Сарын цалингаас эхлээд 50 сая хүртэлх төгрөгөө ХААН банкны данснаасаа алдсан иргэд өнөөдөр банкны төв салбар дээр цуглан удирдлагуудтай уулзлаа.

Хохирогч Сарангэрэл: Би 2020 оны 10 сарын 9-нд одоогоос жилийн өмнө өөрийн данснаасаа 7 сая төгрөг алдсан. 7 сая төгрөг Оросхүү гэдэг хүний данс руу шилжиж орсон байдаг юм. Миний утсанд таны интернэт банк руу хоёр удаа оролдлого хийгдлээ гэхээр нь оператор руу нь залгаад хэлтэл оператор нь та дансаа хаалгах уу яах уу гэдэг хариу өгсөн. Надад тийм хариулт өгсөн учраас хүн эргэлздэг юм байна лээ. 

Би үнэхээр цахимаар тог усныхаа мөнгийг шилжүүлчихье гээд интернэт банк нээлгээд ашигладаггүй байсан.  Миний интернэт банк ашиглагддаг, ашиглагддаггүйг банкны ажилтан л мэднэ. Гудамжны хулгайч мэдэх боломжгүй. Тийм учраас үнэхээр гомдолтой байна. 

Хаан банкны ажилтан Ц.Оюунцэцэг:

Мөнгө залилж байгаа, цахим гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүд харилцагчийн интернэт банкны и-мэйл хаягаар нь интернэт банк руу нэвтрээд нууц үгийг нь сэргээж аваад мөнгө шилжүүлэх үйлдлүүд гарсан байна. Хаан банкны зүгээс хуульч ажиллуулаад цахим залиланд өртөөд мөнгөө алдсан хүмүүст хуулийн зөвөлгөө өгөөд материалуудыг нь цуглуулаад, хуулийн байгууллагатай хамтран ажиллах тал дээр бид тусламж дэмжлэг үзүүлье гэж шийдлээ. Шийдэж болохгүй асуудал биш байгаа" гэв.