийг хүлээн зөвшөөрөөч ээ л гэж байгаа юм. Бас 34 хувь дээр үүсэж байгаа өрийг тэглэж, татварыг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу төлөөч ээ л гэж байгаа юм. Арбитрын шүүх дээр маргаан үүсээд явж байгаа. Манай тал шүүх дээр эхний шатандаа ялалт байгуулсан гэж ойлгож болно. Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу төлөх ёстой байсан, одоо нэг их наяд төгрөгийг Монгол Улсын төр рүү шилжүүлсэн. Мөн цаашлаад бид ногдол ашгаа илүү тогтвортой авмаар байна гэж байгаа. Таван толгойн цахилгаан станцтай холбоотой тэнд бид эрчим хүчээ нийлүүлэхтэй холбоотой хэлцлүүд явж байна. НӨАТ-тай холбоотой нэг, хоёр асуудлууд гарсан. Тэрэн дээр хэлцлүүд явж байгаа. 

 

-Бүгдийг бараанаар будах гэсэнгүй. Энэ жил арвин ургац авах төлөвтэй байгаа гэсэн. Гэхдээ оюутнуудыг дайчилж ажиллуулъя гэх санаачилга явж байгаа шүү дээ? 

 

-Сүүлийн 30 жилд аваагүй их хэмжээний ургац авах гэж байгаа. Бидний хувьд 30 жилд байгаагүй амжилт учраас хэд хэдэн асуудлыг дагуулж байна. Нэгдүгээрт,  ургацаа хаана хадгалах вэ гэх асуудал. Бид дотоодынхоо хэрэгцээг бол хангачихна. Үүнийгээ яаж экспортлох вэ гэдэг асуудал үүснэ. Мөн ажиллах хүчний асуудал үүсэж байна гэсэн үг. Тийм учраас бид тариаланчидтайгаа яриад Засгийн газар уриалга гаргаж байгаа юм. Халдвар хамгааллын дэглэмээ маш сайн бариад залуус намрын ургац хураалтад идэвхтэй оролцох боломжийг гаргаж өгч байгаа. 

 

 

Цар тахал хүн төрөлхтөнд амаргүй сорилт учруулж байна. Бид хүнд үед илүү нэгдэж байж давж гарна

 

 

-Засгийн газрын ажил хэт пи-арын шинжтэй байна гэдэг шүүмжлэлд та ямар хариу өгөх вэ. Ер нь та шүүмжлэлд хэрхэн ханддаг юм бэ? 

 

-Ер нь шүүмжлүүлэх ёстой ажил л даа. Том бага бүх асуудал гүйцэтгэх засаглал, Ерөнхий сайдтай хамааралтай. Ерөнхий сайдад байгаа мэдээлэл бүх иргэдэд тэнцвэртэй байх боломжгүй, гэхдээ энэ нь Монгол Улсын ч биш, аль ч улсын хувьд тийм шүү дээ. Тэгэхээр аль болохоор тоо баримт, мэдээлэлд тулгуурлаж л Ерөнхий сайд сэтгэл хөдлөлөөс ангид шийдвэр гаргах ёстой. Хүрье гэсэн цэгээ тавиад тэнд хүрэхийн төлөө л ажиллах ёстой. Янз бүрийн шүүмжлэл өрнөхийг би ардчилсан нийгэмд байх ёстой эрүүл зүйл гэж хүлээж авч байгаа.

 

Ерөнхий сайд болоод би анх удаа нээлттэй ярилцлага өгч байна. Би хэвлэл мэдээлэл болон бусад тайлбарт харин ч их бага анхаарч байна гэж шүүмжлүүлж байгаа. Нэг л зүйл дээр бид нэгдмэл байх ёстой. Тэр нь юу вэ гэхээр, цар тахал хүн төрөлхтөнд амаргүй сорилт учруулж байна. Бид хүнд үед илүү нэгдэж байж давж гарна, түүнээс бие биеэ үгүйсгээд, шүүмжлээд энэ байдлаас гарч чадахгүй. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ сайн барьж нэг ч гэсэн өдрийн өмнө бид цар тахлын дараах эдийн засаг эхэлж, нэг өдрийн ч гэсэн өмнө бид энгийн амьдралын хэв маяг руугаа эхэлж орох оролдлогуудыг хийж чадна. Ерөнхий сайдын хувьд нэг зүйлд одоо итгээрэй гэж хэлэхийг хүсэж байна. Тэр нь юу вэ гэхээр, шийдвэр бүхнээ одоо долоо хэмжиж, нэг огтолж, алх цохих болгондоо эдийн засагчдын, эрдэмтэн судлаачдын олон улсын байгууллагын дүгнэлтэд үндэслэхийг хичээж,  алдаа гаргачихгүй юм сан л гэж бодож байна. 

 

-Яг энэ бүх үйл явдал дунд төрийн гурван өндөрлөг хоорондын ойлголцлын түвшин хэр байгаа вэ? 

 

-Монгол Улсын Ерөнхийлөгч, Их хурлын дарга, бид гурвын дунд ойлголцлын ямар ч зөрүү байхгүй, төр тогтвортой байх ёстой, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр биелэх ёстой гэдэг л агуулга байгаа. Энэ гурван хүн хоорондоо муудчихаасай ч гэдэг юм уу, нэг тийм янз бүрийн байдлаар асуудал үүсгэх гэж яддаг хүмүүс байх шиг байгаа юм. Тэдэнд хандаж хэлэхэд, ажлаа хиймээр байна шүү дээ. Уураг тархиа улс орныхоо хөгжлийн төлөө л зүйлд зарцуулах хэрэгтэй гэж хэлмээр байна. 

 

Бид яаралтай цар тахлыг даван туулж эдийн засгаа сэргээх нь чухал байна. Цар тахлын дараах эдийн засгийнхаа төлөвлөгөө, хуулийг их хуралтайгаа хамтарч батлахыг хүсэж байгаа. Энэ маань аж ахуйн нэгжүүдэд том боломж, цаг хугацааны хурдасгуур болж өгөөсэй гэж чин сэтгэлээсээ бодож байгаа. Төр хүнд суртал гаргадаг биш, дэмжиж хамтран ажилладаг орчин бүрдээсэй гэж бодож байна.

 

Энэ дээр төрийн өмчит үйлдвэрийн газруудын шинэчлэлээс авахуулаад, газрын алба, уул уурхайн лиценз болон бусад бүртгэлтэй холбоотой ойлгомжгүй нугалаануудаас эхлээд бүх асуудлыг бид цэгцэлж дуусгах бодол байгаа. Хоёрдугаарт, Улаанбаатар хотын түгжрэлийг 50 орчим хувь бууруулах шинэчлэлийг хийхгүй бол болохгүй болсон байна. Энэ янзаараа байвал 2-3 жилийн дараа Улаанбаатар хот тэг зогсолт хийнэ. Ямар ч эргэлзээ байхгүй. Тийм учраас бид бухимдахаас илүүтэйгээр шийдлээ ярих цаг болсон. Мөн Төсвийн тухай хууль дээр шинэчлэл хийж байгаа. Улаанбаатар хотоос гарч хөдөө орон нутагт очиж байгаа аж ахуйн нэгжүүддээ бид татварын шаталсан дэмжлэг үзүүлнэ. Тэнд орон сууцны болон ипотекийн зээлийн хөнгөлөлтийг олгоно. Нэг үгээр хэлбэл, төвлөрлийг сааруулах үндэсний нэгдсэн тогтолцоог гаргаж ирнэ. 

 

Богд хаан төмөр зам удахгүй эхэлнэ. Богд уулын урдуур одоо тээвэр логистикийн төв бий болно гэсэн үг. Шинэ нисэх онгоцны буудлыг цогцоор нь хөгжүүлнэ. Эдийн засгийн чөлөөт бүсийг Хөшигийн хөндийд хийнэ. Нүхэн гарцуудаа хийнэ, Улаанбаатар хотыг тойрсон хурдны замтай болно. Нийслэлд эдийн засгаа өөрчлөх эрх мэдлийг өгнө. ТЭЦ-II, III станцаа шинээр өргөтгөхөөс өөр гарцгүй. Гуравдугаарт, авлигын индексийг бууруулна. Одоо цахим монгол хөтөлбөр хийгдэнэ. Бид E-Mongolia системд 512 үйлчилгээг одоогийн байдлаар нэгтгэж чадсан. Удахгүй E-Mongolia цонхонд төрийн үйлчилгээнүүдийг хиймэл оюун ухаантай холбож нэгтгэх ажил эхлүүлж байгаа. 

 

 

Э.Долгион