Орон нутгийн замаар зорчих нийтийн тээврийн автобусуудад байршил тогтоох төхөөрөмж суурилуулжээ
2014/05/18
Автотээврийн үндэсний төв өчигдөр Чингисийн талбайд нээлттэй хаалганы өдөр зарлаж, иргэдэд үйл ажиллагаагаа сурталчиллаа. Эднийх орчин үеийн мэдээллийн технологийн ололтуудыг нэвтрүүлэн ажиллаж байгаагаа танилцуулсан юм. Хот хооронд явдаг нийтийн тээврийн автобусуудад GPRS системийг суурилуулжээ. Ингэснээр орон нутагт явж байгаа автобусуудыг аль зам дээр, ямар хурдтай явж байгааг хотоос бүрэн хянадаг болж байгаа юм байна. Энэ талаар “Автотээврийн үндэсний төв”-ийн захирал, Монгол улсын зөвлөх инженер Т.Болдбаатараас тодрууллаа.
-Улс, хот хооронд зорчих нийтийн тээврийн автобусууд бүрэн хяналттай болсон гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Автотээврийн үндэсний төв нь хот хоорондын зорчигч тээвэрлэлтийн хөдөлгөөнийг улсын хэмжээнд хянах “Тээврийн удирдлага, хяналтын төв” гэдэг газрыг байгуулан ажиллаж байна. Энэ төв нь тээврийн хэрэгслийн хяналтын нэгдсэн системийг ашиглан улс, хот хоорондын зорчигч тээвэрлэлт гүйцэтгэж байгаа тээврийн хэрэгсэл болох автобусуудын байршлыг тогтоон хяналт тавиж, ямар нэг эсрдэл гарвал мэдээллийг шуурхай дамжуулах үүрэгтэй ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, GSM/GPRS систем болон сансарын холбоогоор /Inmarsat/ дамжуулж мэдээллийг төв серверт хадгалах ба компьютер болон ухаалаг гар утас ашиглан тээврийн хэрэгслүүдээ хянах боломжтой, дэвшилтэд технологид суурилсан цогц систем юм.
-Нийтийн тээврийн автобуст GPRS систем суурилуулснаар ямар ач холбогдол, давуу тал бий болж байна вэ?
-Энэхүү систем нь тухайн орон нутагт зорчиж байгаа тээврийн хэрэгслийн байршил, хурд, хөдөлгүүрийн төлөв, зорчиж буй хөдөлгөөний чиглэл, ослын дохио, жолоочийн тухай гээд бүх мэдээллийг нарийвчлан авч, хянаж байна гэсэн үг. Дээр нь жолоочтой шууд холбогдож, текст мэдээлэл солилцох, тээврийн хэрэгслийн дотор гадна талыг камераар харах, зорчигчдыг тоолох, шатахуун зарцуулалт, ачааны жин болон дугуйн хийн даралт, температурыг хүртэл хянаж байна. Ийм хяналттай болоод ирэхээр орон нутгийн замд хурд хэтрүүлнэ гэсэн ойлголт байхгүй болно. Хурдтай явснаас дийлэнх осол аваар гардаг гэдэг. Өөрөөр хэлбэл, зорчигчдийн аюулгүй байдлыг хангаж байгаа юм.
-Хэдэн автобуст энэхүү төхөөрөмжийг суурилуулсан бэ?
-Хот хоорондын зорчигч тээврийн том оврийн 306 автобус, дунд оврийн 194 автобус, бага оврийн 260 автобус гээд нийтдээ 760 тээврийн хэрэгсэлд нэг бүрийн үнэ нь гурван сая гаруй төгрөгийн үнэтэй байршил тогтоох төхөөрөмжийг үнэ төлбөргүй суурилуулаад байна. Гэрээт аж ахуйн нэгж байгууллагуудад нэмэлт дарамт үүсгэхгүй байх үүднээс сансарын холбооны болон GSM/GPRS системийн мэдээлэл дамжуулалтын зардлыг Автотээврийн үндэсний төв хариуцан төлж байгаа. Нэг тээврийн хэрэгслийн мэдээлэл дамжуулалтын нэг сарын зардал 50 мянга орчим төгрөг болж байгаа.
-Зорчигчид хэр ам сайтай байна вэ?
-Иргэдээс янз бүрийн санал ирж байна. Зарим нь талархаж байхад, бас шүүмжилж байна. Автобус хэт удаан яваад байна. Ажил амжихгүй байхад автобусыг хурдтай явуулж өгөөч гэсэн санал ирж байна. Одоо стандартаар автобус 70 км хурдтай явж байгаа. Орон нутгийн гэлтгүй нийт зам тээврийн осол аваарын дийлэнх нь хурд хэтрүүлснээс болдог. Тиймээс зорчигч маань замын хөдөлгөөний дүрэмд заасан хурдны дээд хязгаарыг баримталдаг, мэргэшсэн жолоочтой автобусаар үйлчлүүлснээр таны амь нас эрүүл мэнд аюулгүй болж байгааг санах хэрэгтэй. Бид байршил тогтоох төхөөрөмж суурилуулсан улс, хот хоорондын том, дунд, бага оврийн автобуснуудын хөдөлгөөнийг 24 цагаар хянаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулан, цаг агаарын болон гэнэтийн осол, саатлын үед тээврийн хэрэгслийн байршлыг түргэн шуурхай тогтоож, шаардлагатай арга хэмжээг авахад бэлэн байх болно. Түүнчлэн ойр дотны хүмүүсийнхээ зорчиж буй тээврийн хэрэгслийг хаана яваа, хэдэн цагт зорьсон газартаа хүрэхийг манай хэлтсийн лавлах утсаар холбогдож асууж болох ба лавлах утас 24 цагаар нээлттэй үйлчилж байгааг хэлэхэд таатай байна.