Элэгний С вирус Монголын хүн амын 15 хувийг эзэлдэг архаг халдварт өвчний нэг юм. С вирусийг олон жилийн турш интерфероны аргаар эмчилдэг байснаа өөрчилж орчин үед эмчилгээний энэ аргыг илүү сайжруулан пег-интерферон + Рибавирин эмчилгээг хийдэг болсон бөгөөд одоо ч гэсэн Монголд С вирусийг энэ аргаар эмчилдэг.
Сүүлийн үед өндөр хөгжилтэй орнуудад элэгний С вируст гурвалсан эмийн эмчилгээг хэрэглэдэг болоод байгаа. Үүний үр дүнд С вирусийг 80 хувиар устгаж байгаа нь сайн хэрэг ч сөрөг үр дагавар нэлээдгүй гардаг нь гаж нөлөө юм хэмээн ЭМ-ийн дэд сайд ярилцлагандаа дурьдаж  байсан. Мөн тэрээр хэдхэн сарын өмнө  АНУ элэгний С вирус устгадаг шинэ эмийг эмчилгээнд ашиглаж эхэлсэнтэй холбогдуулан тус эмийн эмчилгээг Монголд нэвтрүүлэхээр судалж байгаагаа олонд мэдэгдэж байсан билээ.
 
Тэгвэл Ж.Амарсанаа саяхан АНУ-ыг зорин ард түмэнд тустай энэхүү чухал ажлаа бүтээгээд иржээ. Тэрбээр элэгний С вирусийн эмийг монголдоо хямд үнээр худалдан авч хэрэглэх тухай ярилцаж тохиролцоод ирсэн байна.
 
АНУ-д “Sofosbuvir” гэдэг эм нь нэлээд өндөр өртөгтэй бөгөөд эмийн зургаан сарын курс эмчилгээний өртөг 84 мянган ам.доллар байхаар зах зээлд нийлүүлэгдэх юм байна. Манай улсын иргэдийн хувьд энэ эмийн өртөг харьцангуй өндөр тул Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа  “Gilead” эмийн компанийг зориуд зорьж очсон нь энэ аж.
 
Улмаар Монголд С вирусийн өвчлөл өндөр байдаг талаар “Gilеad” компанийнханд танилцуулж, хямд үнэ өртгөөр нийлүүлэх боломжийг судалж үзэхийг хүссэн байна. Түүний үр дүнд манай улсад С вирусийг устгах курс эмчилгээний зардлыг 1800 ам.доллараар тооцохоор ярилцаж тохирчээ. Энэ нь тэндэхийн үнэ ханшаас 44 дахин бага өртөг аж.
 
“Одоо энэ эмийг Монгол Улсад хэрэглэх эмийн жагсаалтад бүртгэж баталгаажуулах ёстой. Үүнийг түргэвчилсэн байдлаар хоёр сарын дотор амжуулж болох байх гэж найдаж байна. Мөн хагалгаа, мэс ажилбарт ашигладаг багаж хэрэгсэл улам боловсронгуй болж байна. Дээр нь дэлхийн стандартад нийцсэн, хамгийн сүүлийн үеийн технологиор хийсэн эмтэй болчихлоо. Энэ бүхнээс үзэхэд 10 жилийн дараа манай улсад С вирус гэгч өвчин “домог” болно гэдэгт итгэлтэй байна” гэж Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа хэлж байсан юм.
 
Т.Далай